УИХ-ын гишүүний ажлын тайлан гэж нэг бол галзуу хүний өдрийн тэмдэглэл эсвэл хошин шогийн жүжиг юм байдаг. Үүний хамгийн алдартай жишээ нь Дундговоос сонгогдож байсан “Мон-Уран”-ы гэх Б.Наранхүү гишүүний тайлан юм. Тэрээр “би УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа мал сүргээ ихээр өсгөлөө. Олон хурдан буянаа улс бүсийн наадамд айрагдуулж түрүүллээ. Хоёр сайхан бөх улсын цол авлаа. Нийт 13 гавьяат, хоёр ардын жүжигчин, нэг хөдөлмөрийн баатар төрүүллээ” хэмээн тайлагнаад улс даяар онигоонд орсон. Тэгвэл Баянхонгороос сонгогдсон гишүүн А.Адьяасүрэнгийн тайлангийн хамгийн тэргүүнд бичигдэх ажил нь Монголын эрэгтэйчүүдийн чуулга уулзалт байх нь лавтай. Учир нь гишүүн хатагтай тухайн үеийн Ерөнхийлөгч дээр орж байж хийхээр болж улмаар хийсэн энэ ажлаараа маш их бахархдагаа сэтгэл догдлон ярьж байсан. Өдгөө гишүүний “бахархалт” ажил нь бас нэгээр нэмэгдэх болсон нь УИХ-ын дарга Г.Занданшатарыг ҮХЦ-д өгсөн. Үнэндээ А.Адьяасүрэн гишүүн биш АН-ын бүлэг өгсөн. Гэхдээ өргөдлийг гишүүн хатагтай аваачиж тул ажлын тайланд нь өөрийх нь нэрээр орох биз. ҮХЦ-д хуулийн нарийн гаргалгаатай, эрх зүйн үндэслэлтэй, чамбай өргөдөл бичнэ гэдэг нь жирийн хуульчид ч ахдах бэрх ажил. Зөвхөн үүгээр дүгнэхэд л гишүүн хатагтайг УИХ-ын даргыг ҮХЦ-д өгсөн гэдэгт олон хүний инээд нь хүрч байна. Хэдий өөрөө бичээгүй ч аваачиж өгсөн нь үнэн тул зохиол ёсоор түүний “эр зориг”-ийг магтаж эхэлжээ. Тэрээр Монголын эрэгтэйчүүдийн чуулга уулзалтыг хийж чадсанаараа өөрийгөө ихэд үнэлдэг. Тэгвэл УИХ-ын даргыг ҮХЦ-д өгсөнөөр нь “хиамчид” нь өндрөөр үнэлж сууна.
