
Н.Золжаргалын эрх мэдлээ хэтрүүлсэн, бусдад давуу байдал олгосон гэх хэрэгт нэмээд Монголбанкны ажилтнуудад хууль бус тусламж дэмжлэг үзүүлсэн хэргүүд нэмэгджээ. Экс ерөнхийлөгч 2016 оны 4 дүгээр сарын эхээр Н/21дугаартай тушаал гаргасан байдаг. Уг тушаалаар “Монгол банк болон Улаанбаатар хотын банкны хооронд 2016 оны 01 дүгээр сарын29-ний өдөр байгуулсан 0316/44 дүгээр “Дотоод актив чанаргүйтэх эрсдэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд олгох зээлийн гэрээ”-ээр үүссэн 225 тэрбум төгрөгийн авлагын 100 тэрбумыг Улаанбаатар хотын банкны эзэмшлийн хөрвөх үнэт цаасыг нэрлэсэн үнээр нь худалдан авч барагдуулах гэрээ байгуулахыг даалгасугай” гэж Мөнгөний бодлогийн газартаа үүрэг болгосон. Уг тушаалын дагуу Монгол банкнаас Улаанбаатар хотын банканд жилийн 14 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай 100 тэрбумын зээлийг олгосон. Улмаар эрх мэдлээ урвуулан алдарт “Кью Эс Си” команиас гаргасан таван жилийн хугацаатай, жилийн хүү нь 21-7 хувь хүртэл буурах нөхцөлтэй “Өрийн бичиг шилжүүлэх тухай гэрээ”-г батласан гэж буруутгагдсан. Ингэхдээ тус компанийн ердөө 18 тэрбум төгрөгийн үнэ хүрэх техник хэрэгслийн барьцаалан тус өрийн бичгийг Монголбанкинд шилжүүлэн авсан. Ингэснээр Н.Золжаргал нь өөрийн танил, урьд хамт нэг байгууллагад буюу Худалдаа хөгжлийн банканд хамт ажиллаж байсан, Улаанбаатар банкны 99,9 хувийг эзэмшигч “сахал” Д.Эрдэнэбилэгийн 100 хувь хувьцааг нь эзэмшдэг өнөөх “Кью Эс Си”-д 100 тэбум төгрөгийн ашиг олох боломж олгосон нь эдийн засгийн давуу байдал бий болгосон гэж тогтоогджээ. Тэгвэл үүн дээр 2015 онд шуугиан тарьж байсан Монголбанкны ажилтнуудад олгосон 819 сая төгрөгийн “орон сууцны нөхцөл сайжруулахад зориулан буцалтгүй тусламж”-ын хэрэг нэмэгджээ. Бүр тодорхой нэгэн ажилтны нэр яригдаж байгаа нь тухайн үеийн тамгын газрын дарга асан Д.Чимид-Юндэн аж. Түүнд 130 сая төгрөгийн тусламж өгсөн хэрэг тусад нь нээж мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа гэнэ.