
“Стэмфорд”-ыг оруулж ирсэн хүн нь Монголд төрсөн гэх Казакстаны иргэн Б.Каутбек юм. Түүнд Елена Чумакова гэдэг орос танил нь Ирланд улсад бүртгэлтэй, олон улсад биржийн арилжаа буюу форексийн зах зээлд валютын арилжааг автомат програмаар хийдэг гэх “Stamford Trading Technologies” компанийн тухай ярьж нүдийг нь “нээж” өгчээ. Казак эр компанийн сайт руу орж 200 доллар төлж бүртгүүлжээ. Монголд ганц найз байсан нь Н.Бат-Эрдэнэ агаад тэр ч “Стэмфорд”-д бүртгүүлсэн анхны монгол болж салхи хагалжээ. Эхлээд 100 доллар төлж бүртгүүлэв. Долоо хоногт таван хувийг хүү өгдөг “агрессив” хөтөлбөр нь илүү ашигтай санагдсан тул мянган доллар оруулж ашгаа авсаар итгэл төржээ. Дээр нь казак найз нь найдвартай, айлтгүй мөнгөө оруул гэж “ташуурдсан” байна. Б.Каутбек “Стэмфорд”-ыг Монголд оруулах хэрэгтэй гэсний дагуу Бат-Эрдэнэ ажиллаж эхэлсэн. Хэрэг илэрх үед Улаанбаатард нийтдээ дөрвөн салбар байснаас Баянгол дүүргийн “Рокмон Бюлдинг”-ын 203 тоотод байрладаг нь хамгийн том нь байсан. Энэ салбарыг Н.Бат-Эрдэнэ удирдаж Наранцацрал, Хашбат нар сарын 150 долларын цалинтайгаар офис менежерээр ажилд орсон. Мөн Бүүвэйбаатар, Азбилэг нар ажиллаж байжээ. Тэд “Стэмфорд”-ын танилцуулга, мэдээллийг монгол хэл дээр орчуулж видео хичээл болгон сайтад тавьсан. Мөн гэрээг орчуулах зэргээр нэлээд ажил хийжээ. Б.Каутбекийн зааврын дагуу Н.Бат-Эрдэнэ сургалт зохион байгуулжээ. Сургалтыг удирдахаар “Stamford Trading Technologies” компанийн эрсдэл хариуцсан “менежер” Роман Шмилнов, Елена Чумакова нар иржээ. Гэсэн ч эхний сургалтанд 20 гаруй, удаахад нь ердөө 10-хан хүн иржээ. Ингээд олон хүн татаж “хөрөнгөө оруулалтаа” нөхөхөөр наймтад суурилсан пирамид маягийн сүлжээ босгож эхэлжээ. Хөрөнгө оруулалт 100 доллароос эхэлж мөнгөө оруулсан хүнд ID карт нээж өгдөг, уг картад ашиг нь долоо хоног бүрд ордог. Нэг хүн доороо найман эгнээ сүлжээ үүсгэх бөгөөд өөрийнхөө хувийг наймдах эгнээний хүмүүсийн өгсөн мөнгөнөөс авдаг. Салбарын захирал Н.Бат-Эрдэнийн нэгдүгээр эгнээнд л гэхэд 60 хүн байсан агаад түүний найман эгнээ 2050 хүнтэй байсан гэнэ. Энэ амжилтаараа тодорч Б.Каутбек ээлжит ирэлтээрээ “Гранд” зочид буудалд зохион байгуулсан сургалтын үеэр Н.Бат-Эрдэнийг Монголоос тодорсон “Stamford Trading Technologies” компанийн анхны маркетингийн менежер цолоор шагнаж өргөмжлөл хүртээжээ. Өргөмжлөлийг ханандаа өлгөж шинэ хүмүүсд давхар 25 мянган доллароор шагнуулсан хэмээн гайхуулжээ. Эхэлж мөнгөө өгсөн хүмүүсийн ашгийг найдвартай өгсөн, наймтын систем хэрэгжсэн, 1-р эгнээний мөнгөө өгсөн 100 хүнийг Туркд аялуулсан, сурталчилгаа сайн хийсэн зэргээс үүдэн гишүүдийн тоо эрс өсжээ. Ялангуяа 2018 оны 3-р сард компанийн сайтаар Монгол дахь салбар нээгдсэний нэг жилийн ойд зориулсан 20 хувийн урамшуулал зарласны дараа бүр ч нэмэгдсэн. Гэсэн ч сарын дараа үйл ажиллагаа “доголдож” эхэлжээ. 5-р гарахад нэг ч төгрөгний ашиг аваагүй гишүүд болон түнш гэх иргэд залилангийн хэргээр цагдаад гомдол гаргасан. Тухайн үед Монголд ирээд байж таарсан Каутбекийг Сүхбаатар дүүргийн цагдаа саатуулж бүх бичиг баримт, ноутбүүк зэргийг хураан авч гэрчээр байцаагаад явуулжээ. Удалгүй казак эр нутаг нэгт “ЖиТайм”-ын Мурат шиг хил гарч зугтсанаар “Стэмфорд” компанийн монгол удирдлагууд “шаварт унасан шарын эзэд” гэгч болжээ. Н.Бат-Эрдэнээс эхлээд бүгд л Б.Каутбекийн удирдлагаар хүмүүсийн мөнгийг авч мөн бэлнээр болон шилжүүлгээр казак даргадаа өгч байсан гэж мэдүүлдэг. Казак эрийг “Блюй Скай” зочид буудалд байхад бэлнээр 100 мянган доллар аваачиж өгч байжээ. Бишрэлт зочид буудалд бүр 430 мянган доллар өгсөн гэнэ. Мөн өөрсдөө хүртэл мөнгөө алдаж залилуулсан гэж мэдүүлдэг. Гэхдээ монгол удирдлагуудыг хоорондоо “өмнөх Gtime-ийн шархаа нөхнө. Одоогийн байдлаар бид ийм хэмжээний ашиг олж байна” гэж сайрхаж байсныг нь хохирогчид мэдүүлснээр хэрэг өөрөөр эргэсэн. Ихэд баяжсан хүмүүс ч байгаа гэнэ. Майхан толгойд хоёр давхар хаустай болсон хүн гарчээ. Бас нэг нь сэтгэл мэдрэлийн өвчтэй болоод хэргээс мултраад үлдсэн гэнэ. “Стэмфорд”-д 150 мянган долларын хөрөнгө “оруулсэн” салбарын захирал Н.Бат-Эрдэнэд 49 хохирогчтой, 1,2 тэрбум төгрөгийн хохиролтой хэрэгт нь 10 жилийн хорих ял оноосон. Нэг салбарт ажилладаг нийт найман шүүгдэгч 2,3 тэрбум төгрөгийг бусдаас залилсан аж. Хялбар аргаар ашиг хүртэх гэсэн иргэд ч мөнгө, байраа алдаж өр зээлэнд орж эрүүл мэндээ муутган хохирчээ.