alim.mn | 2024.12.23
"Эрдэнэт үйлдвэр”-ийг дахиад 240 сая ам.долларын барьцаанд тавих уу?

Саяхан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, орлогч захирал Д.Үүрийнтуяатайгаа зочид буудалд байрлах зардал гэхэд 40-50 сая төгрөг зарцуулан Арабын нэгдсэн Эмират улсад очоод ирсэн. Цар тахалтай, дэлхий нийтээр хөл хорионд орсон үед Монголын “саалийн үнээ” Эрдэнэ үйлдвэрийн хоёр “бүдүүн” дарга гэнэт баян Арабын улс руу мордсон нь гайхал төрүүлсэн.  

Уг гэнэтийн айлчлалын зорилго нь одооноос өдөр тодорхой болж байх шиг... Тэр хоёрыг Дубай явж ирэхтэй зэрэгцэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн дансанд 240,000,000 ам.доллар орлого болон орж ирсэн гэсэн хардлага гарч байна. Энэ их хэмжээний мөнгө Монгол Улсад, тэр тусмаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн дансанд орж ирсэн гэсэн яриа олны анхаарлаас гадуур өнгөрөх учиргүй. Монгол Улсад ийм их хэмжээний мөнгөн дүнтэй орлогын гүйлгээ орсон нь ховор, “Улаан ном”-д орохуйц явдал.

Учир нь Монгол Улс нь анх Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээг зурсанаар анх энэ хэмжээний мөнгийг Монгол Улсын Сангийн яамны дансанд авч байсан түүхэн үйл явдал 8 жилийн өмнө болсон.

Мөн БНХАУ-ын “Шинхуа” компаниас “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсний төлбөр болгож 250 сая ам.долларыг урьдчилан авч байсан байдаг. Харин гурав дахь тохиолдол нь “Эрдэнэт үйлдвэр”-т болох нь.

Хачирхалтай нь уг төлбөр нь зэсийн хүдэр урьдчилан зараагүй, 100 хувь арилжааны зээлийн хэлбэртэй байгаа аж. Одоогоос 10 шахам жилийн өмнө “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж, Африкийн "Стандарт" банкнаас 110 сая ам.долларын зээл авсан хэрэг мандсан. Энэ хэргийг үйлдсэн “Жаст”-ын Батхүүгийн хэргийг одоо ч шийдээгүй, 7-8 жил шүүх хурал нь сунжирч байгаа. Энэ асуудал цэгцэрч дуусаагүй байхад ахиад “саалийн үнээ”-гээ арабын ертөнцөд барьцаалаад 240 сая ам.долларын зээл авчихсан юм биш байгаа гэсэн айдас хүйдэс, хардлага болгоомжлол гарч байна. 

Энэ талаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас тодруулахад, "Эрдэнэт үйлдвэр" зэсийн баяжмал экспортолдог трейдер компаниудаараа дамжуулан гадаадаас бага хүүтэй хөгжлийн зээл авах хүсэлт ТӨБЗГ-т тавьж, холбогдох зөвшөөрлөө авсан.  Зээлийн мөнгө шууд “Эрдэнэт үйлдвэр”-ийн дансанд орж ирэхгүй. Хэрэгцээтэй үедээ татах байдлаар зээлийн гэрээ хийгдэх процесс үргэлжилж байна. Зээлийн хэлбэр нь, трейдер компаниар дамжуулан зэсийн баяжмалын экспортоо гэрээ хийсэн өдрийн ханшаар урьдчилан арилжих байдлаар явагдах юм” гэсэн тайлбарыг өгсөн байна.

240,000,000 ам.доллар гэдэг нь өнөөдрийн Хаан банкны ам.долларын ханшаар нийт 682,800,000,000 (Зургаан зуун наян хоёр тэрбум найман зуун сая) төгрөг юм.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ