Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Салбарын түвшинд тэмдэглэн өнгөрүүлэх, онцгой чухал түүхт ойн хүрээнд саяхан УУХҮЯ-наас “Геологи, уул уурхайн салбарыг эрчимжүүлэх нь” чуулганыг зохион байгуулав. Ирээдүйд бий болох томоохон ордуудыг илрүүлэхийн тулд одооноос геологи, хайгуулын ажилдаа ихээхэн ач холбогдол өгч ажиллах хэрэгтэй байгааг салбарынхан ярьж байлаа. Тэгвэл 100 жилийн настай Монголын уул уурхайн хөгжил, томоохон ордуудыг нээн хөгжүүлэхэд үе үеийн геологичдын хөдөлмөр, зүтгэл нөр их байж ирсэн нь тодорхой. Дан ганц уул уурхай гэлтгүй, геологичдын хөдөлмөрөө ч бас онцлон дурдах нь зүй юм. Учир иймээс Монголын анхны геологичдыг нэг, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн багш, доктор, профессор Ж.Лхамсүрэн гуайг “Эрдэмтэн” буландаа урьж ярилцлаа. “Би бүхий л амьдралынхаа туршид эрдэм шинжилгээний ажил хийж яваа хүн дээ” хэмээн Ж.Лхамсүрэн гуай даруухнаар инээмсэглэн угтсан юм. Тэрээр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 105 жилийн ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол Улсын Ардын багш” цол хүртсэн билээ.
-Та бол хойд хөршид бэлтгэгдсэн Монголын анхны геологичдын нэг. Геологич болох нь таны хүүхэд насны мөрөөдөл байв уу?
-1950-иад оны үед гаднын эрдэмтэд Монголд геологи, хайгуулын ажил хийх хэрэгтэй гэж ярьдаг байж. Бага газар нутагтай хэрнээ баялаг ихтэй нь тэдний анхаарлыг татдаг байсан юм. Говь нутагт аравдугаар ангиа онц төгссөн бидний хэдэн хүүхдийг хотод авчирч хэсэгхэн байлгаж байгаад Орос руу явуулсан. Одоогийн хүүхдүүд шиг ийм тийм мэргэжил сонгоно гэдгийг тэр үед мэддэггүй байлаа. Бичгийн их хүн Бямбын Ренчиний хүү Барсболд бид хоёр хамгийн анх геологиор сурсан. Москвад орос хувцас хийлгэж өмсөөд хичээлдээ орсон түүхтэй. Ингэж би 1953-1959 онд Москвагийн Геологи, хайгуулын институтэд сурч геологич, уулын инженер мэргэжил эзэмшсэн. Маш сайн сургууль байлаа. Оросын суут эрдэмтэн М.В.Ломоносовын үеэс үндэс суурь тавигдсан, тун нарийн уламжлал соёлтой.
-Оюутан байхаасаа Монголд болорын уурхайд ажиллаж байсныг таны намтраас мэднэ. Энэ нь танд дадлага туршлага болсон байх, тийм үү?
-Тэрэлжийн наахна, Горхийн болорын хайгуулын ангид дадлага хийж байлаа. 1961 онд Горхийн уурхайгаас магнаг чулуун судлаас 7.5 тонн жинтэй том болорын талст олоод их баярлаж билээ. Дайны үед болор онцгой чухал түүхий эд болж байсан учраас оросууд их сонирхдог байж л дээ. Үнэхээр хүмүүсч стратегийн ач холбогдолтой. Далай, тэнгисийн усан доорхоос сансар огторгуйд хэрэглэж байгаа техник, технологиудад болорыг ашиглаж байна. Анхны телефон утсанд ч болор байсан гэгддэг.
-Дунд сургуульд байхдаа Ч.Лодойдамбын “Алтайд” романыг уншаад геологич мэргэжлийг сонгосон залуус 1960-аад онд цөөнгүй байсан гэж таны ярьж байсныг санах юм?
-1960 онд МУИС-д геологичдыг бэлтгэх сургууль байгуулах Засгийн шийдвэр гарснаар тулгын чулууг нь тавилцах хувь тохиол надад ирсэн. Сургууль байгуулна гэдэг амаргүй, их ажил. Өдөр шөнөгүй ажиллана. Оюутнуудад үзүүлэх ганц материалгүй эхэлж байлаа. Гэр орноо бараг мартсан улс байж. Ингээд сургууль байгуулсан эхний жилээ геологийн мэргэж-лээр 13 хүн элсүүлж, гурван жилийн дараа төгсгөсөн. Тэр үед геологиор суралцсан олон хүн нэр хүндтэй болжээ.-Таныг 60 шахам жил багшлах хугацаанд 3000 гаруй геологич төгссөн гэж сонссон. Геологийн бүхэл бүтэн арми бэлтгэгдсэн байна шүү дээ?-Тооны олондоо биш байна. Өнөөдрийн өндөрлөгөөс хара-хад, манай улс Геологийн яамыг тарааснаас хойш салбартаа маш том ухралт хийлээ. Геологийн мэргэжил гэдэг хэдэн ном заагаад эзэмшдэг мэргэжил биш. Үндсийг нь сургуулиасаа олж аваад геологичид чухал ажилтай хүмүүс. Эх орныхоо газар шорооноос юм олж барьж үзэж байж л геологич мэргэжлээрээ илүү сайн суралцана. Нэг ёсондоо очиж судалсан тэр газар нутаг болгон геологичийг өдөр тутамд сургаад өгчихөж байгаа юм. Дараа нь бол мэргэжил дээшлүүлэх ажлаа хийгээд явж болно. Эхнээсээ аваад эцсийг хүртэл хийгддэг эрдэм шинжилгээний ажил бол геологичийнх. Ийм ажил хийж яваа мэргэжилтнүүдээ Монгол улс огтхон ч ашиглаж чадахгүй байна. Харамсалтай байна. Өөрсдийгөө сурталчлаад явах санаа геологичдод байхгүй. Нэг зураглал хийсэн ч дахиад тэр газраа очих гэж бодоод бодоод амждаггүй тийм л завгүй хүмүүс. Цаашдаа геологичдынхоо бүх хүчийг нэгтгэж байж л үр дүнд хүрнэ. Монголын геологиуд гаднын орнуудын 200 жил явж ирсэн түүхээр хоёр гурван жил яваад л гүйцээд авах боломж харагдаж байна. Амьдралынхаа 60 жилийг үндэсний геологичдыг бэлтгэх үйлсэд зориуллаа. Энэ хугацаанд эрдэмтэн багш нарын хамт геологийн судалгаа явуулах лаборатори, кабинет тохижуулах, хээрийн дадлага хийх суурин байгуулах ажилд гар бие оролцож ирлээ. Одоо би сүүлийн үед хичээл заахаа больж, албан өрөөндөө эрдмийн ажлаа хийж байна. Эрдэс баялгийн музейгээ бас хариуцаж байна.
-Та эрдсийг судлаад 60 гаруй жил болжээ. Энэ хугацаанд мэргэжлийн, эрдмийн гэж тодотгох хэчнээн бүтээлүүдийг хэвлэсэн бэ?
-Гадаад, дотоодод мэргэжлийн ажлаараа хоёр зуу гаруй бүтээл хэвлүүлсэн.Хорь гаруй ном бий. Геологичидтойгоо хамтраад гадаадад “Mineral Resources of Mongolia” гэдэг томоохон бүтээл туурвилаа. Манай хүмүүс үүнийг овоо үнэлж байна. Мөн дотооддоо бол “Хайлуур жонш-ордын эрэл хайгуул” номыг Г.Ухнаа, Д.Энхбаатар нартайгаа хамтарч гаргасан.-Таны голлох судалгаа юунд чиглэж ирэв?-Энгийн бөгөөд хэнд ч ойлгомжтой зүйлийн талаар товчхон ярья. Геологийн шинжлэх ухаанд “генетик минерлоги” гэдэг чиглэл шинээр цухалзаж гарч ирж байна. Энэ бол бүх юмны үндэс бөгөөд геологийн бүх төрлийн судалгаагаар үүнийг үнэн, зөв болгож чадна. Ломоносовын нэрэмжит Геологи, хайгуулын институтийн эрдэмтэн багш маань үүний үндэс суурийг тавьсан хүмүүсийн нэг. Нөгөө нь Ленинградын их сургуулийн минерлогийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан. Генетик-минерлоги дотроо олон чиглэлтэй. Энэ чиглэлээр дэлхийд нэгтгэгдэж гарсан сурах бичиг байхгүй. Эрдэс өөрөө сэтгэдэггүйгээр ялгаатай болохоос биш генетик шинжтэй.Миний 60 гаруй жилийн судалгаа үндсэндээ генетик минерлоги чиглэлээр хийгдсэн. Физик, химийн шинжлэх ухааны салбарт хоёр зуу гаруй жилийн туршид хийсэн ололт амжилтуудыг геологийн салбарт механик аргаар тулгаж хэрэглэж иржээ. Геологийн процесс нь жинхэнэдээ гүний эрдэс чулуулгийн тектоник хөдөлгөөн, түүн дотор явагдаж байгаа физик, химийн үзэгдлүүдийг цөмийн физик, квант химийн түвшинд авч үзвэл тун сонирхолтой. Үүний гол чиглэлийг би Монголд нэвтрүүлээд лаборатори байгуулан нэлээд хэдэн жил ажиллаж байна. Гэхдээ яг энүүгээрээ шавь бэлтгэж амжаагүй л явна. Миний дэргэд хүмүүсбарим тавим тогтоох, наад захын бөгөөд энгийн аргатай туршилтын лабораторийг сургууль дээрээ байгуулсан. Ерөнхийдөө миний судалгаанд сансарт ургасан эрдэс, солир, бөөр давсаг, цөсний чулуу, болор, биндеръяа, хайлуур жонш гээд олон төрөлд чиглэгдсэн.
-Ирээдүйд Монголд Оюутолгой, Тавантолгой шиг том ордууд нээгдэнэ гэдэгт Та итгэлтэй байдаг уу?
-Итгэлтэй байна. Хамгийн гол нь, геологичдын армиа нэгтгээд, жанжин штабтай болгож, тэндээ эрдэмтэнцалин мөнгөгүй суугаад микроскоп шагайгаад суух хүн алга. Эрдмийн сургуульд тийм орон тоо байхгүй бололтой. Энэ талаасаа ихээхэн хоцрогдолтой. Эрдсүүд амьд биеттэй адил төрдөг. Үр хөврөл нь бий болж, өсч томроогүй тийм эрдэс дэлхийд байхгүй. Үүнийг судлаачид нь судалгаагаа хийдэг байх нь чухал байна. Гол санаа зовж байгаа зүйл бол дээр цухас дурдсан мэргэжлийн, үндэсний геологичдоо бэлтгэх асуудал бүрхэг болсоор байна. Геологийн чиглэлээр ирж суралцдаг хүмүүс ч цөөрөх боллоо. Академид хэдхэн хүн эрдэм шинжилгээний ажил хийдэг. Өнөөдөр ашигт малтмалын 6000 гаруй орд, илрэл байна гэж гайхуулаад яриад байх биш дараа, дараагийн том ордуудаа нээхийн тулд бүх нутагт геологи, хайгуулын ажлыг эрчимтэй явуулах ёстой. Ойрын тав, арван жилд ашиглах орд газруудаа тодорхой болгох ёстой. Бусад ордоо орчин цагийн аргаар нарийвчлан судлах шаардлагатай. Хайлуур жоншны нөөц гэхэд үндсэндээ шавхагдаж байна. Гэтэл Хөвсгөлийн фосфоритыг ашиг-лалаа гэхэд тэндхийн таван төр-лийн бүтээгдэхүүний нэгнийх нь хаягдал фтортой нэгдлээс өнөөдрийг хүртэл ашиглаж ирсэн хайлуур жоншны бүх ордоос ч илүү нөөцийг шууд гаргаж авч болно. Энэ мэтчилэн нарийвчилсан судалгаа хийж болно. Өнөөдөр ашигт малтмал гэдэг ойлголт өөр болж байна. Нанотехнологийг хөгжүүлээд явах боломж бий.
-Геологи, эрдэс баялгийн музей өнөөдөр ямар байдалтай байна вэ? Байр савны хүрэлцээ хангалттай юу?
-Геологийн анхны сургалтыг явуулж эхлэхэд музейд нэг ч эрдэс чулуу байгаагүй. Анх Горхийн уурхайгаас олж илрүүлсэн эрдэс чулуулгаа үзүүлж харуулж байж тайлангаа хамгаалдаг байсан.Тэр үед хайрцаг саванд хадгалсан эрдсүүд маань хожим хичээл сургалтад хэрэг болж билээ. Улмаар Монгол нутгаараа экспедиц явуулж, хажуугаар нь өөрсдөө цуглуулсан эрдэс чулуугаар музейгээ баяжуулсан. Манай геологичид бүгд гар бие оролцсон доо. Үзмэр маань олон янз. Одоо байр савандаа багтахгүй хүндрэлтэй л байна. Нийт 5000 гаруй эрдэс чулуулгаас 2000 гаруйг нь үзмэрт байршуулсан.
Цаг гарган ярилцсан Танд баярлалаа
Эх сурвалж: miningnews.mn