alim.mn | 2024.10.19
Николь Штотт : Оросын уран гулгагчид мөсөн дээр урлагийг биш циркийг л харуулдаг

Германы 23 настай уран гулгагч бүсгүй Николь Шотт (Nicole Schott) одоогийн уран гулгалтын спортын хөгжлийн хандлагын талар өөрийн гэсэн үзэл бодолтой явна. Сүүлийн үед эмэгтэйчүүдийн уран гулгалтанд улам бүр залуу тамирчид хамгийн хэцүү үзүүлбэрийг үзүүлэх болсон. Энэ тал дээр оросууд маргаангүй тэргүүлж  байна. 15 настай Александра Трусова эрэгтэйчүүд л хийж чаддаг байсан дөрвийн эргэлтийг амжилттай гүйцэтгэсэн. Дөрвийн эргэлт нь уран гулгалтын дээд үзүүлбэрт тооцогддог. Орос охин “Skate Canada” тэмцээнд энэ үзүүлбэрийг нэг дор гурвантаа гүйцэтгээд тэргүүн байр эзэлсэн. Түүний нутаг нэгтэн, үе чацуутан Анна Шербакова мөн энэ үзүүлбэрээр Хятадад болсон “Гран при” болон “Skate America”-д түрүүлэв. 16 настай Алена Косторная гурвийн эргэлтийг нэг дор хоёр удаа гүйцэтгээд Францын “Гран-При”-д аваргалав. Ийнхүү эргэлтийн хойноос тэмүүлсээр уран гулгалт нь өөрийн үндсэн гол шинжийн нэг болох урлагийн мөн чанараа алдах аюултай тулгарчээ.  Харин герман уран гулгагч Николь Штотт бүжиглэх урлаг, өөрийгөө илэрхийлэн гарган чадвараа гол чиглэлээ болгон дасгал сургуулилалтаа хийсээр байна.  Тэрээр гурвын бүр дөрвийн эргэлт хийхийг гол зорилгоо болгодоггүй. Тэгээд ч хорь гарсан түүнд энэ нь биемахбодийн хувьд бэрхшээлтэй гэнэ. Оросын уран гулгагчид улам бүр залуу бас жижиг биетэй, хөнгөн жинтэй болж байгаа нь гайхаад байх зүйл биш аж. Хөнгөн жинтэй, бага масстай байх нь мөснөөс хурдан тасарч цуварсан эргэлт гүйцэтгэх боломжийг биемахбодод өгдөг. Нөгөөтэйгүүр уран гулгалтанд цирк маягийн ийм үзүүлбэрт улам бүр өндөр оноо өгөх хандлагатай болсон.  Энэ хандлагыг Оросын уран гулгалчидын амжилт урагш түлхсээр байгаа аж.  Оросын хэт залуу уран гулгагчид бүжгийн дэглэлт, эвсэл, алхааны хурдаараа Николь Штоттын үеийхнийг гүйцдэггүй гэнэ. Түүний дасгалжуулагч 50 настай Михаэль Хут (Michael Huth) 2012 онд өөр нэг герман уран гулгагч Каролина Костнер (Carolina Kostner)-ийг дэлхийн аварга болгосон туршлагатай нэгэн. Тэрээр шавиа дасгал, үзүүлбэрийн гүйцэтгэлийн чанарыг сайжруулах замаар амжилтанд хүргэх бодлого барьдаг.  Оросын уран гулгагчид үсрэхэд анхаарч байгаа бол Европынхон уран гулгалтын спортыг урлаг болгон хувиргадаг тэрхүү бүжиг болон сэтгэл хөдлөл зохицон хосолсон төгс гүйцэтгэлд илүү анхаарсан хэвээрээ байна. Энэ нь уран гулгалтыг циркээс ялгах тэр гол зааг бас философи аж. Гэхдээ өдгөө ийм төрлийн гүйцэтгэлд үсрэлтээс бага оноо өгч байгаа ч цаашдаа хандлага өөрчлөгдөнө хэмээн европчууд найдаж байна. 

/Товчилон орчуулав/

Süddeutsche Zeitung


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ