alim.mn | 2024.10.19
Монголд үндэсний их хэрүүлчид бус үндэсний бүтээн байгуулагчид хэрэгтэй
Хүний тухай хүмүүст...
-Сэтгүүлч хүн Лунтангийн Болормаатай адил тоо уншиж чаддаг байх хэрэгтэй. Тэр тооны цаана амь амьдрал, өнгөрсөн, одоо, ирээдүй, нөхцөл байдал, гай, гавъяа, зүтгэл итгэл байдаг. Уншиж байгаа тоондоо анализ хийж чаддаг байх ёстой. Үүний тулд наад зах нь хувьсагч, үл мэдэгдэгч, координатын системээ ойлгодог, цаг хугацаатай нь уялдуулан задалдаг байх учиртай.
 
-Сэтгүүлч хүн Бадамдоржийн Ганчимэгтэй адил сэтгэл уншиж чаддаг байх ёстой. Харилцаж буй болон бичих гэж байгаа, ярилцлагад урьсан хүнийхээ сэтгэл, сэтгэхүйг тодорхой хэмжээнд ойлгож, мэдэрч байж харилцан бүтэн мэдээлэл бий болно, бүрэн зангилаа, задаргаа бүхий ярилцлага төрнө.
-Сэтгүүлч хүн Батмөнхийн Лигдэн ахайтай адил баримт уншиж чаддаг байх учиртай. Хамгийн эхлээд он сар өдөр буюу цаг хугацаа, дараа нь түүний удаах он жилүүдийг мөрдөж, бүгдийг урдаа шатар шиг өрж тавиад, бүрэн ойлголт авсныхаа дараа мэдээлэх шаардлагатай. Харсан ганц тоо, үзсэн ганц шийдвэр чинь төгс ойлголт, үнэмлэхүй үнэн биш. Баримт болгон хэд салаалан задарч, эргээд нэг голдиролд нийлтэл тэвчээртэй мөшгиж унших хэрэгтэй.
 
-Сэтгүүлч хүн Жамбалын Гангаа агсантай адил нийгмээ уншиж чаддаг байх ёстой. Ямар нийгэм рүү, ямар мэдээллийг, ямар өнцөгөөр хүргэхээ ойлгодог, ухаардаг байх учиртай. Өөрийн чинь мэдлэг өрх төдий, өргөн түмний мэдрэмж өргөөний чинээ гэдгийг ойлгож, ялгааг нь олж харж чадвал жижигхэн ертөнцийнхөө хэмжүүрт хэт автахаа болино.
-Сэтгүүлч хүн Дашбалбарын Мөнгөндалайтай адил эх орныхоо эд эс нь гэдгээ алхам тутамдаа мэддэг байх ёстой. Хүнд үед тачигнаад байхгүй, хэцүү үед хагалаад байхгүйгээ ойлгодог, улс оронд минь аль нь илүү өгөөжтэй, ямар нь илүү хөнөөлтэйг дэнсэлж байж үзгээ шүүрдэг бол нэн сайн.
 
-Сэтгүүлч хүн...за за өөр зөндөө юм бий, ер нь бол ажил мэргэжлээс нь шалтгаалан сэтгүүлч хүний өмнө олон олон хаалга нээлттэй байдаг. Тиймээс олон олон талаасаа, олон олон талаараа боловсорч, хүний тухай хүмүүст мэдээлж байгаагаа ойлгоотохвол ажил, амьдрал илүү уужим болно, уйтан энэ хорвоод уцаарлахаасаа ухаарахыг илүүд үзэж эхэлнэ гэж л хэлэх гэсэн юм. Жич: Үндэсний бүтээн байгуулагч Ц.Гарамжав үнэнийг үүрээд зүтгэж байсныг шүүх тогтоожээ. Хоёр жил үргэлжилсэн асуудлаас болж, улсаас ганц тендэр авч байгаагүй энэ эмэгтэйн эрүүл мэнд ч нэлээдгүй доройтсон, сэтгэл санаа, нэр төр, хамгийн гол нь бүтээн байгуулалтад зориулах цаг хугацаагаар ихээхэн хохирсон гэх юм билээ. Монголд үндэсний их хэрүүлчид биш, үндэсний бүтээн байгуулагчид, үндэсний хөрөнгө оруулагчид хэзээ хэзээнийхээс илүү хэрэгтэй байна даа!
 
Сэтгүүлч, яруу найрагч Р.Эмүжин

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ