
Өдгөө төр засгийн буруутай шийдвэр, үйлдлээс болж дэгдсэн цар тахалтай тэмцэж туйлдсан эмч, сувилагчид цалингаа нэмүүлэхээр хүйтэн бороонд цохиулан сууж байна. Энэ хугацаанд эмнэлгийн салбарыхныг нэр төдий дэмжиж ирсэнийг Баянгол дүүргээс харж болно. Тус дүүргийн Засаг дарга Ө.Сумьяабаатар өнгөрсөн 5-р сарын 10-ний өдөр “Коронавирус халдврын үед идэвхи санаачилгатай ажиллаж буй сувилагч нарт дэмжлэг үзүүлэх тухай” тушаал гаргажээ. Тушаалаар дэмжлэгт 10,5 сая төгрөг зарцуулжээ. Ингээд нийт 275 хүнд тус бүрт нь 30 мянган төгрөгийн “дэмжлэг” үзүүлсэн нь цар тахалтай улаан гараараа тэмцэж буй сувилагч нарын хөдөлмөрийг илт доогуур үнэлсэн хэрэг болжээ. Дэмжлэгийн мөнгө нь хоёр кг үхрийн мах авахад ч хүрэхгүй. Бас зүгээргүй ч социализмын маягаар хүн бүрд жаазтай өргөмжлөл дагалдуулж өгчээ. Үүнд өнөөх 10 сая төгрөгийн хоёр сая гаруй нь зарцуулагдсан. Эмнэлгийнхэн бодит тусламж дэмжлэг хүсэж байгаа болохоос баярын бичиг, өргөмжлөлд хөөрч баярладаг үе 30 жилийн өмнө дууссан гэдгийг энэ Засаг даргатан одоо болтол ойлгохгүй яваа нь харамсалтай. 30-хан мянган төгрөгөө мянган төгрөгний үнэтэй дугтуйд хийж өгсөн байна. Тэгвэл тус дүүргийн дарга нар одон хүртсэн албан хаагчдаа 500 мянган төгрөгөөр урамшуулсан. Хэсгийн ахлагч нарын урамшуулалд 132 сая төгрөг, тэвчиж болох зардал хороодын бичиг хэрэг, урсгал засвард 24 сая төгрөг зарцуулсан байна.



