alim.mn | 2024.10.19
Д.Ганбат: У.Хүрэлсүх 100 жилийн ой тэмдэглэж, одон медаль тарааж, сонгууль, уул овоо тахих нэрийдлээр халдвар тараах үндэслэлийг тавьсан
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд, Ардчилсан нам хамтран мэдээлэл хийв.
Энэ үеэр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт дараах шаардлагыг тавьж буйгаа мэдэгдлээ. Үүнд,
-УИХ-ын даргад, Монгол Улс ковидын улмаас нас барсан иргэдийн тоогоор дэлхийд нэгдүгээрт бичигдэж, намрын ид ажлын үеэр шатахууны хомсдолд орж, 12-13 аймагт малын шүлхий өвчин тархаад байна. Нөхцөл байдал ийм хүнд үед УИХ ээлжит бус чуулганыг нэн даруй хуралдуулах ёстой,
-Ерөнхий сайд, Засгийн газар хариуцлагаа хүлээ. Илүү чадвартай хүнээр улс орныг удирдуулах ёстой. Засгийн газартаа хариуцлага тооцож чадахгүй бол УИХ өөрөө тарах ёстой.
-Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мөн зөвлөмж хүргүүлэв.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Одоо боллоо” нэртэй эсэргүүцлийн цуглааныг аравдугаар сарын 1-нд талбай дээр зохион байгуулахыг нийт иргэддээ уриаллаа.

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат: Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан бид эрх баригчдаас хариуцлага нэхэн мэдээлэл хийж байна. УИХ-ын ээлжит бус чуулганыг өнөөдөр эсвэл маргааш нэн яаралтай зохион байгуулж үүссэн асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байна. Монгол Улсын төр УИХ юм. Бид ийм үед амраад байж болохгүй. 76 гишүүн яаралтай цуглаж хуралдах хэрэгтэй байна. 300 мянга гаруй хүн халдвар авсан, хичээл сургууль эхэлсэн, хоёр жил хоригдсон, шатахуунгүй болсон ийм үед бид амраад байж болохгүй. Сонгуулиас хойш бид бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдсан үе байхгүй.

Тиймээс нэгдүгээрт УИХ-ыг яаралтай хуралдуулах шаардлага тавьж байна. Хоёрдугаарт Ерөнхий сайдыг хариуцлагаа хүлээ гэсэн шаардлагыг тавьж байна. Өнөөгийн Засгийн газраас шалтгаалж энэ бүгд бий болсон.

Өнөөдөр үүсээд буй шатахууны асуудал олон зүйлийн ердөө нэг илрэл. Цаана нь үүнтэй адил тэсрэхэд бэлэн олон асуудал бий.

Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хүсэлт хүргүүлж байна. 2021 оны гуравдугаар сараас хойш 100 жилийн ой тэмдэглэж, одон медаль тарааж, сонгууль, уул овоо тахих нэрийдлээр халдвар тараах үндэслэлийг тавьсан. Үүндээ уучлалт гуйх хэрэгтэй. Төрийн өндөрлөгүүд яг одоо гадаадад томилолтоор явж байна. Бид урагшаа хилээ хаалгасан, хойноос шатахуунаа авч чадахгүй байна.

Өнөөдрийн хэмжээнд үүссэн нөхцөл байдлыг бүгд мэдэж байгаа. Түүнээс гадна малын шүлхий өвчин 13 аймагт тараад байна. Тиймээс Ардчилсан нам сөрөг хүчний хувиар дуу хоолойгоо илэрхийлж, хариуцлага нэхэж байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ