Монголын толгой баячуудын хүүхдүүд хөл бөмбөг сонирхож, хувьдаа хөлбөмбөгийн багтай, үгүйдээ л нэг спортын холбооны ерөнхийлөгч болохоор зүтгэж байна. Нэг хэсэг кино урлагийг сонирхсон "MT" компанийн босс Ганзоригийн хүү Г.Дашням хөлбөмбөгийн Улаанбаатар сити багийн эзэн болсон. Нефть импортлогч том компанийн эзэн, үндэсний үүрэн телефоны оператор Жи мобайлын босс залуу, нэг өрөө байран дээр унжиж Монголын "хөлбөмбөгийн бурхан тэнгэр"-ийг хилэгнүүлж яваа сурагтай. Юутай ч "Монголын Улсын Хөлбөмбөгийн Үндэсний шигшээ багийн ахлагч, Улаанбаатар сити клубын ахлагч Н.Цэдэнбал мэдэгдэл гаргажээ. Тэрбээр цахим хуудастаа
Миний бие дараах мэдээллийг хөлбөмбөг сонирхогчид, тоглогчид, хөлбөмбөгийн клубууд болон Хөлбөмбөгийн холбоонд хүргэж байна. Миний бие 2017 оны 10 сараас Улаанбаатар сити клуб, эзэн Г.Дашнямтай 5 жилийн хугацаатай гэрээ байгуулж, цалиндаа 1 өрөө байр болон бусад урамшуулал авахаар гэрээ байгуулсан. Гэвч надад өгсөн байрны өмчлөгч нь гуравдагч этгээдийн байр болж таарлаа. Миний бие гэрээний ямар ч зүйл заалт зөрчөөгүй байхад, үндэслэлгүйгээр ажлаас хална, гэрээг чинь цуцлана байраа өгөөд яв, гэх мэтээр дарамталж байна. Миний бие цалин, хөлстэй холбоотой үүсээд буй асуудлыг шийдвэрлэх хүртэл Улаанбаатар сити клубын төлөө тоглохгүй, бэлтгэлд оролцохгүй гэдгээ өмнө нь мэдэгдсэн боловч уг асуудлыг шийдвэрлэх талаар огт арга хэмжээ авахгүй, орон сууцыг чөлөөлөхийг шаардсан хэвээр байна. Клубын эзэн Г.Дашнямын уг үйлдэл, хэлж буй үг хэллэгээс нь харвал анхнаасаа намайг ямар ч хөлс, цалингүй тоглуулж, сансандаа хүрч Лигийн аварга авахуулсны дараа ийнхүү жудаггүй зан гаргаж, дарамталж байгаа нь гэрээ цаашид намайг тоглуулах бодолгүй байгааг харуулж байна. Энэ үүсээд байгаа нөхцөл байдлыг цаашид зохих байгууллагад нь хандаж шийдвэрлүүлэх болно.
Иймээс Би Монгол Улсын Үндэсний шигшээ багийн ахлагчийн хувьд, Монголын хөлбөмбөгийн хөгжилд саад болж буй энэ мэт шударга бус үйлдэлтэй хэзээ ч эвлэрэхгүй гэдгээ үүгээр илэрхийлж, цаашид “Улаанбаатар сити” клуб болон бусад клубүүдтэй тоглогчийн гэрээ байгуулах гэж буй тоглогч, дүү нартаа дараах зүйлсийг анхааруулах хэрэгтэй байна.
Үүнд
1. Худал амлалтад итгэж, хайран цаг хугацаа, хүч хөдөлмөрөө алдахгүй байхад анхаар!
2. Гэрээнд өөрсдийн эрх ашиг, сонирхлыг хамгаалсан заалт байгаа эсэхийг сайтар судал!
3. Клубээс санал болгосон гэрээнүүд нь хэт клубын эрх ашигт нийцсэн, хуурамч амлалт бүхий нөхцөл тусгагдсан байх магадлалтай тул мэргэжлийн хуульчдаас тусламж авч, хуульчтай хамт гэрээгээ байгуулах!
Мөн Монголын Хөлбөмбөгийн Холбооноос ийм зохисгүй үйлдэл гаргаж буй клубуудэд арга хэмжээ тооцож, тоглогчдын эрх ашгийг хамгаалах талаар бодитой арга хэмжээ авах хэрэгтэй байна. Сүүлийн үед клубуудын гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотой маргаан их гарах болсонд анхаарал хандуулах цаг нь болсон.
Монгол улсын шигшээ багын ахлагч Н.Цэдэнбал гэжээ.
Г.Дашнямыг хөлбөмбөг сонирхогчид анхнаасаа л хөлбөмбөгийн төлөө гэж орж ирээгүй, багтай боллоо, аварга ч авлаа, багаараа дамжуулж Хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч боллоо. Тэрийгээ ашиглаад гадны томчуудтай уулзаж бизнесээ ч томруулаад авлаа. Эцэст нь хамаг ар гэр ажил төрөл сэтгэл зүрх залуу насаа зориулсан тамирчид л хохироод үлдэж байна. Шигшээ багийн ахлагч, Монголын шилдэг жигүүрийн хамгаалагчаа Багийн эзэн Холбооны дэд ерөнхийлөгч нь ингэж гомдоох ч гэж фэнүүд нь халаглаж байна.
Ulaanbaatar City FC
