alim.mn | 2024.10.19
ОХУ-ын компаниас 3.4 сая ам долларын хахууль авсан З.Ганбаатар Лондонд 110 ам метр талбайтай 2 давхар орон сууц авчээ

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлын үйлдвэр эрхэлсэн орлогчоор ажиллаж байсан З.Ганбаатарыг мөнгө угаасан, эрх мэдлээ урвуулсан, хахууль авсан гэх хэрэгт холбогдуулан шалгасан. Уг хэргийг тухайн үед шүүхэд шилжүүлэхээр болж байсан ч прокурор нь нэмэлт ажиллагаа хийлгэхээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст буцаасан юм байна.

З.Ганбаатар ОХУ-ын “СП ЗАО ИВС” хамтарсан үйлдвэрийн захирал Алексей Владимирович Зимин гэх хүнээс хахууль авсан хэрэгт холбогдсон. Орос улсад хаалттай хувьцаат нийгэмлэг хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг тус компани нь “Эрдэнэт үйлдвэр”-тэй 2003-2012 онд 78.3 сая ам.долларын тоног төхөөрөмж нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээ байгуулан их хэмжээний санхүүжилт авах, удаан хугацаанд хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. Тэд Петербург дэх Номос банкны данснаасаа их хэмжээний ам.доллар гаргаж хахууль болгож өгсөн гэнэ. 3.4 сая ам.доллар буюу дөрвөн тэрбум 347 сая гаруй төгрөг ОХУ-ын аж ахуйн нэгжээс "Эрдэнэт үйлдвэр"-ийн орлогч захирал  З.Ганбаатар авсан хэрэгт холбогджээ. Уг хахуулийн мөнгөнөөсөө 569 мянган фунт стерлинг буюу 1.1 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний валютаар Английн Лондон хотод 110 ам метр талбай бүхий хоёр давхар орон сууц худалдан авсан аж. Энэ үйлдэлд нь прокуророос З.Ганбаатарт мөнгө угаасан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна.

  Эдгээрээс гадна хэрэгт хамт яллагдагчаар татагдсан “Эрдэнэт үйлдвэр”-ийн Техникийн автоматжуулалт ба тооцоолон бодох цехэд группийн ахлагчаар ажиллаж байсан Л.Дэлгэрбатад удаа дараа давуу байдал олгож байсныг АТГ-ын мөрдөгчид тогтоосон аж. 

 Л.Дэлгэрбаттай хамтарч 12 удаа түүнд давуу байдал олгон, гэрээний хавсралт, ажил хүлээлцсэн тэмдэглэлд “Эрдэнэт үйлдвэр”-ийг төлөөлөн гарын үсэг зурж дэмжлэг үзүүлсэн хэрэгт холбогдоод буй. Л.Дэлгэрбат нь өөрийнхөө үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжийг бусдын нэр дээр тендерт оролцуулж, таван сая гаруй ам.долларын үнийн дүн бүхий 12 гэрээ байгуулан 2006-2016 оныг дуусталх хугацаанд уг мөнгийг шилжүүлэн авч, “Эрдэнэт үйлдвэр”-т хоёр тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулжээ. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ