Пакистаны Ерөнхий сайд Имран Хан Оросын эсрэг нэгдэхээс татгалзаж ширүүхэн мэдэгдэл хийсэн тухай “The Times” мэдээллээ. Пакистаны нийслэл Исламабадад дэлхийн 22 орны дипломат албаныхан чуулж Украинд дайн дэгдээсэн Оросын эсрэг уриалга гаргажээ. Тэд хамтарсан мэдэгдэл хийж мөн Пакистанд хандан ил захидал бичиж НҮБ-ын тогтоолыг дэмжихийг уриалав. Сануулахад, НҮБ-ын Ерөнхий ассамблей дээр Оросын эсрэг санал хураахад Пакистан улс түдгэлзсэн санал өгсөн билээ. "Пакистан уг нь АНУ-ын холбоотон.... Түдгэлзсэн орнуудын дунд Энэтхэг, Хятад, Шри-Ланк зэрэг орон байна. Энэ бол Өмнөд Азийн хоорондоо байнга дайсагналцдаг орнууд олон улсын асуудлаар нэг үзэл бодолтой байгаа ховорхон жишээ“ гэж “The Times” онцлон тэмдэглэжээ. Харин Пакистан өөрийг нь шүүмжилсэн Өрнөдийн орнуудад ширүүхэн хариу барилаа. 
  Пакистаны тэргүүн Имран Хан “Та нар бидний тухай юу гэж бодож байна? Бид ямар танай боол, босгоны зарц чинь үү? Та нарын хэлсэн ярьсан бүхнийг бид хийх ёстой юу? Европын холбооны орнуудын Элчин сайд нараас би асууя, та нар ийм захиаг Энэтхэгт хандан бичсэн үү? 80 мянган хүний амийг авч одож өөр өчнөөн их гарз хохирол учруулсан террорист дайны эсрэг та нар урьд өмнө нь Пакистаныг дэмжиж байсан уу? Та нарын хэн нэг нь Энэтхэгтэй худалдааны харилцаагаа зогсоож түүний хууль бус үйлдлийн эсрэг үг дуугарч үзсэн үү? Манай орон өмнө нь Америкийн толгойлдог НАТО-гийн талд зогсч тэдний Афганистанд явуулсан дайн дажныг дэмжсэний улмаас их зовж шаналсан. Пакистан улс хариу талархал хүртээгүй, тэр бүү хэл голдуу хуучинсаг мусульманчуудын зүгээс дотоод шүүмжлэл болон эсэргүүцэл, хүчирхийлэлтэй тулгарсан" гэж хэлжээ. 
         Нэмж өгүүлэхэд, Европын бараг бүх орон Оросын эсрэг хоригийг дэмжсэн. Зөвхөн Серб, Босни ба Герцеговина, Унгар эсрэг байр сууриа илэрхийлсэн юм. Мөн ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан орнуудаас нэг нь ч Оросын эсрэг хориг тавиагүй, үүнийгээ өөрийн орны эрх ашигт харшлах үйлдэл хийхгүй гэж тайлбарлажээ. Тэр бүү хэл Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров “Донецк, Луганскийг хүлээн зөвшөөрөх нь Оросын эрх, Украинд явуулж буй тусгай ажиллагааг нь дэмжиж байна” гэв. Харин Казахстан зэрэг орнууд төвийг сахиж буйгаа дуулган Оростой худалдаагаа үргэлжлүүлнэ гэж мэдэгдлээ. Азийн орнуудаас Оросын эсрэг хоригийг зөвхөн 2 орон дэмжсэн, Япон ба Сингапур. Гэхдээ хориг нь Өмнөд Солонгосын “LG”, “Samsung”, чипт хамаарахгүй аж. Тиймээс оросууд цаашид ч Солонгосын ахуйн техникийг ашигласан хэвээр байна. Оросын эсрэг хоригт Тайвань нэмэгдсэн аж.
Сонирхуулахад, Турк энэ хоригт нэгдэхгүй гэв. Саудын Араб ч бас. Тэр бүү хэл хунтайж Мохаммед бин Салман нь “Бид харин АНУ-ын эдийн засагт хөрөнгө оруулахаа багасгана. Байден юу гэх нь маньд падлийгүй. Бид Америкт хүний эрхийн тухай лекц уншихгүй ээ, тиймээс та нар ч бидэнд эрх энэ тэр ярих эрхгүй” гэж мэдэгдлээ. Харин Ираны Гадаад харилцааны сайд Хосейн Амир Абдоллахиян “Дайтах нь асуудлыг шийдэхгүй” гэсэн бол шашны тэргүүн Али Хаменеи “Гэхдээ Украин бол АНУ-ын өдөөсөн хямралын золиос болчихлоо. Америк иймэрхүү хямрал дэгдээхгүй л бол зэр зэвсгийн үйлдвэрүүд нь бүрэн хүчин чадлаараа ажиллахаа болино. Тэд энэ мафийнхаа ашиг сонирхлын төлөө ингэж элдэв хямрал дэгдээдэг” гэжээ. 
Латин-Америкийн орнууд дээрх хоригт нэгдэхгүй гэжээ. “Ямар ч хориг гэж байхгүй, Путиныг шүүмжлэх ч үгүй” хэмээн Бразил улсын тэргүүн Жаир Болсонару мэдэгдсэн. Куба, Никарагуа, Венесуэль, Аргентин, Боливи, Сальвадор, Уругвай мөн адил. Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро “Өрнөдийн орнууд үргэлж оросуудын эсрэг бодлого явуулж тэднийг үзэн ядуулах оролдлого хийдэг. Өрнөд үнэн хэрэгтээ дэлхийн өнцөг булан бүрд оросуудыг мөрдөн мөшгиж хавчин гадуурхаж байна. Алдартай удирдаачийг орос хүн учраас л Европын нэг орны оркестроос зайлуулчихлаа. Энэ бол арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, ксенофоби, мөрдөн мөшгилт, хүний эрхийг зөрчиж буй хэрэг” гэжээ. Түүнчлэн Чили, Колумб, Эквадор, Перу улсууд хэдийгээр НҮБ-ын тогтоолыг дэмжсэн ч Оросын эсрэг хориг тавихгүй гэжээ. 
Орчуулсан М.Цогзолмаа