alim.mn | 2024.10.19
Монгол хүүхэд Стэнфордын их сургуульд 280000 ам.долларын тэтгэлэгт тэнцлээ

1885 онд АНУ-ын Калифорни мужид байгуулагдсан, дэлхийд зэрэглэлээрээ сүүлийн жилүүдэд эхний 5-д багтаад буй топ их сургуулиудын нэг Стэнфордод тэтгэлэгтэйгээр тэнцсэн, Ерөнхий боловсролын “Шилдэг” сургуулийн 12а ангийн сурагч Б.Нинжинтэй ярилцлаа.

- Чамд энэ өдрийн мэндийг хүргэе! мөн томоос том баяр хүргэе! Дэлхийн топ их сургуульд тэтгэлэгтэй суралцах болсон байна шүү дээ, ямар гоё мэдээ вэ? Нийт хэдэн сургуульд материалаа илгээсэн бэ? Анхнаасаа л Стэнфордын их сургуульд орно гэсэн зорилго, мөрөөдөлтэй байсан уу?
- Баярлалаа! Америкийн их дээд сургуульд элсэх өргөдлийг нэг оюутан жилд 20 сургуульд явуулах хязгаар тавьдаг. Тиймээс би сайн сургуульд элсэх боломжоо нэмэгдүүлэхийн тулд 20 сургуульд өргөдлөө явуулсан. Мэдээж маш их боломж, нөөц, академик давуу тал байдаг болохоор Стэнфорд бол миний элсэхийг хамгийн ихээр хүсч байсан сургуулиудын нэг. Стэнфордод өргөдлөө явуулахаар бэлтгэж байхдаа би өөрийгөө энэ сургуульд орчихвол үнэхээр гайхалтай сайхан байна даа гэж бодож байсан ч арай л хүрч чадахгүй мөрөөдөл мэт санагдаж байсан юм. Мөн Америкийн ийм сайн топ сургуулиудад тэнцэх үнэхээр хэцүү учраас тэнцээгүй гэдэг хариуг авахад би өөрийгөө сайтар бэлтгэчихсэн байсан л даа /инээв/. Гэхдээ одоо бол харин би буруу бодож байжээ, тэнцэж чадсан байна шүү дээ гээд маш их баяртай байгаа. Одоо өдөр бүр би Стэнфордын талаар судлан сонирхохдоо намайг маш их боломж, ирээдүй бодитойгоор хүлээж байгааг мэдээд үнэхээр баярлан догдолж байгаа.

- Мөрөөдлөө зорилгоо болгож, түүндээ хүрч чаджээ. Энэ амжилтад хүрэхэд нь сургууль нь хэрхэн нөлөөлсөн бэ?
- Манай Шилдэг сургууль төгсөгчдөө АНУ-ын их дээд сургуульд элсэн суралцах мөрөөдөл, зорилгодоо хүрэхэд нь анхаарч тусалдаг. Тиймээс багш нар маань бүгдээрээ надад маш их дэмжлэг өгсөн учраас би үнэхээр баяртай байна. Манай сургуульд Америкийн их дээд сургуулийн элсэлтийн шалгалтууд болох AP, SAT шалгалтад бэлтгэх хичээлүүд заадаг. Сайн багш шавь нараа хамаг эрч хүчээ дайчлан суралцахад нь тусалдаг. Багш нар маань ч яг тэгж ажилласан. Ялангуяа манай сургуулийн их дээд сургуулийн элсэлтийн зөвлөх Сонни Хуан багш маань намайг эсээ бичих, ямар сургуулиуд руу өргөдлөө явуулах, өргөдөлдөө өөрийгөө хамгийн дээд сайнаараа хэрхэн илэрхийлэх зэрэгт маань туслан дэмжсэн буюу ерөнхийдөө их сургуульд элсэх өргөдлөө бэлтгэх бүх үе шатанд гайхалтай удирдан чиглүүлсэн гэж хэлж болно. Намайг түүнтэй анх уулзахад “Чамд маш их боломж байна” гэж хэлсэн. Тэр сайхан урмын үг намайг өөрийгөө байдаг чадлаараа хүчлэн урагшлахад маш их түлхэц болсон гэж боддог.

- Ямар хугацаанд, хэрхэн бэлдсэн бэ? Арга барилаасаа хуваалцаач?
- Би багаасаа л дунд сургуулиа төгсөөд их дээд сургуульд элсэн суралцана гэж боддог байсан. Тиймээс дээд сургуульд суралцах нь миний эрдмийн дараагийн аялал гэдгийг мэдэж байлаа. Ер нь аав, ээж маань эрдэм боловсролыг их чухалчилдаг хүмүүс. Аав маань Кембрижийн их сургуульд доктор хамгаалсан, ээж маань мөн Английн Англиа Раскин их сургуульд магистраа хамгаалсан. Тэд маань ах дүүс биднийг үргэлж хамгийн сайнаараа суралцахад урамшуулан дэмждэг учраас бид ч хичээдэг. Миний хувьд сүүлийн 2-3 жил дээд сургуульд элсэх талаар нухацтай төлөвлөж, яаж сайн сургуульд элсэх боломжоо нэмэгдүүлэх вэ? гэдэг талаар үргэлж бодож, шамдан суралцсан. Мөн багшийн мэргэжлээр, боловсролын салбарт ажиллах зорилгодоо нийцүүлэн, их сургуулийн элсэлтийн шалгуурын нэг хэсэг болсон хичээлээс гадуурх ажлынхаа хүрээнд өөрийнхөө үе тэнгийнхэн болоод дүү нартаа янз бүрийн сэдвээр хичээл зааж байсан. Их дээд сургуулиуд өргөдөл өгсөн оюутнуудыг эргэн тойрондоо хэрхэн нөлөөлж, бусдын сайн сайхны төлөө өөрийгөө хэрхэн зориулах хүсэл, сонирхолтой байдгийг харах хүсэлтэй байдаг.

- Шантрах үе гарч байсан уу? Тэр үедээ өөрийгөө хэрхэн урамшуулж, зоригжуулж байсан бэ?
- Дээр хэлж байсанчлан Америкийн топ сайн сургуульд элсэх амаргүй учраас ядарч, шантраад больчихмоор үе зөндөө гарч байсан. Яг тийм үед би өөрөө өөртөө энэ бол миний мөрөөдөл, би одоо л өөрийгөө бүрэн дайчлахгүй ийм амархан шантрах юм бол цаашдаа асуудал бэрхшээл тулгарахад амархан бууж өгдөг хүн болоод, хожмоо харамсах болно гэж хэлдэг байлаа. Бага залуудаа сурч байхгүй яав даа гэдэг үгийг би эргэн тойрныхоосоо үргэлж сонсдог. Ингэж харамсахгүйн тулд би өөрийгөө хүчилсэн. Гэхдээ ингэж хичээж зүтгэх нь одоог хүртэл туулсан амьдралын маань хамгийн стресстэй цаг үе гэж хэлж болно. Энэ хэцүү шантармаар цаг үед намайг дэмжин тусалсан, аав ээж, найз нөхдөдөө маш их баярлаж байна аа.

- 4 жилийн хугацаанд 280,000 ам.долларын тэтгэлэгтэй суралцахаар болжээ. Сургалтын төлбөр, тэтгэлгийн талаар мэдээлэл өгөөч?
- Америкийн их сургуулийн сургалтын төлбөр, зардал маш өндөр учраас цөөн хүн л бүгдийг нь бүрэн төлөх боломжтой байдаг. Тиймээс сургуулиуд тухайн хүүхдийн төлж чадах хэмжээнээс илүү гарсан хэрэгцээнд нь тэтгэлэг өгөх тийм систем, тогтолцоотой байдаг. Ингэснээр бага орлоготой өрхүүдийг хүүхдээ сургах боломжоор хангадаг. Стэнфордод суралцах бүх зардал нийлээд жилийн 89,000 ам. доллартой тэнцдэг. Энэ бол манай гэр бүлийн хувьд төлөх ямар ч боломжгүй их тоо. Ер нь хүүхдүүд өргөдлөө явуулахдаа эцэг, эхийнхээ орлого, зарлага, төлдөг татвар гээд бүх мэдээллийг явуулах шаардлагатай болдог. Миний тэтгэлэгт сургалтын төлбөр, байр, эрүүл мэндийн даатгал багтсан. Стэнфордоос авсан миний тэтгэлгийн хэмжээг дээрх бүх зардлаас хасаад манай гэр бүлийн зүгээс миний боловсролд зарцуулах хэмжээ жилд 19,000 ам.доллар үлдэж байгаа.

- Тэгэхээр жил бүр сургалтын төлбөртөө 19,000 ам.доллар хувиасаа төлөх ёстой болж байгаа юм байна. Энэ дээр хүндрэл үүсэж байна уу?
- Манайх шиг дундаж орлоготой, цалингаараа амьдардаг айлын хувьд энэ тийм ч бага дүн биш л дээ. 4 жилийн хугацаанд жил бүр эцэг эх маань миний боловсролд 60 сая төгрөг зарцуулах ёстой гэсэн үг. Хамгийн шахуу, сандаргаж байгаа зүйл бол ирэх 8 сараас өмнө би эхний жилийнхээ сургалтын төлбөрт 60 сая төгрөг төлөх ёстой. Үгүй бол сургуульдаа орж чадахгүй. Яг энэ мэт санхүүгийн асуудлаас болоод өөрийнхөө зүгээс шаардлагатай бүхнээ хийж, хүч хөдөлмөрөө тултал дайчлан байж олж авсан гайхалтай том боломжоо алдаж байгаа хүүхдүүд олон байдаг нь үнэхээр харамсалтай.
Эцэг эх, сургууль, найз нөхөд маань намайг боломжоо битгий алдаасай гээд тал бүрээр тусалж, дэмжиж байгаа. Эхний жилийн төлбөрөө төлөөд, сургуульдаа явчихвал дараа жилээс арга нь олдоно гэсэн итгэл найдвар надад байна.

- Сургууль нь 2000 ам.доллар хандивлаж, улмаар олон хүмүүс чамайг дэмжиж хандив өгч эхэлсэн гэсэн?
- Манай сургуулийн зохион байгуулсан ахлах ангийн хүүхдүүдтэй топ сургуульд тэнцсэн туршлагаа хуваалцах өдөрлөг дээр сургуулиас надад сюрприз барьж 2000 ам.доллар хандивлаад, бусад хүмүүсийг ч дэмжихийг уриалж хандивын аян эхлүүлсэн. Одоогоор найз нөхөд, сургуулийн хамт олон, хамаатан садан гээд олон хүмүүс намайг дэмжиж, багагүй хандив цуглаад байгаа. Энэ ташрамд намайг мөрөөдөлдөө хүрээрэй гэж дэмжин, урам хайрлаж байгаа бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна.

- Стэнфордын их сургуульд ямар мэргэжлээр суралцах вэ? Яагаад тухайн мэргэжлийг сонгох болсноо хуваалцахгүй юу?
- Би сэтгэл судлалыг голлон судалж, дээрээс нь боловсролын чиглэлээр суралцах төлөвлөгөөтэй байгаа. Мөн надад философи их сонирхолтой байдаг учраас энэ талаар бас хичээл авна гэж бодож байгаа. Миний туйлын зорилго бол сургуулиа төгсөөд, улс эх орондоо эргэж ирээд сургууль, боловсролын салбарт хувь нэмрээ оруулах л даа. Миний бодлоор манай улсын хувьд боловсролын талаарх ойлголт, боловсрол олгох аргачлалд их өөрчлөлт шаардлагатай санагддаг. Манай Монгол хүүхдүүд үнэхээр ухаантай, нөөц бололцоотой гэж би боддог. Би үүнийг эргэн тойрныхоо найз нөхдөөс үргэлж хардаг. Харин энэ их ухаан, энэ их нөөцийг яг бүрэн ашиглаж, хамгийн сайнаар нь хөгжүүлж чадахгүй байгаад харамсдаг. Хүн ер нь үргэлж, сурч мэдэхийг хүсдэг гэж боддог. Харамсалтай нь боловсролын одоогийн тогтолцоо, арга барил хүүхдүүдийн сурч мэдэх хүсэл эрмэлзэлд саад болж байгаа санагддаг юм. Харин миний хувьд бол дандаа сайн багш нараар хүрээлүүлж, тэд намайг хамгийн сайн Нинжин байж, нөөц бололцоогоо бүрэн дайчлахад тусалсан учраас азтай. Тиймээс намайг ингэж хурцалсан энэ эрчийг алдагдуулахгүйгээр одоо сургууль гэдэг далайд хөл тавьж байгаа дараагийн дүү нараа дэмжин туслах нь миний үүрэг гэж би бас боддог.

- Ирээдүйгээ хэрхэн төлөвлөж, төсөөлж байгаа вэ?
- Миний хүсэл мөрөөдөл бол сайн багш, сурган хүмүүжүүлэгч болж, улмаар шавь нараа өөрсдийнхөө хүрч болох бүх боломжид хүрч өсөх нөхцөлөөр хангасан тийм боловсролын тогтолцоог бүтээлцэхийн төлөө ажилламаар байна. Тиймээс би эхний ээлжид өөрийн загвар сургуулийг байгуулаад тэр сургуулиараа дамжуулаад монголынхоо хүүхэд багачуудын боловсролын хөгжилд дорвитой хувь нэмэр оруулах Хан Академи, Краш Курс гэх мэт сургалтын байгууллагуудыг байгуулах мөрөөдөлтэй. Ингэснээр иймэрхүү сургалтын байгууллагуудтай хамтран дэлхийн хөгжилтэй орнуудын хүүхдүүдэд байдаг тийм нөөц, боломжийг монголынхоо хүүхдүүдэд зориулж чадах юм. Миний туйлын хүсэл зорилго бол монголынхоо боловсролын тогтолцоог дэлхийд тэргүүлдэг буюу эхний 10-т ордог болгох явдал юм.

- Баярлалаа. Цаашдын сурлага, хөдөлмөрт нь цалгим их амжилт хүсье!


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ