alim.mn | 2024.10.19
Ц.Магалжав: Мөнхбат аваргаас монгол эр хүний шинж, аваргын шинж зэрэг олон эерэг зүйлс харагддаг
МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавтай NTV телевизийн нэвтрүүлэгч Д.Энхтулгын хийсэн ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна. /2023.10.20/
Асуулт: Та тэр болгон ярилцлагад ордоггүй тул ярилцаж байгаагийнх урт яриа болох байх он дарааллаар ярилцвал гэж бодлоо МҮБХ-ны үүсэн байгуулагдсан тухай товч ярина уу?
 -1990.04.12-ны өдөр Улсын заан Р.Даваанямын санаачилгаар таван үүсгэн байгуулагчтай байгуулагдсан. Үүсгэн байгуулагч нь Р.Нямдорж, Д.Даваасамбуу, Д.Данзан, Д.Мягмар заан нар.
– 2002 онд холбоо 2 хуваагдсан болон 2003 оны Дээд шүүхийн тогтоолын тухай, мөн Гацуурт компаний захирал Л.Чинбат та бүхэнтэй удтал шүүхдэлцсэн талаар…?
 -МҮБХ-ны IV Их эе хурал дээр 2002 онд олонх, цөөнх болж маргалдаж 2 хуваагдсан юм билээ. Дээд шүүхийн 2003.07.03-ны өдрийн 403-р тогтоол нь Цэцдийн зөвлөлийн хурлаа хийж Их эеийн товоо тогтоон Их хурлаа хийх тухай. Л.Чинбат захирлыг дурдахын өмнө түүнээс өмнө маргалдагч нэг тал нь 2003 онд Л.Рэнцэндорж начин, 2006 онд цагдаагийн хурандаа Ж.Содмандах, 2010 онд Тагнуулын генерал Д.Чимэд-Юндэн, 2017 онд Л.Чинбат захирал нар тэргүүнээр сонгогдсон, маргалдагч нөгөө тал нь Р.Нямдорж тэргүүнээ сонгоод явсан байсан. Л.Чинбат захиралтай холбооны асуудлаар шүүх, цагдаа дээр олон маргаан үүссэн байсан. Хамгийн сүүлд МҮБХ-г төлөөлөх эрх байх уу гэдэг дээр 2019 оны нэг сард Захиргааны хэргийн шүүх дээр ялагдаад, 5-р сард Давах шатны шүүх дээр ялж Дээд шүүхийн хурлын тов 9-р сарын 26-ны өдөр товлогдсон байсан. Маргалдагч талууд Монгол бөхийг маргаан хэрүүлээс хол байлгах хэрэгтэйг зөвшилцөн харилцан ухаалаг буулт хийсэн. Бидний зүгээс хууль цагдаагийн байгууллагад гаргасан бүх гомдол, хүсэлтийг татсан. 2019.09.16-ны өдөр Л.Чинбат захирал өөрт байсан гэрчилгээ тамгыг Б.Бат-Эрдэнэ аваргад хүлээлгэн өгсөн. Б.Бат-Эрдэнэ аварга 1990 оны бүртгэлтэй гэрчилгээ тамгаа холбооны дүрмийн хүрээнд 2020 оны 04-р сарын 20-нд надад хүлээлгэн өгсөн. Ингээд УБЕГ бүртгэл хийх эсэхийг жил гаруй судалж 2021.03.18-ны өдөр бүртгэл хийгдэж, 2021.05.29-нд маргалдагч талууд нэгдэн Их хурлыг хийж, бүртгэлийг дахин шинэчилсэн.
    – Холбоо 2 хуваагдаад 17 жил болохдоо бөхийн өргөөгөө булаацалдаад байв уу? Маргаааны гол сэдэв Монгол бөхийн өргөө байсан уу?
-Бөхийн өргөө маргааны сэдэв гэхээс илүүтэй бөхийн өргөөний товч мэдээллийг хүргэсэн нь зөв байх. Монгол бөхийн өргөө 1992-1998 онд баригдсан. Тухайн үеийн удирдлагууд мөнгө санхүү босгох бүхий л аргыг санаачлан хэрэгжүүлж 1992 оны 6-р сараас 1998 оны 3-р сар хүртэлх хугацаанд өргөөгөө босгон битүүлж, халаалт дулаан бүх л дэд бүтцийн ажлууд буюу нийт ажлын 80%-ийг хийж гүйцэтгэсэн байдаг. Дотор засал, тохижилт, техник тоног төхөөрөмж зэрэгт 1,1 тэрбум дутсаныг Засгийн газартаа хандсан юм билээ. Засгийн газраас дээрх ажлуудад 800,0 сая төгрөгийг олгоё, үлдэх 300,0 гаруй саяыг өөрсдөө олох санал ирүүлж шийдвэрлэсэн. МҮБХ “Нэр төрийн арилжаа”, сугалаа зэрэг шинэлэг арга замаар дутуу санхүүжилтээ олж 1998.12.26-ны өдөр Улсын комисст хүлээлгэн өгсөн. Улсын комисс хүлээн авч акт үйлдэхдээ Монгол бөхийн өргөөг 2,2 тэрбумаар үнэлсэн нь төрөөс олгосон 800 сая төгрөгт ногдох хувийг тогтоож өгсөн гэсэн үг. Монгол бөхийн өргөөг босгоход тухайн үеийн тэргүүлэх компаниудаас зарим нь болон 330 сумын 60% гаруй хувь, 18 аймаг, 4000 гаруй иргэн хандив өргөсөн байдаг. Одоо яриад байгаачлан хүн бүр ч хандив өргөөгүй юм билээ. Үндсэн асуултад ороё. Маргалдагч талуудад маргалдах асуудлууд байсан болоод л маргалдсан. Маш жижиг зүйлүүд ч байх юм билээ. Удирдлагууд болох Р.Нямдорж, Д.Даваасамбуу, Д.Данзан нар нь энэ олон жилүүдэд хүн бүрт нийцтэй байх боломжгүй. Бөхийн холбооны удирдлагад санал, хүсэлтүүд маш их ирнэ. Өмнө үед бол цол чимгийн саналууд, барилдаан, тоглолт, хандив, тусламж, ном хэвлэл нийлүүлэх, одоо бол нэмэгдээд хариуцлага шийтгэл гээд… Одоо ч энэ бүрт дүрэм журам боловсруулж шинэчилж, эмхэлж цэгцэлж байгаа тул бүгдэд хууль, дүрэм, журмын хүрээнд адил хариултыг өгч боломжгүйд татгалзана. Үүнийг 10% нь ойлгож хүлээн авна. 90% хувь нь ойлгохгүй буруутгах, хорсох асуудлууд үүсгээд байх юм билээ. Гэхдээ энэ бол чухал зүйл биш. Хүн байхад асуудал гарч л таарна. Асуудал гарвал маргаан, мэтгээн үүснэ.
     -Өргөөнийхөө газрыг 2022 онд авсан сураг байсан, үл хөдлөх өмчлөлийн гэрчилгээг авсан уу?
     -1998 оноос хойш 21 жилийн дараа их засвараа хийж байна. Бага багаар явж л байна, гадна засварыг 12 сард дуусгана. Өргөөнийхөө газрыг 2022 онд авсан. МҮБХ-ны дүрэмд заасны дагуу өмчөө бүртгүүлж авахаар үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээ авахаар ажиллаж байна. Эд хөрөнгийн бүртгэлийн газар Төрийн өмчийн хорооноос төрийн өмчид бүртгэл, хамааралтай эсэх талаарх тодорхойлолтыг гаргуулж, бүрдүүлэх материалд хавсаргах чиглэл өгөөд түүнийг хэрэгжүүлж ажиллаж байна
  – Одоо их засвараа хийж байна, үзэмжтэй болж үзвэрийн шаардлага хангахуйц болоод ирэхээр нь төр 1998 онд засгаас олгосон 800,0 сая төгрөгөндөө бөхийг өргөөг авна гэвэл та бүхэн зөвшөөрөх үү?
  – Өргөөний санхүүжилтийн тодорхой хувийг Төрөөс шийдсэн. Уг нь тухайн үедээ төрөөс төрийн бус байгууллагад санхүүгийн дэмжлэг гэж үзүүлсэн юм билээ. Тухайн үеийн удирдлагууд энэ ордон өргөө нийгэм, олон нийтэд ямар их өгөөжтэй байхыг харж чадсаны үндсэн дээр шийдвэрээ гаргаж, буцалтгүйгээр тусалсан. Урлаг соёлын олон арга хэмжээ, спортын хэдэн зуун тэмцээн байгуулагдсан. Энэ нь зөвхөн энэ 2 салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахаас гадна нийгмийн уур амьсгалд маш их эерэг нөлөөг үзүүлдэг юм л да. Тухайлбал өнгөрсөн өвлийн иргэдийн бухимдаж цугласан ганц нэг цуглаан болон захиалгат мөн хуурамч цөөнгүй жагсаалуудад ард нийт олон өдөр үймэрч хаа сайгүй бухимдал үүссэн. Үүнийг тодорхой хэмжээнд бууруулахад урлаг соёл, спортын тэмцээн уралдаан ялангуяа бөхийн барилдааны нөлөө байдаг. Төр оруулсан санхүүжилтэндээ ногдох хувь болох 37 орчим хувиа авна гэвэл авах л байхдаа. Төр зохих хувийг авсан бол урсгал зардлыг мэдээж хариуцана, өргөөний үйлчилгээний ажиллагсад, түүний удирдлага зохион байгуулалтанд оролцоно. Менежментийн хувьчлал гэдэг айхтар зүйлээр л нам, жалгын хэн нэгэндээ өгчихгүй бол болохгүй ч зүйлгүй юм шиг. Саяхан Буянт-Ухаа спорт ордныг 32 тэрбумын зээлийн хөрөнгөөр засч дууслаа. Чанарын хувьд манайхаас илүү биш байна. Жил бүр төрийн арга хэмжээ болох 2 өдрийн наадамд зориулж Төв цэнгэлдэх хүрээлэнд нийслэлийн төсвөөс 3-4,5 тэрбумыг буцаан авах нөхцөлгүйгээр 51% эзэмшигчиддээ олгож байдаг. Улсаас 15,000 сандалыг нь шинэчлэх зэрэг тохижилтыг хийж өгдөг. Харин бид бас л адил төрийн арга хэмжээ болох Цагаан сарын битүүний барилдаан зэрэг 5-6 арга хэмжээг зохион байгуулж 256 бөхдөө хуваан өгөх байны мөнгө болох 18-20,0 сая төгрөгийг л гаргуулж хамтарч ажилладаг юм.
  – Бөхийн холбоог байгуулж, өргөөг барьж босгосон Р.Нямдорж тэргүүнтэй та холбоотой байдаг уу? Тэр хүн яагаад Бөхийн өргөөнд ч юм уу харагддаггүй вэ? Ямар учир байна?
– Албан ёсоор хоёр удаа уулзсан. Надад болзол тавьдаг. Тэр биелэгдэх боломжгүй. Бөхийн өргөөг хувьчлаад үл хөдлөх хөрөнгө эзэмших гэрчилгээг гаргуулаад авчихсан. Мөн бөхчүүдийн допингийн шинжилгээнд өгөх шээсийг нуугаад дарчихсан зэрэг олон нийтийн дунд тараасан ярианд зарим нөхөддөө гомдсон гомдол. Бид нөхцөл байдлыг хэлж урьсан байгаа, тун удахгүй 1-р сард Бөхийн өргөөнд очихоо амласан.
  – Бөхийн холбоо зөрчил гаргасан бөхчүүд тухайлбал нэгнийгээ цохисон, барилдаж байгаа 2 бөхийн ард дэгээ тавьсан гэх мэт үйлдлүүдэд 2-3 жилийн хатуу шийтгэлүүд ногдуулсан үүнийг үзэгчид 2 талтай үзэж байна. Зарим нь хатуудлаа таныг ажиллаж чадахгүй байна гэх юмуу? Энэ талаар таны бодол?
   – Холбоо эмх цэгцэндээ орох гээд л үзээд байгаа. Түүний нэг хэсэг нь ялангуяа одоо түмний нүдэн дээр барилдаж байгаа залуучууд ёс зүйтэй байх. Өмнө нь нийгмийн байдлаа дагаад ч юм уу зөрчил, асуудлууд арай бага байсан бололтой. Одоо бөх гэлтгүй нийгэм ч, хүмүүсийн зан төлөв, хүн чанар гээд өөрчлөгдөж байна. үүний тусгал бөхөд тусна. Залуучууд зөрчил хаа наг гаргаж байна. Үүнд хариуцлага тооцохоос арга байхгүй. Хариуцлага тооцохоор тухайн бөхийн ар гэр, хамаатан садан, нутаг нуга гэсэн хүмүүс өмөөрнө, бас хорсдог гэсэн. Энэ бол байх л жижиг зүйл.
  – Наадмаас хойш допингийн асуудал бөхийн спортыг орхисонгүй. Бадарчийн асуудлаас эхлэе?
    -Наадам бол үндэсний их баяр наадмын тухай хуулиар зохицуулагдаж, зохион байгуулагддаг. Хууль журмын дагуу үйл ажиллагаа явагдах ёстой. Шинжилгээний талаарх мэдээлэл, шинжилгээний хариу бөхийн холбоонд ирэхгүй шүү дэ. Өмнө нь гарч байгаагүй зүйл нь бол бөх эрхээ хамгаалуулахаар холбоонд хандсан байгаа. Өмнөх он жилүүдэд зөрчил гаргасан бөхчүүд допингтой холбогдохоор холбоогоо л буруутгаад байсан. Бид хүсэлт өгсөн бөхийн эрх ашгийг ч анхаарч үзнэ мөн нийт олон бөхийн эрх ашгийг ч хамгаалж ажиллана.
    -Бөхчүүд шээс сольдог, хүний өгсөн зүйл идсэн, уусан гээд янз янзаар ярьж өнөөдрийг болтол допинг хэрэглэснээ хүлээн зөвшөөрсөн нэг ч хүн байдаггүй. Үнэхээр тийм юм болоод байдаг юм уу?
    -Энэ улиралын намрын улиралын нээлтийн барилдааныг нээхдээ “… Допингийн асуудлуудыг бөхийн холбоо, бөхчүүдтэйгээ нийлээд ч шийдвэрлэх боломжгүй тул Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын ерөнхий прокурор гуравт нээлттэйгээр хандаж тусламж хүссэн. Тэд ч анхааран үзсэн. Одоо шалгаж эхэлж байгаа. Мөн бөхчүүдийг өмнөх он жилүүдэд Допингийн эсрэг байгууллагын удирдлага болон ажиллагсад шантаажилсан, дарамталсан асуудлууд байдаг бол тэр мэдээллийг ирүүлээч гэсэн. Одоогоор бөхчүүд олон санал гомдол хэлж л байна. баримт нотолгоотой зүйл ирүүлнэ үү гэж байгаа.
  – С.Мөнхбат, Ч.Санжаадамба, одоо үеэс О.Хангай аварга допингийн талаар дугардаг. Тэд хэлэхдээ 2011-2020 онуудад наадамд түрүүлсэн бөхчүүдийн 80% нь допинг хэрэглэсэн гэх ярианы талаар?
   -Түрүү бөхчүүдийн 80% допинг хэрэглэсэн гэж гурвуулаа ч хэлээгүй. Нэр зааж асуусан тул нэр зааж хариулъя. С.Мөнхбат аварга допингийн талаар санаа зовниж байдгаа байнга хэлж байдаг. Түүнээс монгол эр хүний шинж, Монгол бөхийн аваргын шинж зэрэг олон эерэг зүйлс харагддаг. Бөх бүр л хэлдэг дээ, тэр 13-14 жилийн өмнө ямар залуу бөх байсан одоо яг түүн шигээ л байдаг. Энэ ёс суртахууныг одоо барилдаж байгаа залуучууд үлгэрлэн дуурайх хэрэгтэй. Харин Ч.Санжаадамба аваргын хүслээр байх ямар ч боломжгүй. Хууль, дүрэм гарсан өдрөөсөө л мөрдөгдөнө. Бөхчүүд өөрсдөө 2021 оны 6-р сард болсон бага хурлаар допингийн асуудалд хатуу хариуцлага ноогдуулах хэрэгтэй гэж 4 ба 8 жил гэсэн хариуцлагыг баталсан. Үүнийг буруутгахгүй. Гэтэл Н.Батсуурь аваргын асуудал бол 2020 оны наадмаар гарсан зүйл. Хууль, журам буцаж үйлчлэх ёсгүй. Тэгээд ч 3 бөхөд 11 сар барилдуулахгүй гэдэг шийтгэлийг Бөхийн холбоо бус Бөхийн салбар комиссын гишүүдийн олонхийн саналаар ногдуулсан. Үүнийг буруу гэдгийг ч тухайн үед цөөнх болохдоо хэлж байсан. Н.Батсуурь аваргын асуудлыг 2021 оны 6 сар руу татаж авч үзэн 2 эсвэл 4 жилээр шийтгэл ногдуулах ямар ч боломжгүй. Хүмүүс түүнд зөвлөхдөө 2003 онд Баяр наадмын хууль батлагдахдаа бөхчүүдийг цол амжилтаар эрэмбэлнэ гэж заасан боловч амьд сэрүүн байгаа 70, 80-аад онд цол авсан бөхчүүдийг ухрааж эрэмбэлсэнтэй адил гэж жишиж ойлгуулсан бололтой байсан. Үнэхээр 2003 оны 6 сард хууль батлахдаа алдаа гаргасан. Энэ нь 2003 оны наадмаас эхэлж цол авсан, баталсан бөхчүүдэд хамаарах зүйлийг өмнөх 30 гаруй жилийн өмнө цол авсан ахмадуудыг оролцуулан эрэмбэлсэн. Тухайлбал 1995 онд арслан болсон Д.Мөнх-Эрдэнэ арсланг бүх арслангуудын доор, 1971, 1981 оны их ойн жил наадмаар арслан, заан цол авсан бөхчүүдийг тухайн цолынх нь хамгийн доор эрэмбэлсэнтэй адилаар жишсэн. Үүнийг бид 2022 оны наадмын өмнө Баяр наадмын тухай хуулинд өөрчлөлт оруулж зассан. Тэгэхээр дахин хэлэхэд хууль, журам гарсан өдрөөсөө л мөрдөгдөнө. Үүнийг л допингтой бөхчүүдээ өмөөрдөг, хаацайлдаг гэж ойлгоод байдаг бололтой. О.Хангай аваргын хувьд допинг бол шударга бус зүйл гэдгийг хамгийн эхээр илэрхийлдэг, бөхчүүдээ зөв зүйлд уриалдаг залуу үеийн төлөөлөл. Шинжилгээ авахад үүсч болох байсан зөрчлийг хараад хэлсэн байсан, тухайн үед ажиллаж байсан эмч нөгөө бөхдөө үнэн худал эсэх нь тодорхойгүй шаардлага тавьж болиулсан. Энэ талаар зохих байгууллагуудад хэлсэн.
 – Допингийн эсрэг үндэсний төвийн ерөнхийлөгчийг томилчихлоо. Илүү нээлттэй ажиллана гэж байх шиг байна?
  -Засгийн газар ч томилоогүй байх. Хэрэв томилж ажлуулж байгаа бол хууль зөрчсөн асуудал. Түүнийг ТББ-ын дүрмээрээ удирдах зөвлөл нь сонгосон болов уу. Тэгэхээр итгэл төрөхгүй байна. Засгийн газрын сайд Д.Амарбаясгалан тус байгууллагыг нэг гэр бүлийн гишүүдээс бүрдсэн дээр нь олон жил хаалттайгаар үйл ажиллагаа явуулсан байна гэж тодорхойлж, одоо ил тод, нээлттэй үйл ажиллагааг явуулдаг байгууллага болгоно гэж Засгийн газрын хэвлэлийн хурлаараа олон нийтэд мэдээлсэн. Тиймд хэрэв Хатанбаатар эмч өөрийнхөө оронд ажиллах хүнийг өөрөө санал болгоод түүнийг нь Удирдах зөвлөл буюу гэр бүлийн гишүүд нь сонгосон бол энэ байж боломгүй утгагүй зүйл. Ц.Уугангэрэл хурандааг нэг дүүгээсээ нуруутай эр хүн гэж сонсож байсанаас танихгүй. Харин ийм байдлаар Хатанбаатар эмч санал болгоод тэр ажиллах гэж байгаа бол одоо татгалзах нь зөв болов уу. Тамирчид, спортын холбоод ч хүлээн зөвшөөрөхгүй. Харин тус байгууллагыг хуулийн байгууллага шалгаж дууссаны дараа удирдлагыг нь нээлттэйгээр сонгон шалгаруулах шалгаруулалтанд орж шалгараад ажиллабал бид хамтарч ажиллахад бүрэн итгэлтэй сайхан байна. Тэгэхгүй бол олон нийт Хатанбаатар эмч өмнөх он жилүүдийн асуудлаа нуун, хаах гэсэн үйлдлээр дотны нөхөр Уугангэрэлээ ӨӨРИЙНХӨӨ ОРОНД АЖИЛЛУУЛЖ БАЙНА ГЭСЭН хардлага маргаан хэзээ ч дуусахгүй. Бид урагш харж ажиллах атал эргэж хог новш шиг зүйлтэйгээ холбогдсоор байхыг хүсэхгүй.
  – Засгийн газраас буюу Д.Амарбаясгалан сайд үндэсний бөхөд допингийн шинжилгээ авдаггүй байсан ч болохоор юм ярьж байнашд. Ийм байж болох уу?
  – Яриа нь яг шинжилгээ авахгүй болно гэж хэлээгүй байна гэсэн. Хүн санаандгүй хэл хальтарч болно. Эсвэл сүүлийн үед хэвшмэл болоод байгаа төрийнхөн сошиолоор ажил төлөвлөх буюу асуудлыг өнгөц ойлгож, дүгнэх хар массаас дэмжлэг авах санаагаар хэлсэн. Гурав дахь тодорхойлолтоор бол хэрэгжүүлэх зүйлээ санаатайгаар хэллээ гэж дүгнэж болно. Хэрэв санаатайгаар хэрэгжүүлэх гэсэн үйлдэл байгаа бол энэ ерөөсөө байж болохгүй зүйл, үүний цаашдын хор уршиг маш их. Хор уршгийг тоочих юм бол нэг цагт багтахгүй. Хүн бүр бүх зүйлийг мэдэх албагүй тул түүнд зөвлөсөн нөхдүүд маш буруу ойлголт өгч байна. Нэмж хэлэхэд ард нийтээс санал авах гэдэг зүйлд одоо олон нийт яагаад ч итгэхгүй. Янз бүрийн нөхцөл байдлуудаас шалтгаалж өдөр хоног, цаг минут тутам хүмүүс улам бүр хэрсүүжиж байна. Хэн ч хэзээ ч итгэхгүй шүү. Ард нийтийн санал асуулгаар хөл хорилоо, … замын хөдөлгөөнийг хорилоо, … их хурлын гишүүдийн тоог нэмлээ, … ард нийт ажлаа хий гэж жагсаж байна гэх мэт элгийн санаанууд нь одоо бүр явцгүй зүйл болсон.
Хүмүүс үндэсний спортоос шинжилгээ авах шаардлагагүй, тухайлбал Японы сумо бөх авдаггүй гээд?
-Нэг зүйл эхлээд хэлье. Дэлхий нийт допингийн эсрэг тэмцэж байна. яагаад вэ гэвэл шударга бус байдал, дээр нь нэмээд хор хөнөөл. Хоёрхон хоногийн өмнө сүүлийн үед бөхийн тайлбараар нэрд гарч байгаа дүү таараад “… Хатанбаатарт ВАДА-н удирдлага танайх наадам гэдэг фестивалаасаа шинжилгээ авахаа болиоч гэжээ, ер нь ахаа шинжилгээ авахаа боливол ямар вэ…” гэж надаас асуусан. Түүнээс “… Хатанбаатар эмч тэр хоёр тийм зүйл ярьж байхад нь хажууд нь хамт байв уу…” гэтэл “… үгүй э тэр тийм яриа өгсөн байсан…” гэж хэлж байх жишээтэй. Хүмүүс асуудалд ямар ч шүүлтүүргүй ингэж л хандаад байна. Шалгагдаад ирэхээр хүн өөрийгөө өмөөрөх, хамгаалах үйлдлийг гаргахаас аргагүй. Тэр юу ч ярьж болно. Ингэхээр Хатанбаатар эмчид итгэх итгэл бүр багасаад байгаа юм. Олон улсын байгууллагын удирдлага дэлхий даяар тэмцэж байгаа хорт зүйлийг танайх хэрэглээрэй, тэмцээд хэрэггүй гэж хэлэхгүй. Японы сумо бөхийн олон зүйлийг үндэсний бөхтэй харьцуулдаг. Жижиг бага биетэй үндэстэнд бахархал түрүүлэхүйц том биетэй эрчүүдийг бий болгох шаардлага байсан. Иймд сайн чанарын хоол ундыг ихээр өгөх, амраах, бэлтгэл хийлгэх зэргээр тэднийг бэлтгэсэн. Япон улсын иргэдийн ёс зүй, хүмүүжил, төлөвшил мөн тэр улсын хууль дүрэм ямар чанга байдгийг бид мэднэ. Тэнд допингийн тариаг хийх шприцийг хүртэл шууд зарахгүй. Мөн дэвжээдэд ямар хариуцлага хяналт байх гээд олон асуудлууд байна. Манайд бүх зүйл эсрэгээрээ. Допингийн шинжилгээ авахгүй гэвэл одоо уул уурхай дагасан морь мал тарьдаг компанийн захирлууд хэдэн залуучуудаар харин ч нэг тоглох байх даа. Бид өмнөх жилийн наадамд 64 бөхөөс шинжилгээ авахад 1 бөх зөрчил гаргасан. Уг нь зөвөөр харвал залуучууд ойлгож эхлээд л байгаа юм даа. Овоо дээрдэх маягтай болж байтал төрөөс орж ирж самрах гээд санаагаа цухалзуулаад байх юм. Одоо ар тал, мөнгө санхүү сайтай дэмждэг компанитай бөхчүүдийг бодибилдингийн багш нар гэх хүмүүс олзлоод тэднээр өөрсдийгөө тэжээлгээд байгаа. Бүгд тариулж байгаа ш дээ гэж хуурдаг гэж байгаа. Одоо манай бөхчүүд тариулаагүй аварга арслан гараад ирсээн гэж хэлж, эхэлж байна гэсэн.
– МҮБХ энэ допингийн эсрэг байгууллагатай илүү их харилцдаг, жилд шинжилгээ өгдөг тамирчдын тоогоор бас хамгийн их холбооны тэргүүн таны бодлоор МҮДЭБ-н бүтэц, үйл ажилгаагаа цаашдаа ямар байвал илүү үр дүнтэй байх бол гэж дүгнэж байна?
-Би саяханы жишээ хэлье. Бөхийн салбар хорооны хурал 2023.09.26-ны өдөр боллоо. 12 гишүүн оролцож Допингийн эсрэг байгууллагын Гүйцэтгэх захирал Мөнхболдыг байлцуулж хуралдав. Түүнээс би 2 асуулт асуусан. Яагаад вэ гэвэл 09.10-ны өдрийн Намрын улиралын нээлтийн барилдааныг нээхдээ Допингийн эсрэг байгууллагыг шалгуулж ажиллана гэж хэлээд энэ асуудлыг холбооны зүгээс анхаарч байгаа учраас. 1-р асуулт “…танай ерөнхийлөгч Хатанбаатарыг АТГ шалгаж байгаа гэх мэдээлэл гарч байна. Энэ үнэн үү? …” гэсэнд тэрээр “…мэдэхгүй” гэсэн. 2-р асуулт. Энэ жилийн наадмын шинжилгээг яг хэдний өдөр Солонгос явуулсан. гэсэнд … бас “…мэдэхгүй байна, танд асуугаад хэлье…” гэж хариулсан. Энэ хариултууд миний хувьд ч гишүүдийн хувьд ч үнэхээр ойлгомжгүй байсан. Залуу хүн асуудалд ингэж хандаад байна уу? үнэхээр мэдэхгүй, хэлэхгүй гэх шаардлага гараад байна уу гэж. Энэ байгууллага ийм удирдлагуудтай байна гэхээр УГ ҮНДЭС СУУРИАР НЬ ӨӨРЧЛӨХӨӨС АРГАГҮЙ. Тэгэхээр ийм хүмүүсийг тамирчид, холбоод ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ. Асуултанд эргэн хариулахад тиймээ манайх энэ байгууллагатай хамгийн их харилцаа үүсгэдэг, хамгийн их тоогоор шинжилгээ өгдөг тул бид анхаарахаас ч аргагүй. Дүгнэлт, санал хэлнэ үү гэсэн тул санал хэлье. Хүлээн авдаг бол Уугангэрэл хурандаа эхлээд дүрмэндээ өөрчлөлт оруулан нэг гэр бүлийн гэгдээд байгаа удирдах зөвлөлийн 5 гишүүний тоог нэмэгдүүлэх, удирдах зөвлөлд орж ажиллах залуучуудыг зохих шалгуураар шалгаруулж нээлттэй оруулж ажиллуулах, дараа нь эрхийн дагуу Мөнхболд захирлыг чөлөөлөх, Гүйцэтгэх захирал мөн Еранхийлөгчийг нь нээлттэйгээр сонгон шалгаруулахдаа допингийн талаар хамгийн их судалгаатай, мэдээлэлтэй, мэргэжлийн эсвэл дөхүү мэргэжлийн ийм боловсон хүчин залуучууд олон байгаагаас шалгаруулж цэгцэлж өгөх. ЭНЭ БҮГДИЙГ ЭР ХҮН, ЦЭРГИЙН ХҮНИЙ ХУВЬД ХИЙЖ ӨГӨӨД БОЛОО. ЯМАР АМЬДРАХ АРГА ДУУССАН ХҮН БИШ. Харин тус байгууллагыг уг үндсээр шалгахад Ерөнхийлөгч, гүйцэтгэх удирдлагад Цогтсайхан гэж эмч байна. Тэр надтай хувь хүний зүгээс таарамжгүй байдаг ч одоо энэ цаг үед хамгийн зөв сонголт болохоор байгаа. Хувь хүмүүсийн харилцаа янз бүр л байдаг. Гэхдээ бид урагшаа харж ажиллах, энэ допингийн асуудлыг эцэслэхийн тулд ойлголцох хэрэгтэй. Мөн биеийн тамирын салбарын бэлтгэгдсэн маш сайн боловсон хүчин болох Х.Бакытжан байна. Тайваньд спортын чиглэлээрээ сурсан гэсэн. Бас БТСУХорооны мэргэжилтэн, хэлтэс газрын дарга шударга залуучууд ирж ажилладаг бол бэлээхэн боловсон хүчин байна. Удирдах зөвлөлд манай бөх тайлбарлагч Шижирбаатар байж болно. Энэ бүтэц зохион байгуулалтын шинэчлэлд Бөхийн холбоо анхаарч түүчээлэгч нь байна, манай бөхчүүд бүгд нэгдэнэ. Бүтэц зохион байгуулалтаа даруй эцэслэсэний дараа Монголын хуулийн байгууллага Солонгосын хуулийн байгууллагаас дэмжлэг аван өмнөх он жилүүдийн хадгалагдаж байгаа шинжилгээнүүдийн хариуг шалгуулах хэрэгтэй. Энэ нь 2 ба 3-с дээш шинжилгээ өгсөн бөхчүүдийн сорьцийг нягтлуулах. Үүнийг судлуулаад үзэхээр хүнд асуудал биш юм билээ. Өөрөөр хэлбэл тамирчин Болд сүүлийн 10 жилд 5 удаа шинжилгээ өгсөн байгаа нь 5-уулаа ижил үү, эсвэл 4 нь нэг хүний 1 нь өөр байх эсэх талаар. Ийм үйл ажиллагааны дараа шударга ажиллаж байсан бол энэ байгуулагын талаарх олон нийтийн хардлага дуусгавар болох, асуудалтай байвал шээсийг сольдог гэх яриа нь үнэн гэж батлагдах ийм л нөхцөл үүсээд байна. АТГ-т 2019 онд допингийн талаар хэрэг үүсгэн шалгахад тухайн он жилүүдэд ажиллаж байсан эмч наадмын дараа хоногт лексус 570 авто машин, мөн олон өрөө байрыг бөхийг дэмждэг барилгын компаниас авсан нь нотлогдсон боловч хэргийг хаасан талаарх мэдээлэл АТГ дотор битүү яригдсаар байсан. Энэ хэргийг сэргээгээд үзэхэд нэг чиг гарна. Үүнийг сэргээлгэхийн тулд нилээн явна. Тэгэхээр өмнөх асуудлуудыг ингэж шалгуулахгүй бол дээр хэлсэнчлэн Хатанбаатар эмчийг хэн нэг сонгогдсон дарга (хэзээ ч дээрээс томилохгүй) хаацайлсан гэх асуудал дуусахгүй. Түүнтэй хамтрагч байсан нөхдүүд одоо болтол нөлөөлж байна гэх хардлага байсаар л байна.
– Тэгвэл допингийн эсрэг байгууллагатай хамгийн холбоо харилцаатай байх Олимпийн хорооны талаарх таны байр суурь?
– Монгол Улс олимпод цагаан тугийн доор орох боллоо гэж сүүлийн саруудад их ярилаа. Үүнд хамгийн их нөлөөг үзүүлсэн нь Олимпийн хороо, Допингийн эсрэг байгууллага. Бөхийн холбоо биш шүү. Допингийн эсрэг байгууллага допингтой тэмцэх байсан. Хаалттай нуугдмал, мэргэжлийн арга зүйгээр хангахгүй, стандарт журмын талаар заавар зөвлөгөөг огт өгөхгүй ажилласан. энэ байгууллага бидэнд заавар зөвлөгөөг өгч, допингтой Бөхийн холбооноос илүү тэмцэх ёстой байсан. Нөгөө байгууллага болох МҮОХороо. Энэ олон жилүүдэд Допингийн эсрэг байгууллага МАШ МУУ ДЭЭР НЬ ХААЛТТАЙ АЖИЛЛАЖ БАЙНА ГЭДГИЙГ ТӨРИЙН САЙД НЬ ХҮРТЭЛ ХЭЛЧИХЛЭЭ. Үүнд хамгийн их анхаарал хандуулж ОУ-ын допингийн эсрэг байгууллагад шууд хандах эрхтэй нь МҮОХороо түүний удирдлага байсан. Гэтэл одоо Засгийн газар өмнөөс нь үүрэг хариуцлагыг нь үүрээд Допингийн эсрэг үндэсний хороо гэх утгагүй зүйл хүртэл байгуулж бурууг нь үүрч явах шиг. Допингийн асуудлаар Баттүшиг, Хатанбаатар эмч нар нэг удаа дуу гаргасан уу. Энэ үнэхээр харамсалтай. Аливаа нэг байгууллага ялангуяа спортын байгууллагын удирдлага салбартаа шударга ёс мөн ямарваа нэгэн хүнд асуудал үүсгэхгүйн тулд дүрэм журмыг мөрдүүлж ЗҮГШРҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ХАМТ ОЛОН БОЛОН ӨӨР ДЭЭР ИРЭХ БҮХ ГАЛ, ХЭЛ АМ, ЭСЭН БУСЫН ОЛОН ЗҮЙЛСИЙГ ДАВАН ТУУЛЖ ЗӨВ ЗАМД ОРУУЛАХ гэж үздэг байх. Гэтэл тэгээгүй цаашдын каррьер, нэр хүндэд нөлөөлнө гэдгээр бүхний ард чимээгүйхэн нуугдаж хэтэрхий сул дорой байсаар ирсэний дүн. Нэгдүгээр жишээ нь энэ допингийн асуудал. Хоёрдугаар жишээ нь 2022 оны 8-р сард Засгийн газрын тогтоолтой Үндэсний спортын 7-р наадмыг БТСУХороо, 15 гишүүнтэй Үндэсний спортын хороо хамтран зохион байгуулсан. Үүнд Баттүшиг ерөнхийлөгчийг Олимпийн хорооны 4 гишүүн холбоо нь байна Амжилт хүссэн мэндчилгээ ирүүлнэ үү гэсэн хүсэлтийг хэлсэн. Ийм жижиг асуудал буюу МҮОХороо Үндэсний спортын хороонд мэндчилгээ явуулах эсэх талаар хамт ажиллагсадаасаа асууж байна гэхээр их урам хугарсан. Тэгэхээр Баттүшиг, Хатанбаатар эмч нарт МОНГОЛЫН СПОРТ ХӨГЖИНӨ ҮҮ УСТАНА УУ ОГТ ХАМААГҮЙ ХҮМҮҮС. Нэг нь асуудалтай бололтой маш их нуугддаг, нөгөө нь нэр төр, цаашдийн карьер л боддог байх. Одоо спортын бусад холбоод, спортын зүтгэлтнүүд тамирчид дуугарах хэрэгтэй. Та нар мөн бид нарын дээрээс энэ 2 этгээдүүд ялгадас асгаад инээгээд сууж байгаатай ялгаагүй. Өмнөх МҮОХ-ны Ерөнхийлөгч байсан Олимпийн аварга дүү манай И.Доржсамбуу гүйцэтгэх захирал бид хоёрыг хүлээн авч уулзахдаа Допингийн эсрэг байгууллагад асуудал байгааг хэлж, хамтарч ажиллах, асуудлыг гаргаж ирэх талаар судалж байгааг хэлж байсан. Харамсалтай зүйл болоод тэр ажлаа өгсөн. Одоо допингийн асуудалд жинхэнэ буруутгах 2 байгууллага байхад бөхийн холбоо допингтой тэмцдэгээрээ бүх бурууг үүрэх юм шиг ойлголтыг ухвар мөчид хүмүүст төрүүлж байгаад бухимдсандаа үүнийг хэллээ. МҮОХорооны гүйцэтгэх удирдлагууд энэ бүхнийг Ерөнхийлөгч Баттүшигтээ хэлж зөвлөх байтугай өөрсдөө өмнөх ерөнхийлөгч Загдсүрэнгээ шантаажилсан уу дарамталсан уу эсвэл үнэхээр ном журмаар авсан юмуу байшин савны асуудалд орооцолдоод энэ хэрүүлээрээ спортын салбарыг гутааж байхад тэд өөрсдөө гарч ирээд үнэн тайлбарыг өгчихгүй байдаг нь маш харамсалтай. Асуудалгүй бол тэгмээрсэн. Ийм зүйлтэйгээ ноцолдоод дээр нь өдөр хоногоо өнгөрөөж суугаа нөхөд хүмүүс юун допингийн асуудалд санаа зовох вэ. Ер нь манай спортынхонд бас сүүлд спортын зүтгэлтэн гэгч болж байгаа 40-өөс дээш насны нөхдөд хамгийн адгийн нэг зан байна. Мөнгөтэй хүнд нугасгүй хаалга шиг. Хоорондоо бол уралцана. Мөнгөтэй хүн буруу ч байсан дуугүй дагаад амиа хоохойлоод байцгаахыг боддог. Түүндээ асуудлыг хэлдэггүй, ойлгуулдаггүй. Энэ байдал одоо энэ олимпийн хороо дээр яг харагдаж байна. Монгол улс олимпод цагаан тугийн дор орох эрсдэл байна уу байна. Тамирчид допингийн зөрчил гаргаж байна уу байна. Спортын холбоод багш дасгалжуулагчид тамирчдын дунд маргаан зөрчил байна уу байна – жишээ нь чөлөөт бөхийн холбоо. Олимп, дэлхий, азийн наадамд амжилтгүй оролцож байна уу байна, олон улсаас Монгол гэсэн нэрээр санхүүжилт их авдаг хөл бөмбөгчид муу байна муу байна, байшин савны хэрүүл байна уу байна. Эдгээрт Олимпийн хорооноос дугарч байгаа нэг удирдах албан тушаалтан байна уу? Байхгүй. Тэд нэг нэгнээ шантаажилсан бүлэг этгээд л болж.
-МҮБХ-той мэргэжлийн байгууллагын хувьд холбогддог БТСУХорооны үйл ажиллагааны талаар?
– Ц.Шаравжамц, Д.Жаргалсайхан, О.Баттулга гэж 3 даргатай хамтарч ажиллаж байна. Тэд болон тухайн хамт олон мэргэжлийн төв байгууллагын үүднээс зааварчилгаа зөвлөмж өгөх, санал хүсэлт хүлээн авах, асуудлыг зөвлөлдөж шийдвэрлэх зэргээр бүх талаар анхаарч ажиллаж ирсэн. Төрийн байгууллагаас өөр бид юу хүсэх. Тэд ч бид ч хийх ёстой зүйлээ хийгээд санал шүүмжлэлээ гаргаад ойлголцоод явдаг.
– Бөхчүүдэд цол олгуулах санал гараад байсан энэ юу болсон? Мөн цээжин дээрээ арслан зуруулсан байсан П.Сүхбат гардид Улсын арслан цолыг олгуулах гэсэн Шүүхийн захирамж гарсан байгаа талаар?
– Тэгш ойн жил бөхчүүдэд даваа өгсгөж цол олгодог уламжлал байсан юм билээ. Энэ дагуу дархан, даян аварга болсон бөхчүүд ч бий. Тэдгээрээс ганц хоцорсон нь П.Сүхбат гарди. Холбоо сүүлд 1995 онд бага хурлаараа хэлэлцээд О.Балжинням арсланд аварга, Д.Мөнх-Эрдэнэ заанд арслан цолыг өгч байсан юм билээ. Одоо бол Ерөнхийлөгч цол олгодог хуультай тул асуудал гацсан.
Асуулт: Наадмаар цол авсан бөхчүүдийн цолыг шинжилгээний хариу гарсны дараа олгодог болгоё гээд байгаа. Энэ их зөв хувилбар юм бишүү? Урьд нь ер нь иймэрхүү зүйл яригдаж байсан биз дээ?
Хариулт: Бид цолны БАТЛАМЖ өгье гэдэг саналаа хуулийн төсөлд оруулсан. Их хурлын гишүүд батлахдаа хаснаа гээд хассан. Одоо үр нөлөө нь харагдана.
-Монгол наадам тасарч болохгүй гэдэг. 2021 оны ковидын жил наадам хийсэн. Тухайн жилийн Баяр наадам зохион байгуулах хорооны дарга нь Х.Нямбаатар сайд байсан тийм үү? Мөн Х.Нямбаатар сайд тантай хамт төв асарт сууж наадам үзэж байгаа бичлэг байгаа. Э.Оюунболд арсланг 5-ийн даваанд унахаар яваад өгсөн байсан. Энэ талаар?
– Би ч ганцаар хамт байгаагүй. Манай О.Балжинням аварга, дэвжээ галуудын удирдлагууд асарт хамт байцгаасан. Таны хэлсэнчлэн Шадар сайд С.Амарсайхан ковид туссан байсан тул Х.Нямбаатар сайд Баяр наадам зохион байгуулах хорооны даргаар томилогдсон байсан.
2021 оны 512 бөхийн барилдаанд цол олгуулах гэтэл дээрх Э.Оюунболд арслангийн асуудал бас Ч.Санжаадамба аварга Гиннесийн барилдаандаа, тухайн үеийн төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат гишүүн нутгийн Мөнх-Эрдэнэ арслан, Хишигдорж заан нарт цол нэмүүлэхээр бойкот хийж унагасан гэсэн яриа байдаг?
  – Сум, аймгийн наадмыг хийхгүй зөвхөн улсын наадмыг хийнэ гэсэн Засгийн шийдвэр 2021.06.21-нд гарсан тул бүх бөхчүүд нэг дор барилдахаар хичээж бэлтгэлээ өмнөхөөс сайн базаасан. Хатуу наадам болох нь гэж тооцоцгоосон тул. Гэтэл 07.01-нд талбай дээр хүмүүс жагссан, эмч нар суулт хийсэн. Өмнөх 07.01-ний асуудал давтагдаж магадгүй гэж эмээсэн байх. Үүний маргааш Засгийн газраас наадам хийхгүй гэж шийдвэр гаргасан. Үүнд хүмүүс ч бөхчүүд ч бухимдсан. 100 гаруй бөхчүүд цахим группт нэгдэн санал хүсэлтээ илэрхийлж байсан. Ч.Санжаадамба аварга бөхчүүдэд та нарын холбоо барилдаан зохиохгүй байна шүү дэ гэсэн хөөрхөөн хатгасан яриаг оруулсанг бөхчүүд надад явуулж байсан. Бид зохих зөвшөөрлийг авч, зарим сайд дарга нараас яг наадам шиг л бүх үйл ажиллагааг зохион байгуулж ажиллаарай гэсэн чиглэл авсаны дагуу зохион байгуулсан. Ингээд 160 аймгийн начин цолтонг хасч 512 бөх барилдсан. Шөвгөрч түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд цолны асуудал яригдахад гол нөлөөлөх МАН бүлгийн дарга Тогтохсүрэн гишүүнд Ч.Санжаадамба аварга маань юун цол олгох, гиннесийн барилдаанд эхлээд олгочих гэж асуудлыг бүдгэрүүлж ярьсан байсан. Амжилттай барилдсан залуучууд л хохироод байгаа юм. Гэхдээ энэ асуудал бүр эцэслэгдэж хаагдчихаагүй. Шийдэгдэх боломж байгаа. УИХ-ын гишүүд Дагаж мөрдөх журмын тухай хуулийг нь бол батлаад өгчихсөн. Ерөнхийлөгч олгохгүй бол дараагийн Ерөнхийлөгч олгох байх даа. Хааяа арга хэмжээ, уулзалтанд таарахаараа нөгөө цолууд яах билээ гээд асууж л байдаг юм. Тэгэхээр бас найддаг л юм. Ер нь 100 жилийн их ой 2021 онд болно гэдгээр аймаг, сумдаас улс төрийн байдлаар хэлмэгдсэн, гадуурхагдсан хохирсон бөхчүүдийн талаарх хүсэлтүүдийг олноор ирүүлж байсан. Харамсмаар зүйлүүд бас байдаг. Энэ нь дан ганц улсын цол биш аймгийн цол авсан бөхчүүдийн асуудал ч байдаг.
  – Харин 2021 онд аймаг сумын наадмын бөхийн барилдаан бүгд зохион байгуулагдсан?
 - Энэ талаар одоо л бас анх удаа ярьж байна. 512 бөхийн барилдааны дараа Шадар сайдад наадам тасарч болохгүй байх гээд асуудлыг танилцуулсан. С.Амарсайхан сайд дэмжсэн. Аймгийн бөхийн холбоонуудаа аймгийн онцгой комисстой зөвшилцүүлээд аймаг, сумын цол олгох барилдаанаа зохион байгуулах талаар ажилла гэсний дагуу зохион байгуулж ажилласан. Үүний үр дүнд 21 аймаг 330 сумын баяр наадмын бөхийн барилдаан зохиогдож 198 залуу бөхчүүд сум, аймгийн цол шинээр авсан. Эдгээр залуучуудын өмнөөс болон нийт бөхчүүдийнхээ өмнөөс хожуу ч гэсэн түүнд талархалаа илэрхийлье. Олон удаа уулзалддаг ч энэ талаар ер баярласанаа илэрхийлээгүй байна.
  -Ер нь үндэсний бөхийн асуудалд төр ингэж оролцох нь зөв үү? Солонгосын шрым бөхөд төр нь оролцоод одоо хориод холбоодтой хүнд байдалтай байдаг гэсэн, харин япончууд сумодоо төр нь бараг оролцдоггүй? Манайх эсрэгээрээ байдаг?
  – Ерөнхийлөгч мэдэж байгаа. Түүнд 2022 оны 4-р сард Х.Баянмөнх, Г.Өсөхбаяр, О.Балжинням аваргуудтай хамт орж уулзахдаа таны асууж байгаа Солонгосын шрым, Японы сумо бөхийн ялгааг асуухад нь өөрийн авсан бүх мэдээлллээр тайлбарлаж хэлсэн. Бүрэн эрхийн хугацаандаа өөрөө хууль санаачилж ч болно. Алдаа гаргахгүй ажиллаж байгаарай гэж зөвлөсөн.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
CanadaPh
11 сарын өмнө
178.159.37.142
best rated canadian pharmacy: <a href=" https://canadapharmacy24.pro/# ">recommended canadian pharmacies</a> legit canadian pharmacy my canadian pharmacy rx https://canadapharmacy24.pro/# - canada discount pharmacy canadapharmacy24.pro
CanadaPh
11 сарын өмнө
178.159.37.142
canadianpharmacymeds: <a href=" https://canadapharmacy24.pro/# ">canadian pharmacies online</a> legal to buy prescription drugs from canada canada discount pharmacy https://canadapharmacy24.pro/# - canadian pharmacies canadapharmacy24.pro
Stromectol
11 сарын өмнө
178.159.37.142
buy minocycline 100mg online: <a href=" https://stromectol24.pro/# ">buy minocycline 50mg otc</a> minocycline 100 mg tablet order minocycline 100 mg https://stromectol24.pro/# minocycline 100mg pills online stromectol24.pro
Stromectol
11 сарын өмнө
178.159.37.142
ivermectin cost: <a href=" https://stromectol24.pro/# ">ivermectin generic name</a> minocycline 50mg without a doctor minocycline 50 mg otc https://stromectol24.pro/# cost of ivermectin 3mg tablets stromectol24.pro
Mexican
9 сарын өмнө
178.159.37.142
mexico pharmacies prescription drugs <a href=" https://mexicanpharmacy.cheap/ ">mexican mail order pharmacies</a> mexican drugstore online reputable mexican pharmacies online https://mexicanpharmacy.cheap/ mexican drugstore online
Mexican
9 сарын өмнө
178.159.37.142
mexican border pharmacies shipping to usa <a href=" https://mexicanpharmacy.cheap/ ">best mexican online pharmacies</a> mexican drugstore online mexican online pharmacies prescription drugs https://mexicanpharmacy.cheap/ mexican pharmaceuticals online
Төстэй мэдээ