alim.mn | 2024.10.19
Жүдогийн залуучуудын улсын аварга бөх хохирогчийн гурван сая төгрөгийн үнэтэй “Айфоне”-ыг хулгайлаад хорих ялаар шийтгүүлжээ

Жүдогийн залуучуудын улсын аваргын багийн төрлөөр алтан медаль, насанд хүрэгчдийн улсын аваргын багийн төрлөөр хүрэл  медальтай, сумын заан цолтой А.Ариун- ...нь зочид буудлаас хохирогчийн “Iphone 12 pro max” загварын гар утсыг хулгайлсан хэрэгт холбогджээ.

Хохирогч ийн мэдүүлжээ.

“...Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн учраас өрөөндөө ороод шууд унтсан. Өглөө сэрэхэд утас байхгүй байсан. Би утсаа Замын Үүдэд байрлах гар утасны дэлгүүрээс 3.000.000 төгрөгөөр худалдан авсан. Намайг унтаж байхад миний өөрөө рүү нэг эрэгтэй хүн ороод гарч байгаа бичлэг байсан...”

Харин жүдүчин залуу ийн мэдүүлжээ.

“... Би найзаа хайгаад өрөөнүүдийг шалгаад явж байсан. Нэг өрөө онгорхой байхаар нь ороод хартал нэг хүн буйдан дээр цаашаа хараад унтаж байсан. Тэр ахын толгойны хажууд нь гар утас нь байсан, тухайн үед тэр утсыг аваад гаръя гэсэн бодол төрөөд аваад гарсан. Тэди төвд очоод 300.000 төгрөгөөр зараад мөнгөө дансаараа авсан. Авсан мөнгөнийхөө 240.000 төгрөгийг бооцоот тоглоом буюу "Бет" тавиад алдсан.   Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Аав ээж хоёр маань намайг бага наснаас спортоор хичээллүүлсэн. Аавыгаа энд байдалтай суулгаж байгаадаа итгэлийг нь алдсандаа уучлалт гуйж байна. Би багаасаа олимпын аварга болно гэж мөрөөдөж тэрийгээ цаасан дээр бичиж, мөрөөдлийнхөө төлөө тууштай бэлтгэл хийж ирсэн. Манай аав ээж хоёр намайг дэмжиж Япон улсад 4 жил суралцуулахаар явуулсан. Япон улсад байхдаа мэрийлттэй байж, удаа дараа амжилт гарган аавынхаа нэрийг дуудуулж байсан. Монголд ирснээсээ хойш залуучуудын шигшээ багт орж бэлтгэл хийх эрхийг багш нар маань олгосон. Багаасаа мөрөөдөж ирсэн мөрөөдөлдөө маш ойрхон ирсэн үедээ ийм болчимгүй алдаа гаргасандаа үнэхээр их уучлалт хүсэж байна. Спортын хүн үнэхээр сахилга баттай ёс зүйтэй байх ёстой байхыг энэ үйл явдлаас сургамж авсан...”

Шүүх түүнд нэг жил нэг сарын хорих ял оноожээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ