alim.mn | 2024.10.19
“Сэргэлэн” орлон гүйцэтгэгч байгууллагын заалны түрээсийн төлбөрийн 800 мянган төгрөгийг аавынхаа дансаар аваад баригджээ

Дархан-Уул аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан Б.Өнөрхүү нь хурлын заалыг 2024 оны 3-р сарын 23-ны өдрүүдэд сургалт, зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Элит Эдикейшн” ХХК-тай  түрээсийн үнийг нийт 800,000 төгрөгөөр харилцан тохиролцож түрээслэхдээ гэрээ байгуулалгүй, өөрөө үнийн санал гарган, түрээсийн орлого болох 800,000 төгрөгийг өөрийн хамаарал бүхий төрсөн аавын ХААН банкны дансаар шилжүүлэн авч, хувьдаа захиран зарцуулан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зориуд хэрэгжүүлэхгүйгээр өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Орлон гүйцэтгэгч хатагтайн энэ “сэргэлэндэлт” дорхноо баригджээ.

“... Орлон гүйцэтгэгч хурлын заалыг “Дархан-Уул аймгийн ерөнхий сургуулиудын ахлах ангийн сурагчдад мэдээлэл олгох үзэсгэлэн” зохион байгуулсан нэрийг нь мэдэхгүй гадаадын их дээд сургууль сурталчилдаг нэг байгууллагад түрээсэлж, түрээсийн орлого болох 800,000 төгрөгийг 2024 оны 03 сарын 23-нд өөрийн төрсөн аавын ХААН банкны дансанд шилжүүлэн авсан талаар яриа байгууллагын ажилчдын дунд гарсан. Мөнгө шилжүүлсэн тухай баримтыг олж авсан юм шиг байна лээ, тухайн баримтыг нь байгууллагын дундын чат группт тавьсан байсан ...”

Ингээд орлон гүйцэтгэгч хэргээ хүлээжээ.

“... Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байгаа. Би 2023 оны 11-р сард уг албан тушаалд томилогдсон. Миний хувьд гэрээ байгуулалгүйгээр байгууллагын хурлын заалыг түрээсэлсэн явдалд харамсаж байна. Түрээсийн мөнгийг аавынхаа данс руу авсан нь миний буруу. Буруу гэдгийг ойлгоод авсан мөнгөө шилжүүлсэн. Уг мөнгийг хувьдаа захиран зарцуулсан зүйл байхгүй. Иймд намайг нэг жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү ...”

Шүүх нэг жилээр тэнсээд нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасжээ.

 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ