alim.mn | 2024.10.19
Зургаан сая төгрөгөөр торгуулсан Э.Цэнд-Аюуш өөрийг нь Ж.Дамдинцэрэн МҮОНРТ-ийн Гэрэл нар цагдаад “матсан” гэжээ

2019-2020 онд Нийслэлийн Соёл урлагийн газрын Урлагийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Э.Цэнд-Аюуш болон П.Отгонбаатар, Э.Мөнхбаясгалан нарт холбогдох МҮОНРТ-ийн бэлтгэсэн контентыг өөрсдөө хийсэн мэтээр хуурамч бичиг, тайлан гаргаж, нийслэлийн төсөвд 108,9 сая төгрөгийн хохирол учруулсан хэргийг шүүх шийдвэрлэжээ. Э.Цэнд-Аюуш нь  өөрийн үүсгэн байгуулсан “Монголын соёл аялал жуулчлалын холбоо" ТББ-аар  дамжуулан НСУГ-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, улмаар МҮОНРТ-ийн хийсэн “Монголын өв соёлын гайхамшиг” нэвтрүүлгийг тус ТББ-ын хийсэн ажил мэтээр П.Отгонбаатар, Э.Мөнхбаясгалан нараар тайлан, ажил гүйцэтгэх гэрээг хуурамчаар хийж гүйцэтгүүлсэн гэж яллагдсан. Улмаар уг гэрээг дүгнэх ажлын хэсэгт өөрөө орж ажиллан, гэрээ дүгнэсэн протокол, ажил хүлээлцсэн акт зэрэгт гарын үсэг зурж төлбөр шилжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, нийслэлийн төсвөөс 108,9 сая төгрөгийг “Монголын соёл аялал жуулчлалын холбоо”-ны  данс руу шилжүүлэн авч өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэж яллагдсан. Хуурамч гэрээ хийсэн П.Отгонбаатар нь “Монголын соёл аялал жуулчлалын холбоо”-ны ажлын албаны дарга гэж явжээ.

Э.Цэнд-Аюушийн мэдүүлснээр энэ хэрэг нь НСУГ-ын дарга Ж:Дамдинцэрэнтэй сандал ширээ булаацалдсанаас үүджээ.

 “... 2022 оны 6-р сард төрийн бус байгууллагын гэрээг нь дүгнээд акт үйлдээд тамгын газар саналаа хүргүүлээд бүх хэлтсийн дарга нараар гэрээг дүгнэсэн актаа баталгаажуулаад санхүүжилтийг нь өгсөн хүн бол Ж... 2021 онд хөндлөнгийн аудит орсон. 2022 онд Нийслэлийн аудит орсон. Нийслэлийн аудит ороход улсын яллагчийн буруутгаад байгаа ажил дээр ямар нэгэн зөрчил тооцогдоогүй. Хоёр удаагийн аудитын шалгалтаар ямар нэгэн зөрчил илрээгүй. Ж. ... гэдэг газрын дарга 2020 оны 12-р сард энэ ажлыг бүрэн болсон гэж авсан хүн 2022 оны 6-р сард Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт мэдүүлэг гаргаж энэ асуудлыг эхлүүлсэн. Мэдүүлгээ гаргахдаа тухайн үеийн үндэсний олон нийтийн телевизийн захирлын үүрэг гүйцэтгэж байсан Гэрэл гэдэг хүнтэй хамт очиж мэдүүлэг өгсөн. Тэгэхээр 2020 оны 12-р сард энэ ажил 100 хувь гүйцэтгэсэн байна гэж дүгнээд санхүүжилтийг нь 100 хувь олгож байсан Дамдинцэрэн дарга яагаад 2022 оны 6-р сард энэ асуудал дээр мэдүүлэг өгөх болсон бэ гэдэг асуудал байгаа. Энэ хувийн ашиг сонирхолтой.  Э.Цэнд-Аюушийг газрын даргаар тавих асуудал яригдсан. Энэ асуудалтай холбоотойгоор Дамдинцэрэн нь газрын даргаар томилуулахгүй гэсэн дээ энэ асуудлыг эхлүүлсэн гэж бодож байгаа. 2022 онд намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд зааснаар  мөнгө угааж залилсан гэж яллагдагчаар татаж 48 цаг саатуулсан. Монголын нэр бүхий 18 сайт Э.Цэнд-Аюуш төрийн бус байгууллагатай хамтарч 600,000,000 төгрөг нийслэлээс завшсан гэсэн мэдээг нэгэн зэрэг гаргасан. Одоо хүртэл энэ мэдээлэл нь хэвээрээ байгаа. 108,000,000 төгрөг дээр шалгаж эхэлсэн байхад ийм мэдээлэл гарсан. Энэ мэдээг зориудаар гаргуулсан. Хэн явуулсан гэдэг нь тодорхой...”

Улсын яллагчаас шүүгдэгч Э.Цэнд-Аюуш Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, 1 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч П.Отгонбаатарт 3 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч Э.Мөнхбаясгаланд 3 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулах санал гаргасан.  Ингээд шүүгдэгч нар хорих ял авахгүйн тулд шүүх хурлын үеэр хохирол төлөхөөр тав хоногийн завсарлага авч Нийслэлийн соёл, урлагийн газарт учирсан хохирол болох 108,9 сая төгрөгийг хувь тэнцүүлж буюу шүүгдэгч тус бүр 36,3 саяыг гаргаж шүүхийн тамгын газрын барьцааны дансанд байршуулсан тул төлбөргүйд тооцогджээ.

Шүүх Э.Цэнд-Аюушийг нийтийн албанд ажиллах эрхийг 2,6 жилээр хасаж зургаан сая төгрөгөөр торгожээ. П.Отгонбаатар, Э.Мөнхбаясгалан нарыг тус бүрийг нь нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасаж 5,4 сая төгрөгөөр торгосон байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ