alim.mn | 2025.11.17
Хөтөлийн "Цемент шохой" ХХК гурван жилд гурван захирлын нүүр үзэж, эцэст нь тракторын жолооч томилогдов
Хөтөлийн "Цемент шохой" ХХК-ийг гурван жилийн өмнө Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ оройлон сүр дуулиантайгаар төрд буцаан авч байв. Сахил хүртээд шал дордов гэгч болж, улстөрчдийн хамаарал бүхий хүмүүс ээлж дараалан томилогдсоор өдгөө гурван жилийн дотор гурав дахь захирлынхаа нүүрийг үзлээ. Энэ хэрээр ажил үйлс нь ээдрээтэй, эцсийн эцэст трактор комбайнч, ногоочин тариачин захиралтай боллоо гэж халаглаж байна.  Хамгийн сүүлд Ч.Ундрам гишүүний бие төлөөлөгчөөр ажиллаж байсан тракторч нөхрийг захирлаар тавьсан сурагтай. Мэргэжлийн бус хүн очсоноос үүдэн үйл ажиллагаа нь доголдож байгаа гэнэ.
   Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийг Худалдаа хөгжлийн банкны эзэн, “Сахал” Д.Эрдэнэбилэг хувьчилж авсан ч  2022 оны хавар төрд буцааж авсан. “Цемент шохой” ТӨХК-ийг “Сахал” хочит Д.Эрдэнэбилэгээс салгаж аваад, энэ ажилд идэвхийлэн оролцсон “Шилэн“ Цогоогийн хамаатан Лүндэгийн Наранбаатарыг "Цемент шохой” ТӨХК-ийн анхны гүйцэтгэх захирлаар томилсон. Хариуд нь Л.Наранбаатар “Цемент шохой” ТӨХК-ийг “Шилэн” хочит Б.Цогтгэрэлийн хуурай дүү нараар дүүргэж, пауэрлифтингийн тамирчныг Цементийн үйлдвэрийн даргаар тавьж байв. 
 
Ингээд 2023 оны 12 дугаар сард Л.Наранбаатар УИХ-д нэр дэвшихээр “Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын ажлаа өгсөн. Оронд нь ТЕГ-ын дарга асан Б.Хурцын худ, “MCS”-ийн Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очирыг томилсон. Гэвч ганцхан сар болоод чөлөөлөгдсөн. Ажлаа голсон уу, өөр учир жанцан байсан уу, их л учир битүүлэг зүйл болоод өнгөрсөн.
 
       Улмаар 2024 оны 2 сард Л.Элдэв-Очирын оронд дахиад л “Шилэн” хочит Б.Цогтгэрэлийн хамаатан \бүр үеэл\ Д.Баттүвшин гэх залууг томилсон. “Сахал” хочит Д.Эрдэнэбилэгээс салгаж авснаас хойш 3 жилийн хугацаанд “Шилэн” хочит Б.Цогтгэрэлийн хаяал, үеэл хоёр залгамжлан удирдаж иржээ.
 Засаг төр солигдож, “Цемент шохой” ТӨХК-ийн ТУЗ-ийн шийдвэрээр гүйцэтгэх захирал Д.Баттүвшинг чөлөөлж, түүний оронд Л.Ганбаатарыг томилжээ.
   “Цемент шохой” ТӨХК-ийн ТУЗ-ийн даргаар Баясгалангийн Энхтайван томилогдсон. Б.Энхтайван  2024 оны 9 сараас хойш Шадар сайд Т.Доржхандын Эрчим хүч, газрын тосны салбар хариуцсан зөвлөхөөр ажиллаж буй. Өнгөрөгч гуравдугаар сард АН, МАН, ХҮН намынхан өөрсдийн хүмүүсийг ТӨХК-иудад менежерээр томилох үед Б.Энхтайван нь ХҮН намаас “Эрдэнэс Монгол” ХХК-д Хариуцлагатай уул уурхай хариуцсан менежерээр томилогдож очсон, одоо хүртэл ажиллаж байгаа ажээ. Хамгийн хачирхалтай нь, Б.Энхтайван гэгч нь Шадар сайд Т.Доржхандын зөвлөх болохоосоо өмнө Хонконгийн компанид ажиллаж байсан гэхээс өөр намтар байдаггүй. Тэгэхээр Шадар сайд Т.Доржханд хэний ч танихгүй Б.Энхтайван гэгчийг зөвлөх болгон, улмаар “Эрдэнэс Монгол” ХХК-д Менежер, “Цемент шохой” ТӨХК-д ТУЗ-ийн даргаар тавьсан нь ардаа асар том ашиг сонирхол агуулж байж магадгүй гэж харддаг.Өмнө нь мөн л Шадар сайд Т.Доржханд хамаарал бүхий этгээд Г.Дугаржавыг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилуулж, түүгээр дамжуулан ХҮН намынхаа сонгуулийн санхүүжилтийг босгосон гэх ноцтой дуулианд холбогдсон. Улмаар 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн Г.Дугаржав нь АТГ-ынханд баривчлагдсан билээ.
 Ямартаа ч Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Энхтайваны шийдвэрээр “Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар Лүүлүүгийн Ганбаатар томилогдсон. Гэтэл Л.Ганбаатар 2020 оноос хойш Сэлэнгэ аймгийн ИТХ-ын төлөөлөгч бөгөөд УИХ-ын гишүүн Ч.Ундрамын Сэлэнгэ аймаг дахь Бие төлөөлөгч ажээ. Механик мэргэжилтэй, тракторчин хийж байгаад төлөөлөгч Л.Ганбаатарт 800 орчим ажилчинтай “Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаал үнэхээр томдож байна. 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
2 цагийн өмнө
59.153.115.84
Зөв хүн томилогдсон байна шүү амжилт
Төстэй мэдээ