alim.mn | 2026.01.08
Экологийн цагдаагийн тасгийн дарга асан Я.Билэгдэмбэрэл “эхнэрээсээ нууж хэдэн цаас хийх"-ээр найзынхаа эмээгийн дансаар 61 саяын хахууль авчээ

Экологийн цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн 1-р тасгийн дарга хошууч Я.Билэгдэмбэрэлийн хахууль авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжисөн, мөнгө угаасан гэх хэрэг шүүхийн шатанд хэлэлцэгдсэн. Тасгийн дарга асан нь хахуулийн мөнгө авахдаа мөрдөгчийн хувьд тун ч хянуур хандаж найз Д.Жамсранжавынхаа 80 гарсан эмээгийн дансыг ашиглажээ. Дансаа ашиглуулсан Янжин гуай тасгийн даргыг огт таньдаггүй байсан.

... 2019 онд байх, найз Билэгдэмбэрэл ирээд эхнэрээсээ нууж хэдэн цаас хийх гэсэн юм, ашигладаггүй данс байна уу гэхээр нь эхнэрийнхээ эмээгийн дансыг карттай нь хамт өгсөн ...

Түүнд хахуулийн өгөгчид нь Сэлэнгэ аймгийн хууль бусаар алт олборлогчидын “том гар” болох Г.Сайнбаяр, А.Мөнхбат аж. Бугатын Г.Сайнбаяр нь мод бэлтгэлийн “Сэлэнгэ Бугант", алтны А лицензитэй компанитай, өөрийн техник хэрэгсэлтэй, олон ажилчидтай  томоор хөдөлдөг тул нутаг усандаа “Томхон” хэмээн алдаршжээ. Тэрээр Хүдэр сумын Шоргоолз гэх газар ашиглалтын лицензитай талбай худалдаж аван алт ухаж эхэлжээ. Яг ухсан газрыг нь Шийр ам, Халиут гэх агаад очиход хэцүү, бартаа ихтэй гэнэ. “Томхон” нь тасгийн даргыг ДХИС-д сонсогч байхаас нь таньдаг байжээ. Тасгийн дарга асан нь Сэлэнгэ аймагт хууль бус ашиг малтмал олборолтын шалгалтаар очихдоо “Томхон”-ы уурхайг нь тойрч өнгөрдөг агаад үүнийхээ хариуд 2019-2021 оны хооронд нийтдээ 59 сая төгрөгийг Янжин эмээгийн дансаар авсан байна. “Нэг юм бүтээлгэх”-ээр хоёр сая төгрөгийг тасгийн даргын хахууль авдаг данс руу шилжүүлсэн А.Мөнхбат нь алт олборлох нөхөрлөлийн захирал гэж явдаг, хувьдаа бичил уурхайтай. Уурхай нь Ерөө сумын 2-р багийн нутагт орших Халзангийн давааны эсрэг талд буюу яг Ерөө голын дэргэд байдаг. Түүнийг  2016 болон 2021 онд хууль бусаар алт олборлосон хэргээр нь тасгийн дарга өөрөө гардан шалгаж байсан. Хэргийг дурдахад Г.Мөнхбат нь 2021 оны хавар Ерөө сумын Ялбаг гэх газарт хууль бусаар алт олборлох зорилгоор нэг ширхэг экскаватор, нэг ширхэг ковш, нэг ширхэг Урал машинтай явж байгаад Экологийн цагдаагийн постод баригдаад ковш, машинаа хураалгасан аж. Тэрээр өмнө нь мөн л хахуулын хэргээр Сэлэнгэ аймгийн шүүхээс ял шийтгүүлж байсан “туршлагатай” нэгэн агаад хоёрдахь удаагаа баригдаад л ухаарсан гэнэ.

... Хахууль өгч болохгүй гэдгийг одоо л ойлгож байна ...

Хуулийнхан тасгийн дарга асанг “Монтел констракшин”, “Хабул ти эм ай” компани руу бэлнээр болон дансаар 385 сая төгрөг шилжүүлж таван байр, нэг гарааш худалдаж авсан гэж тогтоожээ. Байрыг дүү Дашжамцын нэрээр авсан байна. Дээрхи байрнуудаасаа заримыг түрээсэлж 23 сая төгрөгийг орлого олсон гэж тогтоогджээ. Тасгийн дарга асан зургаагийн зургаан үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан их мөнгөнийхөө 253 сая төгрөгийн эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүй ч хамаатан садных нь хууль ёсны дагуу оруулсан мөнгө хамт орсон хэмээн мэдүүлсээр ирсэн. Тасгийн даргын хэрэг анхан болон давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдээд өдгөө мөнгөний эх үүсвэрийн маргааныг тогтоолгох нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурор руу буцаагаад байна.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ