УБТЗ-ын дарга нарын маргаан зодоонд замын дарга Х.Хэрлэнгийн нэр их багаар хавчуулагдсаар ирсэн. Энэ хэрэгт ч гэсэн “Хэрлэн дарга ажлаас хал гэсэн гэсэн чиглэл өгсөн, Хэрлэнтэйгээ очиж учраа ол” гэж хэлсэн баримт авагджээ. Зодсон буюу түлхэн унагааж өшиглөсөн нь тухайн үеийн УБТЗ-ын Дотоод аудит хяналт шалгалтын газрын дарга Б.Болд, зодуулсан буюу хөлөндөө өшиглүүлсэн нь Хуулийн албаны орлогч дарга М.Минжмаа гэнэ. Хэрэг бүр 2022 оны 3-р сард гарсан ч удтал сунижрсаар зөвхөн өнгөрсөн онд л шүүхээр шийдвэрлэгдсэн. Энэ удаан хугацаанд хоёр дарга огт эвлэрээгүй нь зөрчил ихээхэн хурц байсныг харуулж байна. Орлогч дарга эмэгтэй нь биеийн баруун хэсгээр шалан дээр түлхэгдэн унаж баруун зүүн гуяандаа өшиглүүлсэн гэжээ.
Өшиглүүлэх болсон шалтгаан нь замын даргын “хал” гэсэн чиглэлээс болсон гэх нэгдэх хувилбар бий .
Дараагийх нь Аудитын дарга хэвлэл мэдээлэлд албаны шалгалтын материалыг нийтлүүлсэн, яриа өгсөнд орлогч дарга эмэгтэй ихэд бухимдсанаас болсон гэнэ. Гэхдээ гурвдахь нэгэн хувилбар байгаа аж. Тэр нь Дотоод аудитынхан 2021 онд нэр бүхий 15 албан тушаалтан “Төслийн нэгж” дээр дотоод журам зөрчин Б-Н-179 тоот тушаал гаргуулан 35-65 сая төгрөгөөр шагнуулсаныг илрүүлжээ. Хуулийн албаны орлогч дарга 50 сая төгрөгийн шагнал авсан тул буцаан төлүүлэх акт тавигджээ. Энэ шалгалтын дүнг хэлэлцэх хурал дээр тэрээр Аудитын дарга руу дайрч зад хэрэлдсэн гэнэ. Ийм баримт хэрэгт авагдсан ч Дотоод аудитын дарга нь Хуулийн албаны орлогч дарга эмэгтэйн биед хөнгөн гэмтэл учруулсан шинжилгээний дүгнэлт, гэрч нарын мэдүүлгээр бүрэн нотлогдсон гээд шүүх 600 мянгаар торгосон. Экс даргын өмгөөлөгчид давж заалдсан ч амжилт олоогүй агаад энэ хэрэг ийнхүү дуусжээ.
