alim.mn | 2026.01.15
Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын захиргааны дарга асан Я.Сумхүүд хоёр жилийн хорих ял оноолоо

Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын захиргааны дарга Я.Сумхүүг “20 минутын хот” Үндэсний хорооны дарга сайд хэмээх Р.Эрдэнэбүрэнтэй холбож ярьсаар ирсэн. Холбогддог гол шалтгаан нь сайд гуайн 90 хувийг нь эзэмшдэг “Сонголт дизайн” хэмээх компани юм. Энэ компанийн 10 гаруй ажилтныг дарга асан Я.Сумхүүг ажилд авч хий цалин өгсөн гэж шуугисан. Харин мөрдөн байцаалтаар “Сонголт дизайн”-ы Ц.Урангоо, Б.Молом, О.Одбаяр.Д.Урангоо нарын дөрвөн хүнийг ажилд “авсан” гэж тогтоогджээ. Гэхдээ тэд албан ёсоор ажилд авагдаагүй, цагийн бүртгэлд ч ороогүй гэнэ. Уг нь экс “Сонголт дизайн”-ынхан “LIT”, “BIT” гэх хоёр төслийн хүрээнд уулзвар, инженерийн дэд бүтцийн шугам сүлжээ, техникийн шийдэл боловсруулах, замын нөлөөлөлд өртсөн шугам сүлжээг зайлуулах ТЭЗҮ боловсруулах гээд “том” ажил хийсэн байна. Гэтэл ийм том төслийн тооцоо боловсруулах лут ажил явагдаж байгаа гэдгийг Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын захиргааны гурвын гурван газрын даргын нэг нь ч мэдээгүй гэж мэдүүлжээ. Экс “Сонголт дизайн”-ынхан 2024 оны 10-р сараас “ажиллаж” эхэлжээ. Тэдний цалинд нийт 69 сая зарцуулсан агаад нэг хүн дунджаар 10-20 сая төгрөг авчээ. Гэхдээ цалин нь ормогц тэд Я.Сумхүүгийн нагац эгч Цэмпилмаа, хамаатан Билгүүн нарын дансанд шилжүүлдэг байжээ. Хэрэгт авагдсан баримтаар дарга асан нь нагац эгчээсээ авсан зээлээ төлж бас Билгүүнд гараашийн төлбөрөө өгсөн байна. Хэрэг илэрэхэд Я.Сумхүү экс “Сонголт дизайн”-ынхандаа мэдүүлэг хэрхэн өгөх талаар “чиглэл” өгчээ.

... Б.Молом : Сумхүү ах яриад намайг шалгаад эхэлсэн, чамайг дуудвал ажил хийсэн гэж хэлээрэй гэсэн ...

Шүүх Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын захиргааны дарга асан Я.Сумхүүд гурван жил нийтийн албанд ажиллах эрхийг хасаж, хоёр жилийн хорих ял оноолоо.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ