Т.Доржханд төрсөн ахынхаа хүүг Сангийн яамны Санхүүгийн зах зээл, даатгалын хэлтсийн даргаар томилуулж, Төрийн банкны ТУЗ-ийн гишүүн болгожээ
Төрийн банкны ТУЗ-ийн гишүүн Лувсандоржийн Сонор УИХ-ын гишүүн Т.Доржхандын төрсөн ах Тогмидын Лувсандоржийн хүү юм. Төрийн банкны ТУЗ-ийн гишүүн Л.Сонор нь Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Санхүүгийн зах зээл, даатгалын хэлтсийн даргаар ажилладаг. УИХ-ын гишүүн Т.Доржхандын төрсөн ахынх нь хүү Л.Сонор Сангийн яамны даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байхад Т.Доржхандын эхнэр У.Сийлэн нь “Монре даатгал” ХХК-ийг эзэмшиж, Ерөнхий захирлаар нь ажиллаж байгаа нь ашиг сонирхлын ноцтой зөрчил юм.
Цаашилбал, Төрийн банкны ТУЗ-ийн гишүүн, Сангийн яамны хэлтсийн дарга Л.Сонор, түүний аав Т.Лувсандорж нар УИХ-ын гишүүн Т.Доржхандтай ах дүүс гэдгээсээ гадна хувийн бизнесээрээ ч холбогдоно. Тодруулбал, Л.Сонор нь аав Т.Лувсандоржтойгоо “Төмрийн завод” ХК-ийг хамтран эзэмшдэг. Цааш хөөвөл, Т.Лувсандорж нь НИТХ-ын төлөөлөгч П.Ганзоригтой “Гэрэгэ менежмент ҮЦК” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Харин П.Ганзориг нь УИХ-ын гишүүн Т.Доржхандын эхнэр У.Сийлэнтэй “Авто хаб” ХХК, “Их Эрин констракшн” ХХК, “Монре даатгал” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Товчхондоо, Сангийн яамны Зээл тусламжийн газрын дарга, Санхүүгийн бодлого, өрийн удирдлагын газрын даргаар тус тус ажиллаж байсан УИХ-ын гишүүн Т.Доржханд даатгалын бизнесээ саадгүй байлгахын тулд төрсөн ахынхаа хүү Л.Сонорыг Сангийн яамны Санхүүгийн зах зээл, даатгалын хэлтсийн даргаар томилуулж, цаашлаад Төрийн банкны ТУЗ-ийн гишүүн болгосон байж болзошгүй хардлага хангалттай гарч ирж байгаа юм. Төмрийн завод ХК нь 2.4 га газартай 10 гаруй үл хөдлөх хөрөнгөтэй компани байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ
