IX Богд гэгээний хүү Чойнпэл гуайд 11 өглөгийн эзний өргөлийг гардууллаа
IX Богд гэгээний хүү Чойнпэл гуайд 11 өглөгийн эзний өргөлийг гардууллаа.
Жавзандамба Хутагт төвийн төлөөлөл 2025.11.26-ны өдөр Энэтхэгийн Дарамсала хотод Дээрхийн Гэгээн XIV Далай ламд мөргөхөөр очихдоо IX Богд Жавзандамба Хутагтын хүү Чойнпэл гуайтай уулзаж, IX Богдод зориулан “Их Бодь” суварга бүтээх аянд зориулан цуглуулсан хандиваа өргөснийг бид тухай үедээ мэдээлсэн билээ.
2025.11.26-ны өдөр цуглуулсан хандиваа өргөсний дараа Жавзандамба хутагт төвийн дансанд 11 өглөгийн эзнээс хандив орж иржээ. Тус сангийнхан тэрхүү мөнгийг 235$ болгож солиулаад Дарамсала хотыг зорьсон сүсэгтэн Ж.Саранчимэгт өгч явуулсан байна. Ж.Саранчимэг 2026.04.06-ны өдөр Дарамсала хотод IX Богдын хүү Чойнпэл гуайтай уулзан 235$ -ыг гардуулан өгчээ.
ТАЛАРХАЛ
IX Богд Гэгээн маань 15 жил амьдарсан Энэтхэгийн Mainpat хэмээх сууринд Их Бодь суварга бүтээх аянд хандив өргөсөн 11 өглөгийн эзэд та бүхэнд маш их гялайлаа. IX Богд гэгээнд зориулан босгох Их Бодь суварганы хандив төсөв амар хялбар бөгөөд хурдан түргэн бүрдэж, Их Бодь суварга удахгүй сүндэрлэн босож, олон амьтны эгээрэл хүслийг хангах эргэл мөргөлийн орон болох болтугай хэмээн ерөөл тавьж байна. Мөн энэхүү Их Бодь суварга боссоны дараа өглөгийн эзэн болсон бүх хүн тэрхүү суварганд очиж эргэл мөргөл хийж, их бодийн хөрөнгийг сэтгэл үндсэндээ төрүүлэх болтугай.
ЗОРИУЛГА ЕРӨӨЛ
Өглөгийн эзэн, нөхөр сэлт нугуудын
Энэ насны хэрэг нь барцад саадгүй бүтээд
Хорвоогийн сайн үйлс зүг бүртээ дэлгэрэн
Хотол даяар өлзий хутгийн цог орших болтугай.
Гайхамшигт бодьсадба сэлтийн ба бурхадын адистэд
Аяа шүтэн барилдлага хуурмаг үгүй үнэн хийгээд
Гагц бидний ариун санааны хүч чадлаар
Асар ариун ерөөлийн орон энэ нь бүтэх болтугай.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ
