МУИС-ийн Археологи, антропологи, хүн ам зүйн тэнхимийн Ахлах багш С.Бямбадоржтой ярилцлаа.
-Төрийн ордны арын хашаанд байсан Төрийн тамганы хөшөөг буулгалаа. Та үүнийг юу гэж үзэж байгаа вэ?
-Хараад харамсаж л байсан. Монголд байгаа цорын ганц хөшөө. Төрийн тамга бол оршин тогтнохуйн, бүр нарийн яривал тусгаар улсын бэлгэдэл. Эртний хятадууд хүннүчүүдэд тамга шагналаа гэж түүх сурвалжид олонтоо өгүүлдэг. Тамга авсан хүн нь тамгыг өгсөн хааны давуу эрхийг хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Тиймээс илүү давамгай байр суурьтай гэдгээ илэрхийлэхийн тулд өөр улсад тамга шагнадаг байж. Харин төрийн тамга нь тусгаар оршихуйн бэлгэдэл юм. Саяын нураадаг тамганы хөшөө төрийн тамганы бэлгэдэл. Төрийн бэлгэдэл тусгаар төрийн бэлгэдэл, түүнийг нураагаад, эвдээд хаяна гэдэг, нэгдүгээрт монголчуудын хувьд бэлгэдлийн хувьд билэг дэмбэрэлгүй зүйл болж байгаа юм, Хоёрдугаарт, хувь хүний уран бүтээл рүү халдаж байгаа асуудал.
Монголчууд төрийг хүндлэх, төрийг дээдлэх уламжлалт үзэлтэй учраас Монголын ард түмний дургүйцэл ч зүй ёсны юм гэж бодож байна. Судлаачийн хувьд их эмзэглэсэн, ядаж аятайхан нүүлгээд өөр газарт шилжүүлэх гээд өөр зөндөө арга бий. Төрийн тамга, тусгаар тогтнолын бэлгэдэл болгож Төрийн ордныхоо хойморт залсан ийм хөшөөг буулгаж хаяна гэдэг урд нь байгаа Чингис хааныхаа хөшөөг буулгаад хаяснаас ялгаа юун.
-Сүүлийн үед оюуны өмчид халдах явдал газар авлаа. АН бас туг далбаагаа зохиогчоос нь зөвшөөрөл авалгүй өөрчилсөн гэж байна?
-Тэр талаар сонссон. Дизайн, бэлгэдлийг нь хасаад хаячихсан юм билээ. Юм уншихгүй, мэдэхгүй, бодохгүй бол ийм л алдаа гаргана. Нэгдүгээрт зохиогчийн эрхэнд халдаж байна. Хоёрт, бүрэн бүтэн байсан санаа хагаслагдаж байгаа юм. Анхныхаа санааг бүрэн илэрхийлж чадахаа болино гэсэн үг. Урлагийн талаасаа бол жигтэйхэн нарийн эд юм билээ. Юмны тэгш хэмт чанараас эхлээд бүрэн төгс. Ер нь бол сүлд тэмдэг, туг далбаа зэргийг судалдаг тусдаа шинжлэх ухаан байдаг. Геральдик буюу сүлд судлал гэж байна, векселлоги буюу далбаа судлал гээд байж байна. Эдгээрийн шаардлагыг бүрэн хангасан гэж үзэж болох.
Хувь хүний хувьд АН-ын далбаа надад маш их таалагддаг. Өнгөний зохицол хийгээд хэлбэр утга санааны зохицол сайхан болсон далбаа шүү дээ. Зураач Д.Цогтбаярыг танина, бид нэг үеийнхэн. Анх 90-ээд оны дараа манай багш Төрийн соёрхолт Хандын Нямбуу дээр ирж зөвлөгөө авч байсан юм. Зөвлөгөө ч юу байх вэ, өөрөө төлөвлөсөн, төсөөлсөн орж ирээд “Энэ болж байна уу, утга бэлгэдэл нь таарч байна уу” гэж асууж байсан. Тэр үед бид анх танилцаж байлаа. Тэгэхэд л би их гоё туг далбаа болж байна гэж бодож байсан.
Нөгөө талаар тэр тугийн өнгөний үндсэн хоршил гайхамшигтай. Улаан хөх өнгө хоорондоо хоршоод, дундуур нь цагаан өнгө орж ирэхээр ямар гоё гэрэлтэй, сүрлэг харагддаг гээч. Босоо ч байсан, хэвтээ ч байсан маш зөв хэлбэртэй их гоё харагддаг туг шүү дээ. Би АН-ыг их сайхан тугтай гээд бахархдаг байлаа. Гэтэл тэрийгээ хасаад, оготор юм болчихож байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө хуучны сүр жавхаа байхгүй болчихож байгаа юм. Босоо, хөдөлгөөнтэй байхдаа, салхинд намираад анзаарагдахгүй байж магадгүй. Дотор хэвтээ үедээ утга муутай л харагдаж байна лээ.
Анхны хэлбэр нь монголчуудын туг далбааны үндсэн бэлгэдэл маш гоё зохицсон. Нар сар бол монголчуудын, монгол удмынхны өвөг дээдсийн хамгийн эртний шүтээн. Бүр цаашилбал Энэтхэгт хүртэл хэрэглэж байсан гэж үздэг. Монгол, Энэтхэг хоёр соёлын хувьд маш нарийн холбоотой. Хүннүгийн үед ч нар сарны дүрс байсан. “сваямбху” буюу “өөрөө бий болсон” гэсэн утгатай юм шүү. Сүүлд гал нэмэгдсэн. Энэ гурвыг ямар ч бурхан бүтээгээгүй, ямар нэг гадны хүчин бий болоогүй, өөрөө өөрийгөө аяндаа зүй тогтлоороо бий болгосон гэж үздэг. Нар, сар, гал гурав маш эртний бэлгэдэл.
Нар, сар тэнгэрийн бэлгэдэл. Тэнгэрийн бэлгэдэл болохоор хоёулаа мөнхийн бэлгэдэл. Монголчуудын үндсэн бэлгэдэл АН-ын туганд бүрэн шингэсэн байгаа. Бэлгэдэх дуртай өнгө бүгд бий. Үндсэн фон болох хөх өнгө нар сартайгаа нийлээд тэнгэрийн өнгө болж, тэнгэр шүтээнтэй шууд холбогддог. Мөнх хөх тэнгэр, хөх манхан тэнгэр гээд… Цэнхэр өндөр тэнгэр гээд… Би залуу байхдаа Швейцаруудтай хамт аялал жуулчлалаар тайлбарлагчаар явдаг байсан. Швейцарууд тэнгэр хараад зогсоод байдаг. Би залуу ч байсан, сайн ойлгохгүй яараад л… Тэгээд асуулаа.
“-Танай Швейцарь их гоё тэнгэртэй гэсэн. Зурагнаас харсан, гоё л харагддаг.
-Тийм, манайх гоё тэнгэртэй.
-Тэгээд яагаад энд манай тэнгэрийг ингэж их хараад байна” гэсэн чинь “Танай” тэнгэр их өөр, их гоё өнгөтэй, бас их өндөр” гэсэн. Өндөр тэнгэр гэдэг учиртай үг шүү.
Швейцарь уултай, их гоё байгальтай учир тэнгэр нь адилхан гэж бид боддог. Гэтэл тэр хүмүүсийн хувьд манай тэнгэр гоё, үүл ч гоё, гайхалтай мэдрэмж төрүүлдэг гэж байна. “Өндөр тэнгэр” гэдгийг оросууд “Огромная небо” гэж ярьдаг. Монгол хүний сэтгэлд бол “өндөр тэнгэр” гэж буудаг байх нь, маш хол харагддаг.
Далайд очоод тэнгэрийг харахаар дээрээс дарж алчих гэж байгаа юм шиг харагддаг. Манайх бол өөр, байгаль, цаг уурын хувьд ийм гайхалтай ялгаа байна. Тэгэхээр Монгол хүний хувьд тэр их өндөр хөх тэнгэр сэтгэлд үлдэхээс яах вэ.
Нөгөө өнгө нь “хөх манхан тэнгэр” гэж байгаа. Тэр нь хуучны самбай хадагны өнгө юм уу, бүр нарийн яривал нар гараагүй, үүрийн гэгээ туяарах үеэр тэнгэрийн харагдах өнгө. Бидний хувьд хөх цэнгэр өнгө гарцаагүй тэнгэрийн бэлгэдэл болдог. Тэнгэр мэт мөнх гэсэн санаа.
-Хөшөө нураах, туг далбаа хасаж танах нь эрдэмтэд, уран бүтээлчдээ хайнга, үл тоомсорлох ханддагийн илрэл үү?
-Засгийн газрын ордны арын цэцэрлэгт багадаа тоглож өссөн. Манайх хойд талынх нь байр байсан, өдөр болгон орно, тэнд тоглодог гоё цэцэрлэг. Тэнд Ж.Самбуу гуайг оршуулсан. Хажуу талд нь нэг зай үлдээсэн. Тэр үеийн хүмүүс “Бал дарга өөртөө зай үлдээсэн” гэж ярьдаг байж билээ. Оршуулж байх үед нь байрныхаа чердак дээрээс харж байсан. Сүүлд нь нүүлгэж, цэцэрлэг маань ашгүй шарилын газар бололгүй өнгөрсөн. Тэр цэцэрлэгт сайхан Төрийн ордноо түшүүлээд Тусгаар тогтнолын тамгатай болсон. Гэтэл тэрийг устгачихлаа. Нэг л зорилготой гэж би бодоод байгаа юм. Юу хийх гэж байгаа бол, төсөөлж ч барахгүй байна. Гэхдээ өнөөдөр манай нийгэмд төсөөлж баршгүй, хүний санаанд багтмааргүй юм зөндөө их болж байна. Удахгүй мэдэгдэнэ дээ, байшин барих гэж байна уу, арай ч нэг хүн, удирдагчийн бунхан барихгүй байх.
-Тэгвэл улаан өнгөний бэлгэдэл нь?
-Ард түмэн бүрт өнгө өөр өөр утга учиртай байдаг. Хятадууд баян тансаг, аз жаргалын бэлгэдэл болгож улаан өнгө сонгодог. Үндэстний 1000 жил үргэлжилсэн сэтгэлгээний онцлог. Үэхдээ бид улаан өнгийг бид зөвхөн хятадын бэлгэдэлт өнгө гэж хэлж болохгүй. Эртний Ромд улаан өнгө дайчин баатарлагийн шинж, Ромын легионууд улаан хувцастай байдаг. Эртний Ромд цагаан өнгийг сенотарууд өмсдөг, цэвэр ариун бурханлиг хүчний бэлгэдэл болдог. Ер нь бэлгэдэл цаг үеэрээ тайлбарлагдаж явдаг. Намайг бага байхад улаан галстук байлаа, тайлбарлахдаа “Бидний энх жаргалын төлөө халуун цусаа асгаруулж явсан өвгөдийн минь цусны өнгө” гэдэг. Ингээд улаан өнгө цусных гэж тайлбарлагдах боллоо. Цусны өнгө нь оросоос гаралтай. 1924 оноос цусны өнгө гэж тайлбарлагдан ороод ирсэн. Христийн гэмгүй цус, дээрээс нь хар судал татчихаар Христэд учирсан гай зовлон, гашуудлын өнгө болно. 1970-90 он хүртэл дан ингэж явсан…
Цаг үе, үзэл суртал болгон өөрийнхөөрөө тайлбарладаг. Гэхдээ үндсэн утга бий. Монголчууд яагаад улаан өнгөнөөс татгалзахгүй, социализм, коммунизмын үед өөр утга яваад байсан ч татгалздаггүй шалтгаан нь улаан бол галын өнгө, нарны өнгө. Далбаан дээр байгаа нартайгаа сүлэлдэж орж ирдэг. Монгол гэр тоонотой, тооно унь нь ямагт улаанаараа байдаг. Заримдаа унины толгойг хөхөөр буддаг. Тэр гоё. Малчин хүн гэртээ байхдаа хөх тэнгэр, алтан нар хараад сууж байгаа бэлгэдэл. Энх тайван амьдрал, аз жаргалынх нь бэлгэдэл яваад байна. Цогтбаяр хувьсгалын улаан өнгө гэхээсээ галын өнгө гэж сонгосон байх. Гал мандан бадрахын бэлгэдэл, ялгуусны бэлгэдэл, тийм учраас улаан өнгө сонгосон байх. Цагаан судал орж ирдэг. Цагаан өнгө нь монголчуудын хувьд сүүний, цэвэр ариуны бэлгэдэл өнгө. Ингээд монголчуудын дээд бэлгэдэл 3 өнгө ороод ирлээ. Цагаан судлаар, утгагүй дөв дөрвөлжин байсныг эвдээд гурвалжин болгож байгаа юм. Хөх Монголын хөх туг гэж монголчуудад байсан. Тэр нь яг тэр чигээрээ гараад ирсэн.
Манай Нямбуу багш Монголын төрийн бэлгэдлийн талаар хамгийн анх ярьсан хүн. Энэ хүний Монголын бэлгэдэл номонд Хөх Монголын хөх туг гэж бий. Гурвалжин хэлбэртэй улаан хээтэй, дундаа шонхор шувуутай. Гурвалжин хэлбэр морин дээр авч явахад эвтэйхэн. Тэгэхээр энэ нь Хөх Монголын ялан мандаж байсан түүхийн бэлгэдэл ороод ирж байгаа юм. Хажуугийн улаан өнгө Хөх Монголын хөх тугны улаан хэлний дүрс болгоод төсөөлөхөд маш сайхан таарч байгаа. Хөх өнгөтэй, улаан хүрээтэй, маш гоё өнгө.
Хэлбэр болгон оршихуйн бэлгэдэлтэй. Дөрвөлжин- хөдөлшгүй батын бэлгэдэл, гурвалжин хурц зоримогийн бэлгэдэл. Аль ч талаас нь харсан Монголчуудын уламжлалт бэлгэдэл бүтэн төсөөлөгдөж, шингээсэн ийм сайхан далбаатай. Ийм сайхан далбааг уг нь хайрлаж явах ёстой юм.
-Тэрнээс болоод АН сонгуульд ялахгүй байна уу?
-Тугаа тайрснаас болоод ялахгүй ч байж магадгүй. /инээв/
-Та хотын төвийн унаган хүүхэд байна. Ерээд онд, төрийн алба, дээд боловсрол сонин биш болчихсон үед угсаатан судлал сонгосон гэхээр сонин санагдлаа?
-Миний мэргэжил Монгол хэл уран зохиолын багш, Төвөд судлаач хүн. Өмнө нь гурван жил цэрэгт явчихсан ахмад оюутан байсан болохоор ухамсартайгаар сурсан. Тэнд манай Нямбуу багш Ёс зүй, монголчуудын ёс заншлын хичээл заасан. Тэгээд ийм гоё хичээл мэргэжил байна гээд сонирхоод, нөгөө төвөд судлал, монгол хэл уран зохиолоо бүгдийг нь орхиод, багшийгаа дагасан. Тэр үед Монголд угсаатны зүйгээр мэргэжилтэн бэлтгэдэггүй, байхгүй. Зөвхөн Москвагийн их сургуульд 2-3 жилд нэг удаа элсэлт авч мэргэжилтнээ бэлтгэдэг байсан. Тэгээд социализм ч задарсан, Орос ч ядарсан, Монгол ч ядарсан. Гэсэн ч манай шинжлэх ухаанд шинэ чиг баримжаа аваад, дэлхий рүү, эртний түүх рүүгээ хандах асар их боломж гарч ирсэн.
Тэгээд манай Х.Нямбуу багш угсаатны зүйг өөрсдөө бэлтгэе гээд их сургуульд ангиа байгуулж, тэр ангид анх багшаар ирсэн. Би өөрийгөө сайн дурын угсаатан зүйч гэдэг. Багшийгаа дагаж, бие дааж угсаатан зүйч болсон хүн шүү дээ. Одоогийн миний шавь нар жинхэнэ угсаатан зүйч. Багштайгаа би анх 1990 онд таарсан. Сургуулиа төгсөөд багш дээрээ очсон. Ш.Чоймаа багш маань “Нямбуу багшийн лабораторид эрдэм шинжилгээний ажилтан авах гэж байгаа юм шиг байна” гэхээр нь багш дээрээ ирсэн. Багш маань ч “Чамайг авалгүй яах вэ” л гэсэн, Анх Эрдэм шинжилгээний ажилтан болж орсон. Азаар олон сайхан багштай, Би их азтай хүн, олон сайхан багштай хамт ажиллаж, харж өссөн. Дандаа шилдэг багшаар хичээл заалгасан, чадал нь л хүрдэг бол юм болгоныг нь сонсох боломжтой байсан. Багш хүн шавь нарынхаа төлөө элгээ хэлтэлж явдаг, манай Ш.Чоймаа багш тийм л жинхэнэ багш шүү дээ.
-Та С.Бадамхатан гуайтай ойр ажиллаж байсан юм гэж сонссон?
-С.Бадамхатан багш надад хичээл орж байгаагүй, би багш болоод танилцсан, хамт ажиллана. Хичээл тараад танхимдаа Хатан багшийнхаа яриаг их сонсдог байсан даа. Би өөрийгөө зөвхөн Монголдоо угсаатан зүйч, угсаатан судлаач гэж тодорхойлдог. Манай багш нар “Та яахаараа тэгдэг юм, антропологич гэж хэлээч” гэдэг. Дэлхийд гарч олон соёлыг судлах сайн, жинхэнэ судалгаа сайн, гэхдээ аль нэг ард түмэнд дагнасан гүнзгийрүүлсэн байдлаар судлах бас сайн. Тэрийг хүлээн зөвшөөрөх л ёстой.
-Н.Энхбаяр гуайн Чингис хааныг зун төрсөн гэдэг байсан. “Одоо Монгол бахархлын өдөр” гэж нэрлээд Чингис хааны төрсөн өдрийг өвөл тэмдэглэдэг боллоо. Энэ зөв үү?
-Тэр үед олон зурхайч нийлээд тогтоосон. Чингис хаан яг хэзээ төрснийг бидний хэн нь ч мэдэхгүй. Гэхдээ тооны аргаар бодож олдог улс өвлийн эхэн сард гэж тогтоосон. Үүнийг нэг их тоодоггүй. Адилхан ш дээ. Чингис нэг л өдөр төрсөн байгаа. Бид нэг өдрийг товлон тэмдэглээд явахад ерөөсөө асуудал байхгүй. Яг нарийн засал ном хийлгэх гэж байгаа биш. Чингис хаан хаврын эхэн сарын шинийн нэгэнд төрсөн байна уу, өвлийн эхэн сарын шинийн нэгэнд төрсөн байна уу, өнөөдөр бидэнд тийм чухал биш. Харин тийм тэмдэглэлт бахархалт өдөртэй байх нь л чухал. Өдөр солигдох надад чухал асуудал биш. Угсаатан судлалаар их явахаар жаахан “бүдүүлэгдүү” болчихдог.
Цагаан сарын шинийн нэгэн гээд бөөн маргаан болдог. Сарын өмнө, хойно болно, заримдаа давхацна. Тэр үед хэл амгүй аз жаргалтай, сайхан шинэлдэг. Сарын зайтай болбол бие биеэ муулаад эхэлдэг. Дэлхий зууван дугуй, дээр нь эргэдэг, байнгын хөдөлгөөн дунд байна. Тийм хөдөлгөөнтэй байхад яг таг нэг цэг байх ёсгүй л байхгүй юу. Бээжинд, Энэтхэгт Делид хавар хэзээ болж байна, хойд өргөрөгт байгаа Улаанбаатарт хэзээ болох вэ, бүр хойно байгаа Ленинградад хэзээ хаврын урь орох вэ гэдэг ялгаатай зүйл шүү дээ, угаасаа. Үүнд би зурхайчиддаа итгэнэ, Хүрээний хуваарь, одоогийн Улаанбаатарт хавар хэзээ болох вэ гэдгийг бодож олж байсан тэр өвгөдийн ухаанд бишрэн мөргүүштэй. Би ямар ч эргэлзээгүйгээр Төгсбуянтын зурхайгаа дагадаг. Яагаад гэвэл энд Улаанбаатарт, Монголд хэзээ хавар болохыг бодчихсон байгаа. Бээжинд хавар болохыг бодохгүй ш дээ. Хувь хүний асуудал биш, үндэсний соёлын асуудал. Бид бүгд 12 сарын 31-нд оноо шилжүүлээд болоод л байна, муудсан юм алга.
-Бадамхатан багш хүний царайг хараад аймаг сумаар нь ялгадаг байсан гэл үү?
-Багш “бүгдээрээ ялгаатай, тэр битгий хэл сумаараа ялгаатай” гэдэг байсан. Бид жаахан юу ч мэдэхгүй тэнэг юмнууд гаднаас орж ирсэн хүн болгоныг “энэ аль нутгийн хүн бэ?” гэж асууна, ер нь голтой, зөв хариулна шүү. Бадамхатан багш “Монголчууд харахад адилхан юм шиг боловч үнэндээ өөр. Монгол угсаатан байнга холилдсоны үр дүнд үүссэн. Гэхдээ холилдохдоо дотроо холилдсон, учиргүй гадагшаа холилдсон юм байхгүй” гэдэг. Гэхдээ уугуул нутаг байгалийнхаа бүтээгдэхүүн учраас уугуул хэв шинжээ хадгалаад явдаг юм байна. Хангай, тал, говь газрынхан ялгаатай байдаг. Үсний ширхэг хүртэл өөр. Хатан багш гарцаагүй тэгж ялгадаг байсан. Би бол 100 хувь ялгаж чадахгүй. Хатан багш өөрөө их “тэнээд”, олон хүнтэй уулзаад явсан хүн мэддэг байхгүй юу. Зөвхөн антропологийн шинжээр ш дээ, тэнд соёл энэ тэр орохгүй. Хэл яриаг нь сонсвол нутгийн аялга гараад танихад бүр амархан болно.
-Манж судлалаар МУИС төв нь гээд та түрүүнд хэлчихлээ. Гэтэл өнөөдөр манж хэл мэддэг хүн бараг байхгүй л гэдэг?
-Хөөрхий дөө, түүхийн тоглоом хатуу. Угсаатны хувьд тийм том гүрэнг байгуулсан улс уусан алга боллоо. Манай өвөг дээдэс яасан их ухаантай байж вэ гэдгийг л бодох ёстой. Цагаа олж мэдэж хятадаас гарна гэдэг тийм учиртай. Манжууд цагаа мэдээгүй л байхгүй юу? Одоо Манжийг хятад гэдэг ойлголт нэлэнхүйдээ болчихлоо. Яг үнэндээ манжууд хятадаас илүү манайхантай ойр байсан улс. Манжуудын хүсэл мөрөөдөл, эрмэлзэл идеал нь Монголтой адил, соёл нь адилхан. Хятадууд манж маягаар үсээ засуулахгүй гээд асар том дайн болоод хядуулж байсан. Монголчуудад тийм юм байгаагүй. Ерөөсөө үс нь, хувцас нь ижилхэн байсан учраас. Үндсэндээ монголчуудын тухайн үеийн үс засалтыг манжийн үс засалттай харьцуулахад яг адилхан шахуу. Урдаа үсээ жаахан үлдээнэ, үсээ олон салаа шивэргэл болгож, олон салаа болгож сүлждэг үсийг ардаа унжуулчихсан. Манжууд манайханд соёлоо тулган хүлээлгэсэн зүйл ажиглагддаггүй. Монголчууд цөөхөн гэдгээ мэдэж байсан, өөрсдийгөө хамгаалах аргаа ч нарийн бодож байсан. Би яг нүдээрээ үзээгүй, гэхдээ олон ном үзсэн улс хэлдэг юм. Юань улсын үед Монгол хүүхдийг хятад хүүхдүүдтэй тоглохыг хорьдог байсан гэж. Багаас нь тоглуулбал дасна, цаашдаа ах, дүү, эхнэр, нөхөр болно, тэр дунд нь өнгөт нүдэнгүүдийг хязгаар болгож өгч байсан. Дараа үеэ яах вэ гэж бодоод явж.
Гэтэл манжууд нь маниусаасаа цөөхөн амьтан байсан. Лигдэн хааны захиа бий. “Чи бол дорно зүгийн өрнийн хаяа сахисан гурван түмний эзэн, би бол 40 түмэн Монголын эзэн их хаан байна” гээд захиа шидэлцээд. Гурван түм, 40 түм хоёрын хооронд их ялгаатай. Нөгөө манжууд нь “Чи 40 түмний эзэн гэв үү, Чи цахар аймгийн эзэн, бусад монголчууд надад байна” гээд. Тэр үед монголчууд хамгийн багадаа зургаан түм гэж бодоход гурван түмэн манжаас олон шүү дээ. Манж тийм цөөхөн жижиг, тэгээд хятад шиг далайд орохоороо үнэхээр болдоггүй юм байна. Манжийн эхний дөрвөн хаан дээр өөрийгөө хамгаалах бодлого барьсан, бусад нь уусаад алга болсон. С.Удвал гуайн зохиол “Их хувь заяа” роман дээр Магсаржавын багш Ганжуур гүн /Га гүн/ хэлдэг, “Шуудай хар будаан дотор атга шар будаа хийсэнтэй адил” гэдэг. Үнэн байгаа биз.
Манай өвөг дээдэс ухаантай, учраа, цагаа мэдээд оновчтой цагтаа гарчихсан улс. Манжийн хаад улам цаашаа яргаад, улам цаашаа шингээд, хэлгүй, бичиг соёлгүй болоод. Өнөөдөр цөөн манж бий, хэлгүй, бичиггүй, хэцүү. Бид маш их азтай. Манай өвөг дээдсийн ухаан барагдашгүй. Үеийн үед ийм байсан байх. Одоо л хамгийн их санаа зовох ёстой үе нь өнөөдөр гэж боддог.
Угсаатан гэдэг мөнхийн юм биш, буруу явбал амархан алга болдог, бусдын идэш болдог. Бид болгоомжтой байх ёстой. Өөр яах вэ дээ. Дэлхийд байсан том том угсаатан алийг тэр гэхэв, бүгд алга болсон. Хамгийн наад зах нь манжууд алга болчихлоо. Угсаатан гэдэг улс төртэй маш их холбоотой.
Угсаатан бий болгох, орших процесс улс төрөөс шууд нөлөөтэй. Аливаа төр хүнээ бий болгодог. Оросуудыг хар, хятадуудыг хар, Америкийг хар. Бүгд хүнээ бий болгон бүтээдэг. Яг энэ талаар манай төр юу хийж байна вэ гэдгээ сайн бодох ёстой. Манай төрд бодлого байх ёстой. Хар хайрцагны бодлого гэдэг ерөөсөө л үүнийг хэлээд байгаа юм. Түүнээс биш хар хайрцаг юм уу, алтан хайрцганд хийчихсэн бодлогын бичиг биш. Яаж оршин тогтнох вэ, ямар арга хэмжээ авч, ямар сонголт хийх вэ гэдгийг өвөг дээдсээс уламжилж ирсэн, үүний үр дүнд Монгол угсаатан оршин тогтнодог. Одоо бидэнд маш их хариуцлага оногдож байгаа. Бид тусгаар тогтносон Монгол Улсын голомтыг сахин суугаа 3-хан сая хүн. Гурван сая гэдэг олон хүнтэй харьцуулбал юу байх вэ. Манай төрийн анхааралд үүнийг оруулах ёстой. Түүнээс биш эдийн засаг, улс төр яах вэ явна. Угаасаа орчин үед либерал байна уу, социализм байна уу, коммунизм байна уу, ард түмэн оршдогоороо оршино. Тэгэхдээ ийм үеүдэд тухайн ард түмэн яаж оршин тогтнох вэ гэдгээ бодох ёстой. ҮАБЗ энэ талаар хэлэлцдэг болов уу, бодлого нь харагдахгүй байна. Тэгэхээр миний айдас хэт либералчлагдаад “Монгол хүн байх нь гол биш, дэлхийн хүн байх нь хамгийн чухал” гэдэг итгэл үнэмшил үүсчих вий. Энэ хамгийн аюул. Уг нь манай дээдсүүдийн хийх ёстой ажил. Монголын заяа гэдэг үгтэй. Ядарсан л хүний горьдлого шүү дээ.
-Монголчууд цус нь ойртоод тэнэгрээд дуусаж байгаа гэж зарим нь ярьдаг. Таны хувьд юу гэж үздэг вэ?
-Монголчууд цус ойртоогүй ээ. Гэхдээ цус ойртсон хэсэг, бүлэг бол бий. Мэргэжлийн улс нь төрөөс хэдэн цаас салгах гэдэг юм уу, институт лабораторитой болъё гэж боддог юм уу, их ярьдаг. Яг нарийндаа манай нэг хэсэг биологийн антропологи, тийм учраас тэдэнтэйгээ ярилцана. Цус ойртсон газар байна уу, байна. Гэхдээ хэн цус ойртуулаад байна, бид өөрсдөө л цус ойртуулаад байна.
Нэг гунигтай жишээ ярья. Аймаг, сумыг нь нэрлээд яах вэ. Нэг суманд очсон, сумын дарга нь ч гэсэн, төлөөлөгч нь гэсэн, захирал нь ч гэсэн “Манай тэр баг руу явах хэрэггүй дээ, шүлсээ гоожуулсан хэдэн юм байгаа. Сайн юм ярьж өгөх хүн олдохгүй” гэнэ. Тэр тусам зөрөөд очлоо. Нээрэн ганц хоёр айлд цус ойртолтын шинж харагдаж байна. Тэнд зүв зүгээр сайхан айл зөндөө байна. Ижий ахай болоод судалгаагаа хийгээд явлаа. Сүүлд бодоод байсан монголчууд цөөхөн, нэг хэсэгтээ нэр хоч өгөөд, тусгаарлачихдаг. Хүн л юм чинь амьдрал үргэлжилнэ. Хажуу багийнхан суухгүй, сумынхан нь гэрлэхгүй, тэр битгий хэл Улаанбаатарт ирчихсэн байсан ч тэр сумын тэр баг гэвэл бас аюултай гэж цэрвэнэ. Тэр хүмүүсийг бид л цус ойртуулаад байгаа болохоос биш тэдэнд буруу байхгүй. Тэндээс мултрах зам нь хүүхдүүд нь их сургуульд ороод нийслэлд шингэх, цэрэгт яваад тэндээ шингэх. Өөр ямар ч арга гарц байхгүй болж. Гол буруутан нь төр засаг, бид болохоос, тэдэнд ерөөсөө буруу байхгүй. Цус ойртоно гэхээр аймаар муухай байж болшгүй муухай юм гээд үзэн ядуулаад байдаг. Тэрийг сайн ойлгох ёстой. Монголчууд зөн совингоороо цус ойртолтоос сэргийлдэг улс. Тэгэхээр нэг хэсэг улсыг нэр хоч өгөөд жалгын мухарт хашаад байж болохгүй. Биологийн хүчин зүйл л яриад байдаг болохоос нийгмийн хүчин зүйл маш чухал шүү.
-Европууд хаад нь үеэлтэйгээ гэрлэдэг. Монголчууд 9 үеийн дараа гээд тодорхой хязгаар зааг тавьж гэрлэдэг улс…
-Монголчууд нэг талаасаа 9 үе нөгөө талаасаа 5 үе гэж эртнээс сахиж ирсэн. Ц.Дамдинсүрэн гуайн “Хачин хурим” гээд өгүүллэг байдаг даа. Монголчууд цөөхөн, 2 цаг яриад суухад бие биенийгээ их сайн мэддэг дундын нэг танил гарч ирдэг. Тэгээд эцэг эх удам судраа мэдэж таних бас амархан асуудал. Хүүхдүүд анзаарахгүй байх, эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд ураг удмаа сайн судлах ёстой шүү. Эцэг эхийн үүрэг, хүүхдээ жаргаая гэж бодвол судлах л ёстой.
-Казахуудын талаар та юу гэж бодож байна?
-Сая айхтар хурцадсан нь 80-90-ээд оны эхээс гарсан үзэгдэл. Хэн ч тоохгүй явсаар байгаад сая ил гарлаа. Энэ нь ч зөв болсон. Яагаад гэвэл ард түмний хоорондын харилцааг хуульчилж зохицуулахгүй бол яг 2 тийшээ 2 чиглэлээр яваад байсан улсууд. Дандаа залуучууд, тэднийг буруутгах хэцүү. Цаад талд нь үзэл суртлын гэх үү, ивээн тэтгэгч хүчирхэг улс бий болчихсон. Монголчууд казакуудыг монголчлох бодлого огт явуулаагүй. Баян-Өлгийд казакууд байдаг, асуудал хуримтлагдаад, бүр хурцадсаар сая ил гарсан. Энэ зэргийн болоод зогссон нь их юм. Одоо анхааралдаа авч, тусгайлан төрийн бодлого боловсруулах ёстой. Эцсийн эцэст юунд хүрдгийг Украины дайн харуулж байна. Учиргүй монгол, казак дайтах нь хаашаа юм, бие биеийгээ үзэж чаддаггүй 2 хэсэг хүнтэй болчихвол хэцүү.
-Үндэсний бөхийн Хангай аваргын казакуудын талаар хэлсэн бас юм бодогдуулсан?
-Судалгаа хийгээд Баян-Өлгий аймгаар явна, зарим нь монгол хэл мэддэг мөртлөө монголоор зориуд ярьдаггүй дүр үзүүлдэг. Эсвэл бүр Монголоор ярих дургүй байх тохиолдол гарсан. Таньдаг хүмүүстэйгээ Монголоор ярьдаг, танихгүй хүн юм асуухаар мэдэхгүй гэж толгой сэгсрэх тохиолдол гардаг. Угсаатны, үндэстний зөрчлийн асуудал жижиг юм биш. Аль ч нийгэмд байдаг ялангуяа, Азид. Тийм учраас төр бодлого боловсруулах ёстой, тэр нь дутагдчихсан. Тэр бол төрийн асуудал. Эцэст нь буруутан нь хэн бэ, манай төр. Төр лүүгээ хамаг бурууг чихлээ гэх байх. Хэн нэгэн ганц УИХ-ын гишүүн, судлаач багш энэ бодлогыг боловсруулахгүй. Дэвшүүлж гаргаж, анхааралд оруулах нь бидний үүрэг.
-Эрмитажид байгаа манай үзмэрүүдийг 100 жилийн дараа буцааж өгөх гэрээтэй гэдэг дээ?
-Тэр үед хийсэн гэрээг олон улсын дүрэм журам, хэлэлцээрийн дагуу хийсэн бол тэрийгээ буцааж өгөх л ёстой шүү дээ. Үгүйдээ л, тодорхой нэг хэсгийг өгөх ёстой. Ер нь гэрээ гэдэг хүчинтэй.
Өндөр Гэгээн Занабазар Монгол гурван хэсэг хуваагдахад дагасан… Өвөрмонгол ноёд алт, мөнгө, цалин пүнлүү аваад, охид, гүнжийг нь аваад дагачихсан. Тэд зохион байгуулалттай биш, нэг нэгээрээ очоод дагаад байсан. Халхууд Галданд хөөгдөөд давхиж очоод Манжийг дагасан. Гэхдээ нэг сонирхолтой нь, тэд гэрээ хийгээд “Манж улс оршин тогтнохоо болиход бид хуучнаараа үлдэнэ. Манж улс оршин тогтож байх үед дагана” гэж гэрээ хийгээд, түүндээ үнэнч байсан. Манжийн эсрэг хятадууд бослого гаргаад Манжийн төр унах гээд ганхаж байхад цэргээр туслах уу? гэсэн. Нэг талын заль ч юм шиг, нөгөө талаар үнэн байхгүй юу.
Зүүнгар холбоотны асар их хүчний эсрэг, бас дотроо тэмцэлдсээр хядуулаад дууссан. Зүүнгар ч юу байх вэ, торгуудууд, хошуудууд үлдсэн, дөрвөдүүд наашаа орж ирээд буугаад үлдчихсэн байсан. Ганцхан өөлд аймгийнхан байсан. Тэгээд өөлд аймгийнхан хядуулсан. Монголын хамгийн эмгэнэлтэй түүх л дээ. Тэгэхэд хүчээр эзлэгдэж байгаа улсад гэрээ гэж юу байх вэ.
Өнөөдөр бид тусгаар тогтносон улс хэвээрээ явж байгаа нь Манжтай маш зөв харилцаж байсных, цагийн байдлыг маш зөв ойлгосных. Тухайн үедээ гэрээ /de jure/ хууль ёсны хувьд тийм боломж гарсан. Гэрээ тийм чухал. Хэрэв оросууд гэрээ хийгээд авсан бол буцааж өгөх л ёстой. Тарбозавр батаарын ясыг Франц, Америкаас буцааж аваад, хувь хүмүүс худалдаж авсан байснаа хүртэл буцааж өгөөд, хууль ёсоо хүндэлдэг улс тийм. Оросууд хууль ёсоо хүндэлдэг бол манайд буцааж өгөх нь түмэн зөв. Яагаад гэвэл эд өлгийн зүйл нь, гэрээ нь ч байж л байна.
-Ярилцсанд баярлалаа.
