Монгол Улсаараа овоглодог Хөгжлийн банкийг удирдаж байсан Н.Мөнхбат тус банкны хөрөнгийг хууль зөрчин зарцуулж, шамшигдуулсан байж болзошгүй хэмээн шалгаж эхэлсэн. Анх 2016 оны аравдугаар сарын 15-нд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, барьж саатуулж эхэлснээс хойш гурван жилийн хугацаа өнгөрлөө. Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыг Худалдаа хөгжлийн банкныханд давуу байдал олгосон гэх хэргийг нь шалгаж дууссан байна. Түүнд яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхэд шилжүүлэх санал гарган Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлсэн гэх мэдээлэл бий.
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат 2015 онд Худалдаа хөгжлийн банктай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж 27.5 тэрбум төгрөгөөр оффис авахаар болсон байдаг. Худалдаа хөгжлийн банкинд давуу байдал олгох зорилгоор албан тушаалаа урвуулж, сонгон шалгаруулалт зарлалгүйгээр Худалдаа хөгжлийн банкны төв барилгаас ажлын байр худалдан авсан. Улмаар ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатараар оффис худалдан авч, гэрээ байгуулах эрх олгосон хууль бус тогтоол батлуулж, 2015 оны долдугаар сарын 6-нд гэрээ байгуулан, зах зээлийн ханшаас хэт өндөр үнээр буюу 27.5 тэрбум төгрөг зарцуулж, Хөгжлийн банкинд 4.8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн прокурор, мөрдөгчид шалгасан юм.
Хөгжлийн банк Худалдаа хөгжлийн банкны төв байрны (УНТЭ-ийн баруун хойд талд) 11, 12 давхарт 3240 ам метр талбайг нэг ам метрийг нь 8.3 сая, В1 давхарт байрлах автомашины 10 зогсоолыг 775 сая төгрөгөөр үнэлэн авсан байдаг.