alim.mn | 2025.01.02
МУ-ын хөгжилд дан ганц улс төрчид нөлөөлдөг үү, аль эсвэл бид бүгдээрээ нөлөөлдөг үү гэдгийг харах үлдлээ

Засгийн газар ням гарагийн амралтын энэ өдөр /2020.12.13/ хуралдаж, Монгол Улсын түүхэнд анх удаа гэж бичигдэх зоримог шийдвэрүүд гаргалаа. Цар тахлын хөнөөл иргэн, айл өрх, албан байгууллага, бизнес эрхлэгчдийн цалин, ашиг орлогод нөлөөлж буй тул төрөөс айл өрх, ААН-үүд, хувийн хэвшлийнхнээ дэмжиж айл өрх, албан байгууллага бүрийн
/нэрлэсэн есөн салбараас бусад/ ус, цахилгаан, дулаан, хогны төлбөрийг долоон сарын хугацаанд тэглэх шийдвэрийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэдхэн цагийн өмнө ард иргэддээ танилцуулав.

Цар тахлаас улбаатай эдийн засгийн хүндрэл, айл өрх албан байгууллагуудад ирэх санхүүгийн дарамтыг хуваан үүрэлцэх, иргэн ААН бүрт хүрсэн шийдвэр гаргасан төр засагтаа бид юун түрүүнд талархах учиртай.

Засгийн газрын өнөөдрийн шийдвэр иргэдэд бэлэн мөнгө тараахаас илүү хүндээ хүрсэн бодит шийдэл болсныг хэн хүнгүй сайшааж, цахим орчинд сэтгэгдлээ илэрхийлж буйг Та анзаарав уу.

Монгол Улс 900 мянган өрхтэй. Хоёр өрөө орон сууцтай, ам бүл дөрвүүлээ нийслэлийн нэг өрхийн цахилгаан, ус, дулааны сарын дундаж төлбөр:  

  • Цахилгаан – 35000 төгрөг
  • Дулаан, усны төлбөр хэрэглээнээс хамаарч дунджаар 55000 төгрөг
  • Хогны мөнгө- 2500 төгрөг байна. Тэгэхээр дундаж амьдралтай нэг өрхийн сарын төлбөр 100 мянга орчим төгрөгийг төр хариуцах нь. Сар тутмын энэ чөлөөлөлт 2021 оны долоодугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ. Монгол Улсын иргэн бүрд хамаатай энэ шийдвэрийн хүрээнд гарах 650 тэрбум төгрөгийн төлбөрийг уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр хариуцахаар болжээ.  

“Тэглэх” шийдвэртэй эсрэгцэн эрсдэл дагуулах, санаа зовоох асуудал бас байна. Юм үнэтэй байх тусам л хэмнэх, гамнах сэдлийг төрүүлдэг. Гэтэл Засгийн газар эрчим хүч, цахилгаан, усны хязгааргүй нөөцтэй мэт зоримог бөгөөд эрсдэлтэй шийд гаргав. Нэгэнт ирэх зун болтол халаалтын мөнгө төлөхгүй гээд паартай байшинд суудаг атлаа цахилгаан зарцуулалт өндөртэй нэмэлт халаагуур залгаж, мөнхийн ундаргат устай мэт өглөө, оройгүй гоожуулж цэнхэр алт цэвэр усаа “ёроолдвол” яах вэ?

Иргэдийг зохисгүй, замбараагүй хэрэглээнд уриалах гэж төр төлбөрийг тэглээгүй. Иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжиж, хүндрэлийг хохирол багатай давах гэсэн нь мэдээж. Цахилгааны хэрэглээний даац хэтэрсэн, цахилгаан дамжуулах кабелийн ачаалал ихэдсэнээс үүдэлтэй осол, галын аюул манайд өвөлдөө цөөнгүй гардаг. Төлбөрийг тэглэсэнтэй холбоотой энэ мэт осол ихсэх эрсдэлтэй учир иргэд ч, эрчим хүчнийхэн ч анхаарал болгоомжтой байхыг давхар сануулах ёстой юм.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх энэ асуудлаар, “Манай улсын эрчим хүчний хэрэглээ, үйлдвэрлэлийн харьцаа ойролцоо түвшинд хүрсэн. Төлбөрийг тэглэсэнтэй холбоотой хэрэглээ огцом өсвөл эх үүсвэрийн дутагдалд орох эрсдэлтэй. Иймд иргэд, ААН-үүд хэрэглээгээ зохицуулж, төртэйгөө хамтран ажиллана гэж найдаж байна” хэмээсэн. Салбарын сайдын энэ товч тайлбар Засгийн газар иргэдийнхээ ухамсарт найдсан шийдвэр гаргасныг баталж буй юм.

Монгол Улс цэвэр усны нөөц багатай орны тоонд багтдаг. Монголчууд хэрэглээний усныхаа 80 орчим хувийг газар доорх усаар хангадаг. Газар доорх усны нөөц нь экологийн хувьд эмзэг тогтоцтой, нөхөн сэргэх хугацаа урттай гэж үздэг билээ. Крантны усаа хаахгүй 2 минут болоход 6-8 литр ус урсдагийг Та мэдэх үү? Хэрэв шүдээ угаахдаа усаа хаадаггүй бол төдий хэмжээний усыг сул асгасантай адил. Гэхдээ шүдээ угаахдаа цэвэр усаа сул гоожуулж зогсдог хүн өнөөдөр ховор болсон гэж найдаж байна.

“ТЭГЛЭХ” шийдвэрүүд 12-р сарын 1-нээс тооцогдох бөгөөд монголчууд ямар ухамсар, төлөвшил, нийгмийн хариуцлагатай ард түмэн болох нь НЭГ САРЫН ДАРАА харагдана. Учир нь дулаан, цахилгаан, усны хэрэглээний тоолуурын заалт бидний хэн болохыг харуулах билээ!!! 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ