alim.mn | 2025.06.16
Г.Амарсайхан: Миний бүх хүүхэд утастай, хүүхдүүдээ өнчин гэсэн мэдрэмж битгий аваасай гэж хүсдэг

ҮРГЭЛЖЛЭЛ

-Танайх 0-80 нас хүртэл хүн бий гэхээр асаргаа их л шаардана даа...

Манай ахмадууд байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Манай ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн хэн ч биш болж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төрөөс харж үзэж хөнгөлөлттэй зээл олгож байгаа гэнэ, манай хэд байхгүй хамрагдахгүй. Хүүхдийн баяраар байгууллагууд бэлэг өгч хүлээж аваад байна, манайх л байхгүй. Энэ хүмүүс Загдаа, Амараа хоёр дээр байгаа учраас ялгаварлагдан гадуурхагдах ёстой юу, яагаад ахмадын үйлчилгээ энэ хүмүүст хүрэхгүй байна гэдэг.  Та нар төрийн үйлчилгээг хүргэх ёстой гэдэг. Муу юм болохоор овоороод Загдаа Амараа гэж дайрч доромжлоод, нэг ТББ дээр 4 хүн угаартаад 3 нь газар дээрээ үхэж байна. Хэн ч ярихгүй, яг манайх шиг үйл ажиллагаа яьуулдаг, тэр байтугай дүүргээс халамж, түр хоноглохоор санхүүжилт авдаг байгууллага дээр 3 хүн зэрэг үхэж байна. Хэн ч ярихгүй. Цагдаагийн дарга нь шалгаж байгаа гэнэ. Нийгмийн бодлогын дарга нь мэдээгүй гэнэ. Манай дээр тийм явдал болсон бол та нар яах вэ. Монгол Улс даяараа юм болж байгаа. Асрамжийн газар захирамжтай хүүхэд Сэлэнгэ аймагт морь унаж яваад унаад нас баржээ. Хэн ч ярихгүй. Манай дээр нэг хүүхдийн гар сайртахаар бөөн асуудал болж байгаа биз.

12 настай охин хүүхдийг гэр бүл нь хэцүү юм байна, өвөө нь, ээж нь архичин юм байна, бэлгийн дарамтад оруулаад байна гэж төр хамгаалахдаа авлаа. Гэтэл нэг насаар ах хүүхэд бэлгийн дарамтад оруулаад жирэмсэн. Асрамжийн газар жирэмсэн болгосон эрэгтэй хүүхэд ял аваад явж байна, 12 настай охин абортод орж байна.  Төрийн хамгаалалтад ирээд хүүхэд тийм болж байна. Энэ юу болж гэхээр "Амараа эгчээ тэр хоёр өөрснөө хүсээд унтсан юм байна лээ" гэж байна. Та нар өөрт тохиолдоогүй болохоор мэдэхгүй байна, 12 настай хүүхэд жаахан нялх ш дээ. Тийм хүүхэд том гэдэстэй явж байна гэж төсөөл дөө. Би энэ асуудлыг яриад байгаа юм, тэгээд буруудна. Төрөө муулж байна гэдэг. Бид 120-130 хүний төлөө хоёулхнаа ажиллаж байна. Тэнд бүтэн аппарат байгаа, захирал, орлогч захирал, эмч сувилагч багш нар, хөвгүүд, охид хариуцсан нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, жижүүр хамгаалагч бүгд байгаа. Яагаад ийм явдал гарч байна, ерөөсөө хүүхдийн төлөө сэтгэл байхгүй. Манай дээр хүүхдийн баярын дараа хичээл дээрээсээ оргоод ирж байна, тас хар цамцтай. үс мүс нь шатчихсан юм уу яасан юм, манайд байхдаа тийм байгаагүй. Тэнд угаагч тогооч байгаа. Өндөр төсөвтэй.  Яагаад хүүхдийг тэгж өнгө зүсгүй явуулж байна. Би хүүхдүүдээ тэгж явуулдаггүй, аль болохоор өнчин гэж битгий нүд үзүүрлэгдээсэй, тэнэмэл хүний хүүхэд гэж битгий ад үзэгдээсэй гэсэндээ хичээж ажилладаг. Миний хүүхдүүд бүгдээрээ гар утастай. Би баяндаа биш, зүгээр сэтгэлтэй байхгүй юу. Хэзээ ч би хүүхдийг өнчин гэдэг мэдрэмж битгий аваасай гэж хүсэж л ажилладаг. Би ийм л зүйл ярьж байгаа. Үнэндээ бид хоёроос эмээдэг.

-Саяхан танай БЗД-ийн 60 жил боллоо, ийм бүтээлч иргэнээ шагнав уу?

-Ноднин билүү уржнан билүү Нийгэм хамгааллын салбарын тэргүүн өгье, анкетаа өгөөч гээд бид 2 луу ярьж байна. Үгүй, авахгүй гэсэн. Шагнал урамшуулал хэзээ үнэтэй болно, тэр цагт авъя, тэр болтол бидний нас гүйцвэл тэр биз, гүйцэхгүй бол тэр биз. Нэг бол шоронд бариад хорьчихно, нэг бол шагнал өгье гэнэ. Хорооны дарга дуудаад очсон чинь та 2 шагнал урамшуулалгүй яваад санаа зовоод байх юм гэнэ. Зүгээр ээ, хүмүүст өг, харин бид хоёр авахгүй ээ гэсэн. Өчигдөр манай дүүргийн 60 жилийн ой болоод СТө-нд 1200 иргэн цуглуулаад урилга ирсэн, очсон. Баахан хүн шагнасан, 60 жилийн ойн медаль бид хоёрын торон дотор хийчихсэн байна лээ.

Гардуулж өгөөгүй, гардуулж өгвөл нөгөө 2 авахгүй гээд солиороод унана гэж бодсон юм байлгүй. Бид хоёрын зорилго хүмүүсийн сайн, сайхны төлөө, нэг гэр бүл ч гэсэн төлөвшөөд гараасай, нэг хүүхэд ч гэсэн зөв сайхан өсөж бойжоод төлөвшсөн иргэн болчихоосой гэдгийн төлөө ажиллаж байгаа. Шагнал урамшуулал хэрэггүй. Бид хоёр шагнал мөнгө, байр сууц гуйгаагүй, зүгээр л бид хоёрын ажилд битгий садаа болоосой, бид хоёр хууль бус юм хийхгүй, хулгай хийх, хулгай ярихыг үзэн яддаг. Загдаа гэдэг хүнийг хар тамхи татсан гэхээр хэн ч үнэмшихгүй, хулгай хийсэн гэхээр хэн ч үнэмшихгүй. Хүчингийн хэргийг бүр санаатай сонгож авсан. Хүчингийн хэрэг нээлттэй биш хаалттай хуралддаг юм байна. Хэн ч мэдэхгүй, ийм л учиртай юм байна лээ. Асрамжид байсан хүүхдийг өгөөш болгон ашигласан. Эцэг эхгүй өнчин өссөн, төлөвшөөгүй сэтгэлийг ашиглаж байна. Тэр эмэгтэйг хэргээр олохгүй байгаа. Нэг эмэгтэй ирж гэрчлэхдээ би Халуинаатай Саппорогийн тэнд таарсан гэж байгаа юм. Гэсэн ч олдохгүй гэдэг шалтгаанаар хохирогчгүй хурал хийгээд 2 хүнийг маань чадаж байна.

-Хэцүү нэртэй газар нөхцөл байдал хэцүү л биз?

-Би шүүх прокурорт хэлсэн. Бид хоёр түмний буянд зовоогүй, шорон гэдэг хүн зовоод байхаар юм биш билээ. Тэнд хоригдож байгаа хүмүүс бид хоёрыг бүгд мэдэж байсан. Хорихын удирдлагууд ч мэдэж байсан, би хиртэй хувцсаа ч угааж үзээгүй. Амараа эгчээ би угаагаад өгье, цай хандлаад өгье гэж байсан.  Энэ манай хоёр хүнийг тэгэхгүй, энэ хоёр хүний амьдрал хэцүү гэсэн. Би зөндөө гуйсан, үнэн зөвөөр шийдээд өг л гэсэн. Харамсалтай байна, хоёр хүн маань шоронд явчихлаа. Бид хоёрыг 7 хоног болгон дэмжигч нар эргэж байсан, мөнгө төгрөгөөр гачигдаагүй. Эргэлт тойролтоор гачигдаж байгаагүй. Тэр байтугай 409 ангиас шүүх рүү "Энэ 2 хүнд маш их эргэлт ирж байна. Тийм учраас эргэлтийг хязгаарлаж өгөөч ээ" гэж. Түмэн олон үнэхээр газардуулаагүй, очиж чадахгүй юм чинь мөнгө шилжүүлье, Солонгост байна мөнгө шилжүүлье гээд түмний буянаар байж байгаад гарч ирсэн.

 Миний 2 хүнийг тэгэх боломжгүй. Эхнэрүүд нь 7 хоногт 1 очиж чадахгүй, сардаа ганц эргэж байвал их юм. Мөнгө төгрөг, унаа унаш юу байгаа билээ. Иймэрхүү л амьдрал туулж байна. Адармаатай бид хоёр шиг амьдралтай хүн олон байхгүй байх. Хэлмэгдлээр хэдэн хүүхдээ нэлээн зовоосоон. Одоо хэдэн хүүхдээ амар байлгамаар байна. Хүмүүс Загдаа шоронд ороод хүмүүжиж, хулхи нь буучихаж, ярихаа байчихаж гээд байгаа. Бид орилдгоороо орилж байгаа. Байдаг л чадлаараа хөөцөлдөж байгаа. Би 2021 оны 7 сарын 9-нд гарч ирсэн. Гарч ирсэн цагаасаа өргөдөл гомдлоо гаргаад явж байгаа. Хүн мөрдөн шалгах ажиллагаанд худал мэдүүлэг өгч болохгүй ээ. Энэ энэ хүн ингэж худал мэдүүлэг өгчээ, шалгаж өгөөч гэсэн. Шалгахгүй байсаар байгаад хөөн хэлэлцэх хугацаа дуусаж байгаа. Бид хоёрыг хаширсан байх гэж бодсон байх. Тэжээж байсан хүн нь ийм эсрэг мэдүүлэг өглөө, чих халууцуулахгүй амар гэж бодсон байх. Гараад ирлээ. Хүссэн хүсээгүй хүмүүст бид хоёрын хэрэгцээ байна. Бид хоёр ажлаа үргэлжлүүлж байна, хийсээр байгаад насан эцэс болно. Хүүхдүүд аав ээж минь болио, та хоёрын сайн сайхан юм хийж байгааг үнэлж байгаа ч хүн алга, төр засаг ч алга. Тийм учраас боль гэсэн. Аав ээж хоёрыг эзгүйд энэ хүмүүсийг тараачихъя гэж бодсон гэсэн. бид хоёрыг зориод, аврал ирж байгаа хүмүүсийг бид 2 хүлээж авна ш дээ. Урьдынх шиг хүчтэй сайн ажиллаж чадахгүй байх шиг, эрүүл мэдндээрээ ч хохирсон. Хоёулаа ковид туссан, их олон удаа вакцин хийлгүүлсэн.

  Загдаагийн чих жаахан хатуу болсон.  Юм мартаж санадаг болж, тэндээс гарч ирээд цагдаа хувцастай хүн харахаар галзуу юм шиг болчихдог байсан. Одоо цаг хугацаа өнгөрөөд жаахан эдгэрч байна. Бид хоёрыг гарч ирэхэд хяналт тавьж байсан прокурор бүгд дэвшээд байхгүй болж. Цагдаагийн дарга, мөрдөгч нар бүгд байхгүй болж, шинэ хүн иржээ. Хэлтсийн даргатай нь эмнэлэг дээр таарахад надаас зугтааж байгаа юм. Гэх жишээний.

Бид хоёрын нэр төр, хийж байгаа ажлыг үнэгүйдүүлсэн. Гарч ирэхэд үйл ажиллагаа зогссон, их муухай байсан. Миний нөхөр гарч ирсэн цагаасаа ажиллаад, сэргээж байгаа. Хамгийн харамсалтай нь миний нөхрийн амьдралын түүхэнд маш муухай зүйл үлдээж байгаа. Миний ач зээ эмээ өвөөгийнхөө талаар лавлагаа авахад тийм зүйл ангиар ял эдэлж байсан гэх хар толбыг үлдээж байгаа. Гэхдээ үнэн юм хэзээд учир нь олдоно, цаг хугацаа батална. Төр засаг дандаа ийм дампуу чигээрээ байхгүй байх. Үнэн зөв шударга хууль хяналтын байгууллага гарч ирнэ гэдэгт итгэж байгаа. 2016 онд бид хоёрыг 2-ууланг нь барьсан. Олон жилийн өмнөөс дээрээс зохион байгуулалттай барьж хорих гэж санаархсан. 2016 онд 72 цаг хорих байснаа арай ч 72 цаг болоогүй. Гарч ирээд шүүхээр баахан явсан. Бид хоёрыг цагдаа прокурор 21 цагдаа зодсон гэж худал хэрэг бүрдүүлсэн байсан. Анхан шатны шүүх 3,7 жил манай нөхөрт өгөөд, надад 3,1 жил билүү өгөөд  тэрийгээ тэнсэн болгодог. Тэгэхээр нь бид хоёр тэнсэн хархгалзах ял авах хэрэг хийгээгүй гээд нийслэлийн шүүхэд давж заалдаад цагаадаж байсан. Тэр үед шүүх цэвэр байж гэж бодож байна даа.

-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ