Татар төрхөөрөө загварын орон Парист алдаршсан Алла Ильчун бол 1940-60-иад оны дэлхийн загварын ертөнцийг байлдан дагуулж байсан домогт супермодель, алдарт кутюрье Кристиан Диорын (Christian Dior) гол муза нарын нэг юм.
Тэр хувьсгалаас зугтан Казакстаны баруун зүгээс цагаачлаад гарч явсан баяны хүү Елшін гэж хүний ганц охин болж Хятадын Харбин хотод төрсөн. Аав нь Казахын төмөр замын инженер Куантхан Елшін, ээж нь Оросын дуурийн дуучин Тамара Михайлова байв.
Алла 1926 оны 12 дугаар сарын 10-нд Харбинд төрж, 1935 он хүртэл Харбинд амьдарчээ. Тэндээсээ Шанхай руу нүүж, хэдэн сар Шанхайд амьдарч 1936 оны оны 8 дугаар сард ээжтэйгээ Европ руу цагаачлахаар явсан байна. 1936 оны 9 сарын 13-нд Парист очин төвхнөж, 1947 онд Алла Диорын загварын ордонд ажиллах болжээ.
Парист аяга угаагч хийж байхдаа тохиолдлоор Кристиан Диорын хараанд өртөж, загварын ертөнцөд хөл тавьсан. Тэрээр Диор ордонд 20 орчим жил ажиллаж, Парисын загварын тайзнаа Ази төрх, дорнын гоо үзэсгэлэнг анхлан таниулсан юм.
Алла Ильчун барууны загварын ертөнцөд “муур шиг нүдний” (cat-eye) будалтын трендийг оруулж ирсэн гэгддэг бөгөөд түүний нарийхан бэлхүүс, өвөрмөц төрх нь тухайн үеийн гоо сайхны стандартыг өөрчилсөн байна. Тэрээр загварын түүхэнд Ази тивийн өв соёл, зүүн зүгийн гоо үзэсгэлэнг өндөр загварт (Haute Couture) анхлан тунхагласан анхдагчдын нэг билээ.
Одоо ч түүний тухай Диор ордонд хүндэтгэн бичсэн нь бий. Тэнд “Алла Ильчун (1926-1989) – Казах-Орос гаралтай домогт Парисын загвар өмсөгч 1940, 1960-аад оны Франц болон олон улсын загварын тайз, сэтгүүлүүдийн хуудсууд дээр гялалзаж байв. Францад Ази нүүрний онцлогтой анхны манекенуудын нэг тэрээр Кристиан Диорын муза болжээ. Түүний загвар өмсөгчийн карьер 20 орчим жил үргэлжилсэн. Аллагийн чамин гоо үзэсгэлэн олон нийтийг “гипноздож”, хэвлэл мэдээллийнхэн түүнийг “Дорнын сувд”, “Кристиан Диорын дуртай модель”, түүний “сахиус” гэж нэрлэжээ. Алла мөн Диорыг олон улсын түвшинд амжилтад хүрэхэд хувь нэмэр оруулсан.
“Алла сүр жавхлантай, үргэлж бага зэрэг нууцлаг байдаг манекен, энэ нь “оршихуйн эффект” үүсгэх ёстой. Энэхүү харьцуулшгүй “оршихуйн эффект”-ийн төлөө би Аллаг ажилд авсан. Тэр бол энэ мэргэжлээр бол ховор төрлийн манекен” гэжээ.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.