alim.mn | 2024.12.22
Д.Одсэр: Цагаан сараар өргөмжлөл барьж ирдэг УИХ-ын гишүүдийг бид хөөж явуулна

Малчидад тулгарч байгаа асуудал бэрхшээлийн тухай “Чинээлэг малчин бойжуулах төв” ТББ мэдээлэл хийлээ. Тус ТББ-ын тэргүүн Д.Одсэр “Өнөөдрийн байдлаар Өвөрхангай, Завхан аймгийн зүүн талын сумд, Дундговь аймгийн малчид бараг тэр чигээрээ отор нүүдэл хийж аймаг, сум алгасан нүүж эхэлжээ.  Бэлчээр хомсдож байгаагаас отор хийсэн болоод отрын мал оруулсан малчдын аль аль нь хүнд байдалд ороод байна. Нөхцөл байдлыг илүү хүндрэхээс өмнө Засгийн газар болон ХХААХҮЯ махны экспортод тавьж байгаа чөдөр тушаагаа авч, махны үнийг чөлөөлөхыг малчид бид шаардаж байна. Малчид бид цаг илүү хүндэрхээс өмнө мал, махаа гадагш борлуулж, бэлчээрийн даацдаа тохирсон сайн чанарын цөөн тооны эх малтайгаа үлдэх зорилттой байна. Гэвч үүнд Засгийн газар бодлогын дэмжлэг үзүүлэх нь битгий хэл харин ч бүр хаалт саад хийж, гай түйтгэр болж байна. Малчдын бүтээж байгаа баялаг болох махны үнийг Засгийн газар мэдэж шийдэх эрхгүй. Нөгөө талаас монгол малын махыг гадныхан худалдан авахыг хүсч байхад КВОТ, ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ нэрээр хаалт хориг тавьж малчны хөдөлмөрийг үнэгүйдүүлэх эрх Засгийн газар, Хөдөө аж ахуйн яаманд байхгүй. Малчдынхаа хөдөлмөрийг шулж, нөөцийн мах бэлтгэдэг нэртэй хэдхэн халаасны компанидаа давуу эрх олгодог Хөдөө аж ахуйн яам малчдад лав хэрэггүй. УИХ-ийн 40 гаруй суудлыг бөглөж, хөдөө орон нутгаас, тэртусмаа малчдаас сонгогдсон эрхэм гишүүд ч өнөөдөрийг хүртэл таг дуугуй суулаа. Халуун, хүйтэнд, бороо цасанд зүтгэн байж өсгөсөн хэдэн малаа зарж борлуулах гэхээр элдэв журам гаргаж хориг саад тавьж, хотын хэд маань үнэтэй мах идэх нь гээд үнийг нь чөдөрлөж байгааг Эрхэм гишүүд бүгд мэднэ. Гэвч тэд малчдыг дээрэлхэж, дорд үзэж болно гэж санадаг уу, өнөөдрийг хүртэл дуугуй л сууж байна. Талхны, ундааны, пиавны, архины үнийг буулга, хотынхонд үнэтэй байна гэж хэн ч хэлдэггүй. Харин малчдын бүтээсэн баялгийн үнийг бууруул гэж улс төрчид торох ч үгүй хэлж чаддаг. Тиймээс л биднийг бусдаас дорд үзэж байгааг бид ийнхүү эсэргүүцэн мэдэгдэж байна. Өөрсдөө энэ малыг өсгөж бойжуулсан юм шиг цагаан сар болохоор баахан өргөмжлөл жааз бариад ирдэг улс төрчдийг малчид ирэх жилээс хөөж явуулна” гэв.

 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ