“Алаг Башир” компанийн захирал НЭМГ-ын ахлах мэргэжилтэнд дотор нь нэг сая төгрөг хийсэн “кофе” уухыг санал болгосон ХЭРГЭЭС…
Ийм нэгэн хөгжилтэй гэмээр хэргийг саяхан шийджээ. “Алаг Башир” компани нь эмийн сангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэнэ. Захирал нь Д.Дөлгөөн гэх агаад тэтгэвэрт гарсан ээж нь ажиллуулдаг аж. Гэхдээ байрлал нь гэр хороололд тул нэгэн том хотхонд байр захиалаад тэндээ шилжин байрлах хүсэлтээ өнгөрсөн оны наадамын өмнө НЭМГ-т цахимаар өгсөнөөс хэрэг эхэлжээ. Захирлын мэдүүлснээр тус газар нь Зөвшөөрлийн тухай хууль болон эмийн сангийн стандартаас давсан дотоод журам гаргаад түүгээрээ шахаад байснаас болсон гэнэ. НЭМГ-аас ирсэн хоёр байцаагч нь “орон сууцны зориулалттай байранд дүгнэлт гарахгүй, яагаад байцаагч нарыг орон сууцын зориулалттай байранд дуудаад ажил удаад байгаа бэ, өөр яриад байх юм байхгүй” гээд гараад явжээ. Үүнд нь “гомдоод” гомдол гаргасанд хоёр сарын нөгөө хоёр байцаагч ахиад иржээ. Ирээд “Ер нь бидний ажилд дээд шатны байгууллагад гомдол гаргадаг та нар хэн бэ, бид ч гомдолтой байна” гээд 50.3% гэдэг үнэлгээг тавиад явжээ. Ингээд захирал ахин бэлдээд дээр нь зээлийн хүүгийн дарамтанд орсон тул НЭМГ-ын Захиргаа төлөвлөлт, удирдлагын хэлтсийн тусгай зөвшөөрөл хариуцсан ахлах мэргэжилтэн Т.Ж нь “асуудлыг шийдэж өгөх байх, нэг сая төгрөг бэлэглэе” гэж шийджээ. Ингээд мөнгөө “Grt Your daily coffee” кофений саванд хийж очоод уулзахдаа ахин маргалджээ. Маргалдаад бараг хөөгдөж гарахдаа мөнгөтэй кофений саваа ширээн дээр нь “мартсанаа” санажээ. Тэгээд ч баасан гариг таарч ирэх нэгдэхэд нь хөдөө явах ажилтай тул орхисон байтал нэг өдөр АТГ-аас ярьсанаар хахууль өгөх гэмт хэрэгт холбогджээ. Харин ахлах мэргэжилтэн Т.Ж-гийн мэдүүлнээр “Алаг Башир” компанид тун нааштай хандаж зөвлөгөө чиглэл өгч ажиллажээ. Тэрээр “тэнцэхгүй байгаа гол шалтгаан нь орон сууцны зориулалттай үл хөдлөхийн гэрчилгээтэй юм байна, энэ гэрчилгээгээ үйлчилгээний зориулалттай болго, дээр нь шинжээчийн зөвлөмж дээр юу юун дээр унаснаа хараад материалаа дахиад илгээчих, сая хурлаар ороод танай хүсэлт гаргах эрхийг чинь нээлттэй байхаар шийдвэрлэсэн гэдгийг тайлбарласан. Тайлбарлаж байх явцад нөгөө залуу хоёр аяга кофег зориулалтын 2, 2-р нь хийдэг цаасан бариултай нь хамт кофе уу гэж өгсөн. Тухайн үед би хурлын үед кофе уусан болохоор зүрх дэлсээд толгой өвдөж байна,уухгүй, баярлалаа гэсэн. Тэгтэл гаднаас гэрчилгээгээ авах гэсэн хүмүүс бужигнаад орж ирсэн. Энэ үеэд нөгөө залуу барьж явсан хоёр аягатай кофегоо үлдээгээд гараад явсан байсан. Тэгэхээр нь би өрөөнд байсан хүмүүсд кофе уу гэж нийтийн дунд хэлсэн. Тэр үед М.А байцаагч нэг аягатайг нь уух гээд авсанаа дотор нь нэг юм байна гэж шивнэж хэлсэн. Яагаад шивнэж хэлсэн гэхээр өрөөнд гадны хүмүүс байсан. Тэгээд тухайн аягыг онгойлгож үзтэл дотор нь хуйлаад хийсэн 20,000 төгрөгийн дэвсгэртүүд байсан. Нөгөө кофены аягыг нь үзэхэд кофе дотор соруул хийчихсэн байсан. Ингээд би тухайн компани дээр шинжээчээр ажилласан М-ыг дуудаад өөр дээр чинь гомдол гаргаад байсан компанийн хүн надад кофе өгсөн, кофены аяган дотор нь мөнгө байна гэж хэлсэн. Мөнгийг гаргаж ирээд тоолоход нэг сая төгрөг буюу 20,000 төгрөгийн дэвсгэрт 50 ширхэг байсан…” гэжээ. Ингээд нэг дэх өдөр нь даргадаа танилцуулаад улмаар АТГ-т хандсан байна. Шүүх мөнгөтэй кофе уулгах гэсэн захирлыг гурван сая төгрөгөөр торгож, нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасжээ.
