alim.mn | 2024.12.22
Д.Сумъяабазар: Улаанбаатар хотын замын хөдөлгөөн тэг зогсолт хийхэд ойрхон байна

Засгийн газар өнөөдрийн ээлжит хуралдаанаа нээлттэй зохион байгуулж нийслэлд тулгамдаад байгаа асуудлуудыг хэлэлцэж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хотод тулгамдаад байгаа асуудлаар танилцуулга хийлээ.

Д.Сумъяабазар: -Улаанбаатар хотод Монгол Улсын хүн амын 47.5, их, дээд сургуулиудын 95.8, ЕБС-уудын 32.8, цэцэрлэгийн 47 хувь, тээврийн хэрэгслийн 54.1 нь байна. Монгол Улсын нийт газар нутгийн 0.3 хувь дээр 1.5 сая хүн амьдарч байна. 2021 оны хоёрдугаар сард нийслэлд тулгамдаж байгаа асуудлуудын талаар төвийн зургаан дүүргийн 400 орччим мянган иргэдийн дунд судалгаа явуулсан. Хамгийн тулгамдсан асуудлаар замын түгжрэл, нийтийн тээвэр, авто зогсоолын хүрэлцээг нэрлэсэн. Судалгаанд оролцогчдын 85 хуувь нь замын түгжрэлийг яаралтай шийдэх хэрэгтэй гэж саналаа өгсөн. Нийслэлд хөдөлгөөнд оролцож байгаа автомашины дундаж хурд 13 км цаг байгаа. Оргил ачааллын үед 8.9 км цаг болж буурдаг. Дэлхийн стандартаар 10 км цагийн хурдыг тэг зогсолт гэж үздэг. Тэгэхээр Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал тэг зогсол дээрээ ирчихээд байна гэсэн үг. Замын түгжрэлд алдсан боломжийн өртөг 2024 он гэхэд ДНБ-ий 10 хувьд хүрэхээр байна. Улаанбаатарт оршин суудаг иргэн өдөрт дунджаар 2.5 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд өнгөрөөж байна.

Замын ачааллыг бууруулахын тулд туслах замуудыг нэмэх, авто замын сүлжээг өргөтгөж нэмэгдүүлэх, уртасгах зайлшгүй шаардлагатай байна. Мөн багтаамж ихтэй тээврийн хэрэгслийг нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэх шаардлагатай байна. 2010 онд Улаанбаатар хотын авто замын сүлжээний урт 954 км байсан. Тэр үед тээврийн хэрэгслийн тоо 234 мянга байсан учраас дунджаар 35 км цагийн хурдтайгаар хөдөлгөөнд оролцож байсан. 2020 онд буюу 10 жилийн дараа Улаанбаатар хотын авто зам 182 км-ээр л нэмэгдсэн. Одоо Улаанбаатар хотод 1136 км зам байна. Гэтэл тээврийн хэрэгслийн тоо одоогийн байдлаар 632 мянгад хүрээд байна. Сүүлийн 10 жилийн дотор 2.7 дахин нэмэгдсэн гэсэн үг.

Багтаамж ихтэй тээврийн хэрэгсэл буюу хөнгөн галт тэргийг 2021-2024 онд босоо болон хэвтээ чиглэлд нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Босоо чиглэл нь Долоонбуудалаас Буянт-Ухаа чиглэлд байх юм. Энэ төслийг хэрэгжүүлснээр түгжрэлийг 17-22 хувиар бууруулна. Зураг төслийн ажлыг нь эхлүүлэхээр бэлтгэж байгаа. Мөн 2021-2024 онд 500-1000 автобус оруулж ирж парк шинэчлэлт хийнэ, 5000 мянган авто зогсоол барина. 2024 он гэхэд Улаанбаатар хотын гол гудамж замыг 82.4 км, тойрог замын сүлжээг 71.5, хороолол дундах холбоос замыг 70.2 км-ээр нэмэгдүүлэхээр төлвөлөж байна. Мөн зургаан нүхэн гарц барина. Зургаан уулзвар, долоон гүүрийг шинэчилнэ. Явган хүний замыг 98, дугуйн замыг 249 км-ээр нэмэгдүүлнэ. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ