Айово мужийн өнгөт арьст Росси Лорацио Адамс II оюутан цагаас эхлэн цахим ертөнцөд идэвхитэй байжээ. Тэрээр Инстаграмм-д “Do it for state!” гэдэг хаягаар оюутны үдэшлэгийн үеэр хийсэн сонирхолтой бичлэгээ оруулж гараагаа эхэлсэн. Түүний бичлэгт согтуу оюутны тэнэглэлээс эхлээд хосуудын сээтэгнэлт, зодоон гээд оюутны үдэшлэгийн бүхий л өнгө төрхийг гаргадаг. Адамс II –ын бичлэг нэрд гарч зарим нь бүр нэг саяын хандалт авсан. Улмаар бичлэгүүд нь алдаршиж мужаас халин гарч Амеркийн өнцөг бүрээс бичлэг ирдэг болжээ. Ийнхүү тэрээр алдартай нэгэн болсон. Их сургуулиа төгссөний дараа энэ ажлаа орхилгүй улам өргөжүүлэхээр шийдэн сайт нээхээр болжээ. Сайтаа Инстаграмм-ын хаягаараа д “Do it for state!” буюу д “Doitforstate!” гэж нэрлэхээр шийдэв. Гэтэл гай таарахад өмнө нь мужийн нэг иргэн энэ домайн нэрийг авчихсан байжээ. Адамс II үнэ цохин худалдаж авах гэсэн ч эзэмшигч нь зөвшөөрсөнгүйд дараагийн аргадаа шилжиж дарамталж айлган сүрдүүлжээ. Гэсэн ч зөрүүд эзэмшигч бууж өгөөгүйд эцсийн аргадаа орсон. Адамс II шоронгоос дөнгөж суллагдаад байсан хамаатан Шерман Хопкинсыг өөрийн төлөвлөгөөндөө татан оролцуулжээ. Төлөвлөгөө ёсоор тэрээр домайн нэр эзэмшигчийн гэрт дайран орж толгойд нь буу тулгаж байгаад хаягаа зарах өргөдөл бичүүлэх ёстой. Өргөдөл гаргах зааврыг Адамс II хамаатандаа бичиж өгчээ. Тохирсон ёсоор хамаатан нь оройн цагаар домэйн нэрний эзний гэрт дайран орж буугаар айлган сүрдүүлж ширээний ард суулгажээ. Гэхдээ шоронгоос дөнгөж гарсан хамаатан нь зохих зааврын дагуу домайн нэрээ зарах өргөдлийг бичүүлэх гэж зүдэрчээ. Түүнийг гар буугаа ширээн дээр тавиад зааварчилгаа цаасаа ширтэж байх зуур домайн нэрний эзэн бууг шүүрэн авч бууджээ. Ингээд буудалцан ноцолдоон болж Шерман Хопкинс цээжиндээ, домайн нэрний эзэн хөлөндөө шархадсан. Буудалцааны чимээнээр хөршүүд нь цагдаа дуудаж тэр хоёр баривчлагдсан байна. Мөрдөн байцаалтын ажиллагаагаар хэргийн захиалагчийн нэр тодорч Адамс II баривчлагджээ. Саяхан Айово мужийн шүүх хэргийг шүүж захиалагч болох Росси Лорацио Адамс II-д 14 жилийн хорих ял, 30 мянган долларын торгууль ногдуулжээ.