alim.mn | 2025.01.05
Л.Оюун-Эрдэнэ биш "Увсынхан" Засгийн газрыг тэргүүлж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Токио 2020 олимпийн нээлтэд оролцлоо. Япон Улсад хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд энэ сарын 22-ны өдөр Ерөнхий сайд Ё.Сүгатай Төрийн хүндэтгэлийн ордонд албан ёсны уулзалт хийв.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхитод Олимпын нээлтэд оролцож буй хүндэт зочдын хамт бараалхсан. Мөн арга хэмжээний үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын тэргүүн хатагтай Жил Байден, Франц Улсын Ерөнхийлөгч Э.Макрон нартай уулзаж, хоёр талын харилцаа болон өргөн хүрээтэй сэдвээр ярилцжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ маргааш Япон Улсын Эдийн засгийн сэргээн босголт, “COVID-19” цар тахалтай тэмцэх асуудал эрхэлсэн сайд Я.Нишимура, Японы ХӨСҮТ-ийн удирдлагатай уулзаж, цар тахлын эсрэг хариу арга хэмжээний асуудлаар санал солилцжээ. Эмч сувилагч нь цалингаа нэмүүлэхээр суулт зарласан ч эцэслэн шийдээгүй, Монгол наадмаа хийж чадаагүй байж, олимп үзэхээр явлаа гэсэн шүүмжлэл тасрахгүй байна. Гэхдээ явсан нохой яс зууна гэгчээр үр дүн гарах биз ээ. 

Тэрчлэн сүүлийн үед энэ кабинетийн тэргүүн нь Л.Оюун-Эрдэнэ биш ээ, Увсынхан засгийн гал тогоог түлхүү барьж байгаа гэлцэх болов. Угаасаа ЗГХЭГ-ийн дарга нь "алдарт" Ц.Нямдорж. Харин хажууд нь Шадар сайд С.Амарсайхан Увс аймгийнх, нутаг ус гээд Ц.Нямдорж ахаасаа салахгүй, тэд зүү орох зайгүй байгаа сурагтай. Мөн МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан энэ хоёртой илүү ойр байгаа гэж яригдаж байна. Л.Оюун-Эрдэнийн ганц түшиг ах нь Ерөнхийлөгч болж, жинхэнээсээ "шүдгүй арслан" болчихсон суугаа. Тиймээс Л.Оюун-Эрдэнэ танхимдаа гэхэд ЗГХЭГ-ын дарга, Шадар сайд гэх хоёр хүний өөдөөс ганцаараа "тулах" асуудалтай байгаа гэх юм. 

Шадар сайд С.Амарсайханы "агуу бүтээн байгуулалт" болох 3.2 тэрбумын усан оргилуур хувингаар, цистернээр ус зөөж, гараар цэвэрлэх ажиллагаатай, хот тохижуулахын ажилчид дээр энэ хүнд ажил нэмэгдэн, үйл лайг нь үүрч яваа. Харин цар тахлын үед нийслэлийн төсвийг ингэж үргүй зарсан нөхөр УИХ-ын гишүүн, цаашлаад Шадар сайд болж дэвшлээ. Шадар сайдын тушаалаар баахан витаминий хэрэг "гарах" бололтой. 

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын сард хатуу хөл хорио тогтоохдоо 60-аас дээш насны 248.808 ахмад настанд дархлаажуулах багц нэрээр С, D витамин олгожээ. Үүний нийт өртөг 1.8 тэрбум төгрөг. Гэтэл энэ витаминжуулах багцаас аваагүй, 60-аас дээш насныхан олноороо гарч бас нэг асуудал дагуулах бололтой.  


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ