
Засгийн газрын хуралдаанд Сангийн яамнаас ирэх оны төсөв болон дагалдах хуулиудын төслүүдийг өргөн мэдүүлжээ.
Сангийн сайд Б.Жавхлан: Нүүрсний экспорт 2019 онд түүхэндээ хамгийн их буюу 36,5 сая тонн байсан. Энэ жил экспортоо тэр хэмжээнд төсөөлж байсан ч тодотгол хийж, 28 сая болгосон. Гэвч бодит байдал дээр 16 сая тонн гарахаар байна. Ирэх жил экспортын хувьд хүнд жил байх ч нүүрсний экспортоо 36 орчим сая байхаар төсөөлсөн. Энэ нь хэд хэдэн шалтгаантай. Манай гол түүхий эд болох нүүрс, зэс, хүдэр, алтны үнэ манайд таатай байх нь. Тиймээс супер циклыг ашиглаж, экспортоо тултал хийх ёстой. Үүний тулд бүх зохион байгуулалтуудыг хийнэ. Харамсалтай нь нүүрсний экспорт зөвхөн нэг талаас шалтгаалдаггүй. Хоёр тал зөвшилцөж байж явах учраас Гадаад харилцаа, уул уурхай, эрчим хүч, тээвэр зэрэг бүх яамд хүчин чармайлт гаргаж байж энэ төсөөллийг биелүүлнэ.
Төмөр замаар гардаг төмрийн хүдэр, зэс төлөвлөсөн хэмжээнд гарч байна. Ирэх онд 5-10 хувийн нэмэлттэй байхаар төсөөллөө.
Төсвийн алдагдлын хувь хуулийн дагуу зохицуулагдана. Төсвийн тогтвортой байдлын хуульд Төсвийн тусгай шаардлагууд гэсэн заалт бий. Ирэх жил 5,1 хувь, 2023 онд 3,6 хувь, 2024 онд 2,4 хувийн алдагдалтай байна буюу шат дараатай бууна заасан. Өөрөөр хэлбэл, бид төсвөө хийхдээ эхлээд алдагдал, орлогоо зоосны дараа зардлаа тусгасан.
Ирэх жил хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд онцгой анхаарна. Үргүй зардал бий болгодог хөрөнгө оруулалт бус эдийн засгийнхаа суурийг тэлэх, бизнесийн орчныг дэмждэг ялангуяа дэд бүтц рүү чиглэсэн хөрөнгө оруулалтыг дэмжинэ.
Мэдээж Эрүүл мэндийн салбараа нэгт тавина. Энэ салбарт шаардагдах хөрөнгийг хангалттай тусгана. Харин бусад нийгмийн салбарт боломжийнхоо хэрээр хэмнэлт хийнэ. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагын байшин, барилга, унаа, машин болон бусад тэвчиж болох зардлыг төсөвт оруулахгүй байхаар төлөвлөж байна.