Хэнтий аймгийн Батноров сумын харъяа Бэрх тосгонд төсвийн хөрөнгө оруулалтаар 27,8 тэрбум төгрөг тавьжээ. Хэнтий Бэрх тосгон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн өсөж төрсөн нутаг гэдгийг хүмүүс андахгүй. Бэрх тосгон ердөө 2000 мянга гаруйхан хүн амтай. Гэтэл Бэрх тосгонд 27.8 тэрбум төгрөг суулгасан нь шүүмжлэлийн бай болж байна. Учир нь хүн амын хэрэгцээг дагаж, тухайн орон нутагт нэн шаардлагатай хөрөнгө оруулалт хуваарилдаг. Гэтэл Ерөнхий сайдын нутаг Хэнтий аймагт 140 шахам тэрбум, ЗГХЭГ-ын даргын нутаг Бэрх тосгонд 27.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавьсан нь бусад аймгуудаас ч их өндөр төсөв юм.
2020 оны улсын төсвөөс хөрөнгө оруулалтаар Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгонд 1.35 тэрбум төгрөгөөр хөлбөмбөгийн спортын талбай бүхий цогцолбор 2020 ондоо бүтэн санхүүжүүлж, гүйцэтгэхээр төсөвлөжээ.
Ердөө 2000 амтай хөдөөгийн жижиг суурин Бэрх тосгоныг томоохон хот болох Эрдэнэтээс илүүд үзэж, хөрөнгө оруулалт тавьсан нь сонгуульд зориулж, Засгийн газар тэргүүн, Хэрэг эрхлэх газрын дарга хоёр нь нутагтаа мөнгө цутгаж, татвар төлөгчдийн мөнгөөр тоглож байна гэж тайлбарлахаас өөр аргагүй. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ энэ тосгонд төрж, Бэрс дээд сургуулийг төгсөөд нутагтаа очин 2001 онд Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд манаачаар ороод, маргааш нь Тамгын газрын дарга болон дэвшсэн гэдэг яриа улстөрийн хүрээнд бий. Хүн төрсөн нутагтаа хайртай байж болно, гэхдээ төсвийн мөнгөөр ингэж тоглож болохгүй ээ. Залуу хүн жалга довын үзэл гаргаж, 2000 хүнтэй тосгонд 27,8 тэрбум төгрөг сул цацаж байхын оронд Монголчуудын амьдралыг том зургаар нь харж, нийт иргэдэд тулгамдаж байгаа асуудлыг шийдсэн бол цаашдын карьерт нь хэрэгтэй байсан даа. Залуу хүний замын хүзүү урт. Гэвч Л.Оюун-Эрдэнэ улсын эрх ашгийг боддог том тоглогч биш, Бэрх тосгоныг илүүд үзсэн жалгын хэмжээний улстөрч гэдгээ энэ үйлдлээрээ харууллаа.