Сэлэнгэ аймгийн Засаг дарга асан Ш.Оргилыг иргэдээс хураасан дэрвэгэр жиргэрүүг борлуулсан хэрэгт яллагдагчаар татжээ
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. Засаг даргаас чөлөөлөгдөх болсон шалтгаанаа "Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард бөөрний хорт хавдрын хагалгаанд орсон. Хагалгаанаас гармагцаа цар тахлын эсрэг Сэлэнгэ аймгийн онцгой комиссыг ахалж, 60 хоног ажил дээрээ байрлан ажилласны улмаас гам алдсан. Улмаар хагалгааны шарх нь хүндэрсэн тул өнгөрсөн хугацаанд хоёр удаа хагалгаанд орсон. Гэтэл дахин хагалгаанд орох шаардлагатай болсон бөгөөд эмч нарын зүгээс хагалгааны дараа зургаан сар гам барих шаардлагатай гэж зөвлөсөн тул Засаг даргын үүрэг ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” гэх утгаар тайлбарласан.
Тэгвэл үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаад буй Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, тус аймгийн цагдаагийн газрын дарга, хурандаа А.Энхбат нарт Сэлэнгэ аймгийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ.
Тодруулбал
- Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, хурандаа А.Энхбат нар иргэдийн хууль бусаар түүсэн их хэмжээний дэрвэгэр, жиргэрүү ургамлыг хурааж авсан. Тэгмэгцээ хурааж авсан дэрэвгэр, жирэвгэрээ хамаарал бүхий этгээддээ хямд үнээр худалдан борлуулж, худалдан авсан хамаарал бүхий этгээд нь цааш нь хятадуудад өндөр үнээр дамлан худалдаалж ашиг олсон.
- Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл хүссэн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компаниас 10 сая төгрөгийн авлига авсан.
- Хамаарал бүхий этгээдийнхээ эзэмшлийн газар дээр БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компаниар нийт 200 сая төгрөгийн өртөгтэй элс, хайрга асгуулж, тэгшлүүлж, талбай засуулсан зэрэг албан тушаалаа урвуулан ашигласан, авлига авсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан аж.
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил нь аймгийнхаа МАН-ын даргаар ажиллаж байсан бөгөөд 2016 онд МАН олонх болсны дараа Засаг даргаар томилогдож, улмаар өнгөрсөн онд улирсан. Тэрбээр Засаг дарга болсноос хойш авлига, албан тушаалын гэмт хэрэгт нэг биш удаа нэр холбогдож байсан бөгөөд өнгөрсөн онд түүний албан өрөөнд АТГ-аас нэгжлэг хийсэн гэх мэдээлэл ч гарч байсан билээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ