Төв аймгийн Мөнгөнморьт сумын сайн малчин Д.Дэмбээнямынх 500 гаруй бухал өвсийг өөрсдөө бэлтгэжээ
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нар Төв аймгийн Мөнгөнморьт сумын малчин айл, өрхүүдээр орж, өвөлжилтийн нөхцөл байдал, вакцинжуулалтын зохион байгуулалтыг шалгаж ажиллалаа. Энэ жил өнтэй сайхан өвөл болж, мал сүргийн тарга тэвээрэг сайн байгааг нутгийн малчид онцолж байв. Улсын мал тооллогоор Мөнгөнморьт сумын хэмжээнд 119400 толгой мал тоологдсоноос 16 тэмээ, 11713 адуу, 24458 үхэр, 50666 хонь, 32547 ямаа байгаа аж. Мөн энэ жилээс сум, орон нутгууд өвс, хадлан тэжээлийг өөрсдөө бэлтгэн, төвлөрүүлэх тухай Засгийн газрын тогтоол гарсан тул Улсын онцгой комисс, салбарын яамнаас туслалцаа дэмжлэг харалгүй тус тусын өвлийн бэлтгэлээ бие даан зохицуулахаар болсон. Үүний дагуу Мөнгөнморьт сумын аюулгүйн нөөцөд 40 тн өвс, 10 тн тэжээлийн нөөцийг бүрдүүлжээ. Малчин, мал бүхий иргэд өвс, тэжээлээ хангалттай нөөцөлсөн тухай орон нутгийн удирдлагууд хэллээ.
Тус сумын Жаргалант багт оршин суух, сумын аварга малчин Д.Дэмбээнямынх 600 гаруй мал тоолуулсан бөгөөд 500 гаруй бухал өвсийг өөрийн гараар бэлджээ. Цар тахлын энэ үед багийн хэмжээнд малчдаа вакцинд хамруулах ажлыг шат дараатайгаар шуурхай зохион байгуулж, одоогийн байдлаар ихэнх иргэд нь IV тундаа хамрагдсан тухай Д.Дэмбээням гуай энэ үеэр Шадар сайдад хэлж байв.
Шадар сайд болон УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нарын зүгээс буянт малынхаа тоо толгойн хэмжээгээр өвс хадлан тэжээлээ бэлддэг ийм ажилсаг малчин айл өрхүүдээрээ бахархаж буйгаа илэрхийлээд, удахгүй болох Сар шинийн баяраа гэр гэртээ тэмдэглэж, аль болохоор олон хүн нэг дор цуглуулахгүй байхыг уриаллаа.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ