alim.mn | 2024.12.31
Д.Сумъяабазар: Улаанбаатар гүйлтийн спортыг хөгжүүлсэн хот байх болно

“Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн тэмцээн эхэллээ. Тэмцээнтэй холбоотойгоор өнөөдрийг “Автомашингүй өдөр” болгож, 06:00-18:00 цагийн хооронд зарим замын автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа юм. Мөн дүүргүүдэд иргэд, олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулж байгаагаас гадна Сүхбаатарын талбайд “Европын өдөрлөг” болно.

Гүйлтэд нийт 20 мянга гаруй хүн бүртгүүлсэн бөгөөд гадаадын 26 орны 150 гүйгч оролцож байна. Тэмцээнийг нээж Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар "Улаанбаатар Марафон олон улсын гүйлт нь Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийг идэвхжүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, зорилгодоо хүрэх тэсвэр хатуужил, бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, иргэдийн биеийн тамираар хичээллэх идэвх санаачилгыг дэмжсэн, гадаад, дотоодын гүйгчдийн хүсэн хүлээдэг томоохон арга хэмжээний нэг юм.

Энэхүү гүйлтэд оролцогчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа бөгөөд нийслэлийн иргэдээс гадна хөдөө, орон нутаг, Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид оролцдог. Энэ жилийн хувьд Кени, Казахстан Улсаас олон улс, тив, дэлхийд танигдсан нэртэй тамирчид зорин ирж оролцож байгааг дуулгахад таатай байна. Улаанбаатар бол гүйгчдийг дэмжсэн, гүйлтийн спортыг хөгжүүлсэн хот байх болно. Олон улсын марафонд оролцогч та бүхэндээ амжилт хүсье” хэмээн өгүүлсэн юм. Мөн тэрбээр гарааны дохионы буудлагыг хийснээр олон улсын марафон 5 км-ийн гүйлтээр эхэлсэн юм.

 
 

“Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн нээлтэд Монгол Улсын хөнгөн атлетик, гүйлтийн нэр хүндтэй тамирчид оролцов. Үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер, Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн тамирчин, ахлах ахлагч Ц.Бямбажав,  марафон гүйгч, олон улсын хэмжээний мастер, Зэвсэгт хүчний ахлагч Б.Мөнхзаяа, Хөнгөн атлетикийн тамирчин, Ахлах ахлагч Д.Гантулга нар өнөөдрийн гүйлтийн тэмцээнд оролцож буй юм. Мөн Кени, Казахстан  Улсын нэр хүндтэй тамирчид манай улсыг зорин ирж, марафонд оролцож байна.

Марафонд оролцогчид 1.5 км, 5 км, 10 км, 21 км, 42 км-т гүйх юм. 21 км, 42 км-ийн хагас, бүтэн марафонд оролцогчдын амжилтыг олон улсын жишгээр автомат чипээр тодорхойлно.
зураг
 
ulaanbaatar.mn

“Улаанбаатар марафон-2022” олон улсын  гүйлтэд оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэж ирсэн. Хамгийн анх  2014 онд 16,839 иргэн оролцож байсан бол  2015 онд 18,085, 2016 онд 25,000, 2017, 2018 онд 30,000-д хүрчээ. Мөн 2019 оноос  нийслэлийн иргэдээс гадна хөдөө, орон нутаг, Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийд танигдсан нэртэй тамирчид зэрэг 32.000 гаруй хүнийг хамруулан амжилттай зохион байгуулсан. Харин 2020, 2021 онд дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас марафон гүйлт завсарлаад байсан юм.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ