Монголын хуулийн байгууллагад шалгаж байхад хил даваал зугтсан сайн эр бол Алтандорнод Монголын эзэн асан орос эр ПАУШОК, Америкийн иргэн Жон Челмерс, ОХУ-ын иргэн Новожилов гэхчлэн хүмүүс бий. Энэ удаа Новожилов болон Транс банкны асуудлыг хөндөж байна.
А.Е.Новожилов гэгч чухам хэн бэ?. Тээвэр хөгжлийн банк буюу Транс банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.Е.Новожиловыг цагдаагийн хан 2008, 2009 оны үеэс шалгаж эхэлсэн. Тэрээр тус банкны 51 хувийг эзэмшиж байсан Швейцарь улсын иргэн В.И.Арминтай хуйвалдан их хэмжээний мөнгө угаасан хэрэгт холбогдсон. Транс банкнаас хуурамч гэрээ ашиглан Транс банкнаасаа 230 мянга орчим доллар зувчуулжээ. Энэ мөнгөөр В.И.Армин гэгч нь Транс банкны худалдаж авах гэж байсан байрыг авсан байна. А.Е.Новожилов нь В.И.Арминыхаа нууц даалгаврыг тийнхүү биелүүлж, банкнаасаа мөнгө хулгайлж, банкиндаа хожим нь төлөх “гэрээтэй” ажиллажээ. Банкны мөнгөөр хүүдэгнэсэн тэд зөвхөн байрны түрээс гээд 130 мянган доллар төлсөн байдаг. Үүнээс болоод хувь эзэмшигчдийн дунд үл итгэлцэл үүссэн нь мэдээж. Цагдаагийнхан ч А.Е.Новожиловын хуурамч баримт ашигласныг төвөггүйхэн тогтоожээ. Харин Транс банкны 51 хувийг эзэмшигч В.И.Армин манай хууль хяналтынханд шалгагдаж байх хоорондоо өөрийн эзэмшлийн “Инфрастракчер” компанийн нэрээр Транс банкныхаа 51 хувийг “Оюуны ундраа” компанид худалдахаар болсон байдаг. Банкны хувьцааны 49 хувийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хийгдсэн дээрх хууль бус гэрээгээр В.И.Армин гэгч нь 51 хувийн эзэмшлээ 4 тэрбум 280 сая төгрөгөөр үнэлсэн байна. Худалдсан өдрөө эхний ээлжийн төлбөрт 1 тэрбум 712 сая төгрөг авна гэсэн боловч энэ мөнгөө авч чадаагүй юм билээ. Энэ бүхэн хууль хяналтын ажиллагааны явцад тодорхой болсон. Мөрдөн байцаалтаар А.Е.Новожиловын банкнаасаа хулгайгаар авсан 230 мянган долларын хэрэг илэрсэн тул өндөр нууцлалтай гэрээгээр Транс банкны 51 хувийг зарж хаяад Монголоос явах нь В.И.Арминд илүү “ашигтай” байсан бололтой. Хуулийн байгууллага харин түүний гэмт үйлдлийн мөрөөр шуурхай орж, юун түрүүнд хил давуулан алдахгүйг хичээн, хориг тавьж байжээ. Гэтэл прокурор цагдаагийн зарим ажилтнууд “В.И.Арминыг шалгах шаардлагагүй” гэсэн бичиг хийгээд өгчихсөн, ингээд В.И.Армин Швейцарьтаа очоод бүгжээ. Худалдан авах гэрээ хүчингүй болготол бэлэглэлийн гэрээ байгуулсан гэдэг. Гэхдээ гадаадаас Армин “Оюуны ундраа”-гийн С.Амарсайханд банкныхаа 51 хувийг бэлэглэсэн гэнэ. Энэ гэрээг Армин, С.Амарсайхан хоёр байгуулжээ. Хамгийн сүүлд В.Армин одоогийн Хотын дарга С.Амарсайханыг “Инфрастракчер” компанийнхаа гүйцэтгэх захирлаар томилох шийдвэрийг гаргасан байдаг. НИТХ-ын дарга С.Амарсайхан швейцарь өвгөнтэй яаж яваад банкны 51 хувийг бэлэг болгон автлаа дотноссон нь хачирхалтай.
Тэрчлэн В.И.Армины хамсаатан, Транс банкны гүйцэтгэх захирал асан А.Е.Новожиловыг Ганц худагт урьдчилан саатуулж байсан юм. Прокурорууд ч хяналтаа тавьж байлаа. Гэвч шүүх хурлын өмнөхөн буюу 2010 оны наймдугаар сарын сүүлчээр түүнийг Монгол дахь Эрхүүгийн худалдааны байгууллагын нэгэн эмэгтэйн батлан даалтанд гаргажээ. Харин “Ганц худаг”-аас гарсан А.Е.Новожилов нь нийслэлд “Зуун айл”, “Долоон буудал” хаана байдгийг ч мэдэхгүй атлаа нэг л өглөө Дорнод аймгийн Эрээнцавт давхиад очжээ. А.Е.Новожиловыг хилээр нэвтрүүлэхгүй саатуулах шийдвэрийг УМБГ-ын 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн албан тоотоор ХХЕГ-т илгээснийг Эрээнцавын боомт, Хилийн цэргийн 57 дугаар отрядын удирдлага маргааш нь л хүлээн авсан юм билээ. Гэвч тэд үүргээ биелүүлээгүй улмаас оргон зайлж чаджээ. Ийнхүү Швейцарь өвгөн, Орос эр завшаад өнгөрсөн харамсалтай хэрэг гарсан байна.
Энэ тухайд С.Амарсайхан тэр үед
-Армин хэн билээ. Тэр хүний тухай мэдээллүүдийг хүлээж авч байсан юм байна?
-Швейцарийн хөрөнгө оруулагч л даа. Энэ хүн Тээвэр хөгжлийн банкны 51 хувийг эзэмшдэг байсан юм билээ. Тэгээд өөрөө монголд үйл ажиллагаа явуулах боломж нөхцөл алгаа. Би хувьцаагаа зармаар байнаа гээд манайд санал тавьсан. Зөвхөн манайд ч биш урьд нь монголын хэд хэдэн компанид хандаж байсан юм байна лээ. Мэдээж тэгж гадагшаа өөр компаниудад санал болгохоосоо өмнө бизнесийн зарчмын дагуу хамтрагчдаа эхэлж санал болгосон юм билээ. Үүний дагуу банкны 49 хувийн хувьцаа эзэмшигчдэд хэд хэдэн удаа санал тавьсан байдаг. Тэгээд тохиролцоонд хүрээгүй, худалдаж авах саналаа өгөхгүй байсаар хуульд заасан хугацаа нь өнгөрч, худалдахаар шийдээд манайд хандсан. Бид бизнесийн зарчмаар судалж үзээд авах шийдвэр гаргасан. Ингээд эрх мэдэл бүхий хүнээс нь хууль журмын дагуу хувьцааг нь худалдаж авсан.
-Энэ тэгээд хэзээ болсон явдал юм бэ?
-2010 оны дөрөвдүгээр сард. гэж ярьж байжээ.