Шавьж гэж бичих нь зөв болно
Монгол Улсын Их Сургуулийн Биологийн танхимын багш нар тухайлбал: Монгол Улсын Гавъяат багш, Биологийн шинжлэх ухааны Доктор, Профессор, К.Улькпан мөн Биологийн шинжлэх Ухааны Доктор, Профессор Б.Баяртогтох нар "Монголын ууган шавьж судлаач эрдэмтэн А.Цэндсүрэн 90" нэртэй сайхан бүтээлийг 2020 онд туурвиж нийтийн хүртээл болгожээ. Энэхүү бүтээлдээ шавьж хэмээх үгийн талаар уншигч нартаа утга төгс тайлбар өгч, үгийн талаар санал дэвшүүлэн сонордуулжээ. Аливаа улс орны үндэстэн, ястны хэлж ярьж бичиж байдаг нэр үг буюу амьтны нэр нь үгийн талаарх ухаарал, сэтгэлийн эцсийн бодролоос гардаг бусуу гэмээр. Ахмад эрдэмтдийн зуунаас шинэ зуун хүртлээ дамжиж ярьж бичиж ирсэн үгийг өөрчилж шинэ үгээр хөөцөлдөж, үгийн автори болох хүсэл нь тийм ч оновчтой зүйл биш болохыг сануулж засах ёстой асуудлын нэг болно. Бүр сүүлдээ Шавж бичээд уншихдаа шавьж гэж уншаарай гэх нь бодвоос хэрхэн үнэмшилгүйг бодоод үзээрэй. Санал дэвшүүлсэн эрхэм эрдэмтдийн шүүлт хийж уншиж танилцсан ном бүтээлүүд болон миний уншсан олон ахмад, нэр цуутай эрдэмтдийн бүтээлүүд бүгд л шавьж гэж бичиж ирсэн нь нотлогдож байна. Иймд юуны өмнө хэлзүйч, шинжээч эрдэмтдийн бүтээлүүдэд шавьж гэж энэ үгийг хэрхэн тодотгосон эх сурвалжуудаас дурьдвал:
Аливаа үгийг олон талаас нь ухаарч, сэтгэн бодож байж л лавтай та бидэнд тольдуулж зуун дамжиж шавьж, эрвээхэй гэж бичиж иржээ. Монголчууд кирилл үсэг бичгийг хэрэглэж эхэлсэн 1946 оноос хойш шавьж хэмээх үет хөлтний зарим ангийг нэрлэж бичиж өнөө зуундаа дамжиж ирсэн. Үүнд:
А.Лувсандэндэв, Н.Наваан-Юндэн, Ш.Цэвэг \1957\ нар зохиолч А.Лувсандэндэвийн редакторлан хэвлүүлсэн “Монгол – Орос толь”-д шавьж, Монгол Улсын нэрт биологич хорхойн хүрээ, ангийг судлаач Г.Данзан \1961\ зохиолч Б.Ренчин, Ш.Лувсанвандан зэрэг нэрт эрдэмтэд засаж найруулсан, Монголын ууган эрдэмтэд А.Дашдорж, Д.Эрэгдэндагва, А.Болд хянан нягталсан улсын нэр томьёоны комиссын мэдээ №45,46 амьтан судлалын нэр томьёонд шавьж, олон хоногоор хуралдаж зөвлөж гаргаж байсан нь саяхан мэт боловч, олон жил өнгөрсөн байна даа. Мөн Я.Цэвэл \1966\ зохиолч Х.Лувсанбалдангийн редакторласан “Монгол хэлний товч тайлбар толь” –д шавьж , бас Ц.Дамдинсүрэн, А.Лувсандэндэв \1982\ нар зохиолж Ш.Лувсанвандангийн редакторласан “Орос – Монгол толь”-д бүгдэд шавьж гээд бичсэн байдаг бол бага сургуулийн монгол хэлний хичээлээс гадуурх ном, бүтээлийг туурвидаг Б.Бадамсүрэн \2010\ “Эх хэл – хэрэглэх, зөв бичиж сурах” мөн Монгол улсын стандартын газраас батлан гаргасан зөв бичих үгнүүд, эгшигт гийгүүлэгч орсон үгийн заримдаг гийгүүлэгч ороход “зөөлний тэмдэг, И үсгээр зөөлрүүлдэг гэж бичээд шавьж хэмээх үгээр жишээлсэн байдаг”.
Мөн ахмад сэтгүүлч, соён гэгээрүүлэгч Х.Цэвэлийн \2008\ “Зүүд биш амьдрал” хэмээх зохиолд шавьжийн төрөл зүйлийн олон янз байдаг, морфологийн өөрчлөгдөж хувирдаг онцлогийг харгалзаж олон ааштай хүнийг “шавьж зантай” гэж адилтган зүйрлэсэн үгээ ч шавьж гэж бичсэн байдаг. Хэдийгээр миний бие мэргэжлийн бус болбоос дээр дурьдсан хэл шинжлэлийн талаар урдаа барьдаг эрдэмтэд гэж бодож, санагалзаж байдгаас дээр дурьдаж бичсэн зүйлийг болгооно уу. Мөн нэр нь дурсагдаж байдаг зарим зохиолчдын бүтээлд шавж бичсэн зохиолуудад болон Монгол хэлэнд ганцхан үсгээр ялгаатай бичигддэг тэс өөр утга бүхий үгүүд олон байдаг бусуу. Ганц хоёроос дурдахад бидний сайн мэдэх зав, завж, завь, ишлэл, эшлэл, зэрэг нэр ба үйл үгүүд бүгд өөр өөр утгатай Монгол хэлэнд шавж хэмээх үйл үгийн хэлбэр шавьж хэмээх амьтны нэрнээс тэс өөр хэд хэдэн утга, ухаарлыг илэрхийлдэг. Иймд өмнөх судлаач нарын дэвшүүлж буй шавьж хэмээх үгийн талаарх нийтлэлийг санал нэгтэй дэмжиж тэдгээрийн бичсэн нийтлэлд дурьдагдсан зүйлээс давтан өгүүлбэл: Ардын уран зохиолч С.Дашдооров-ын “Өндөр ээж” зохиолд .... хоньд чулуу, хөрзөн давхарлаж барьсан хашаа, хорооны мухар руу шавж бөөгнөрөн хотлуу гээд өгүүлсэн байхад алдарт зохиолч Д.Маамын “Хоёр хар буурын туурь” хэмээх зохиолд.... тэгээд үлэмжийн уран бие цогцос, ихэмсэг баатарлаг дүр зургаа надад гайхуулах гэсэн мэт бараатай тэргэн тус газар ирж шавж зогслоо. Цасан их тал, үүлгүй хөх огторгуйн дэвсгэр дээр шавж зогсоо тэр буур тэнгэр газрыг нумлан амилсан дэвх мэт үзэгдэх бөлгөө гээд бичсэн бол түүхч эрдэмтэн А.Очир, бусад /2016/ - бичсэн “Монгол БНХАУ-ын хамтарсан археологийн судалгааны 2016 оны товч үр дүн” эрдэм шинжилгээний өгүүлэлд... Шороон овгор байгууламжийг үйлдэхдээ, модон шон суулгаж хашаад хөх шавраар шавж өнгөлснийг илтгэх хэд хэдэн баримт олдлоо гэж бичсэн байдаг даа. Манай ахмад үеийнхэн малын хашаа, саравчны зай завсар, тугалын пүнзийг шавар, үхрийн нойтон баасаар шавж битүүлдгийг мэднэ дээ. Бид бөхөө ч сайхан шавж дэвээтэй гэж ярилцаж байх нь цөөнгүй. Тэгвэл: манай ахмад үеийн дотооддоо төдийгүй гадаад улс оронд нэр нь мөнхөрсөн амьтан судлаач эрдэмтдийн туурвисан олон бүтээлүүдийн заримаас дурьдвал зөв болов уу. Тухайлбал: Монгол улсдаа шавьж судлалын шинжлэх ухааны суурийг тавьж хөгжүүлсэн шавьж судлалын шинжлэх ухааны доктор, профессоруудын бичсэн нэгэн сэдэвт зохиол, ном, нэр томъёоны бичиг, тодорхойлох түлхүүр бичиг, стандартад Амьтны хүрээний амьтдыг ангилал зүйн дагуу шавьжийн ангийг тод томруун бичиж сургасан нь гайхалтай. Бидний хайртай хүндтэй багш профессор Адъяагийн Цэндсүрэнгийн туурвисан “Үр тарианы хортон шавьжийн нэр томъёо /Улсын нэр томъёоны коммисын мэдээ №54/ УБ, 1964: Монгол орны элдэв идэштэй хортон шавьж тэдгээртэй тэмцэх аргын үндэс” УБ, 1968 , “Хортон шавьжаас ургамал хамгаалах аргын үндэс” , УБ, 1969, “Монгол орны усны амьтдыг тодорхойлох түлхүүр” УБ, 1970 , /Эрдэмтэн А.Дашдорж , А.Дулмаа/ нарын хамт , “Таримал ургамлын өвчин хортны тойм” УБ, 1968 , “Монгол орны шавьж” УБ, 1978, /К.Улькпаны хамт/ “ Амьтан судлал ” УБ, 1989, /Л.Чогсомжав, Г.Данзан/ нарын хамт, зэрэг олон зохиол ном туурвиснаас цөөнхийг бичиж дурьдлаа. Профессор А.Цэндсүрэн бусдын туурвисан олон номыг редактроласан байдаг даа Тухайлбал: Ч.Дүнчээгийн “Амьтан судлалаар унших бичиг” УБ, 1965, Б,Г.Шуровенков, Л.Чогсомжав “Хөдөө аж ахуйн энтомологи ба фитопатологи” УБ, 1967, мөн М.Жамсрангийн туурвисан “Амьтан судлал” УБ, 1968 Б.Намхайдорж, Ж.Пунцагдулам нарын “БНМАУ-ын Амьтны аймаг нэгдүгээр боть” шавьжийн анги УБ, 1968, “Шавьж тодорхойлох бичиг” УБ, 1969, Г.Данзан, УБ, 2011 “Гельминтологи шимэгч хорхойн судлал” шавьж судлаач профессорууд, эрдэмтдийн ном бүтээлүүд гэхэд К.Улькпан, У.Айбек нарын УБ, 2010, “Хөрсний амьтан судлал”, Б.Баяртогтох /БНСУ-ын эрдэмтэдтэй/ хамт УБ, 2016, “Монгол орны түгээмэл тархсан шавьж”, Ч.Гантигмаа УБ, 2019-2020 “Монгол орны цох” 1-2 -дугаар боть, “Монгол орны шулуун далавчит шавьж”, “Монгол орны эрвээхэй” 1-2 дугаар боть, Монгол зөвлөлтийн биологийн хамтарсан иж бүрэн экспедицийн 1971-1990 оны судалгааны үр дүнгээр туурвигдсан “Монгол орны шавьж” нэртэй 11 боть номын агуулга гарчигуудын нэр нь шавьж хэмээх үгээр бичигдсэн байдаг. Мөн Монгол улсын шинжлэх ухааны салбарын эрдэмтдын туурвисан номоос ч цөөнхийг дурьдвал: Ж.Ундармаа УБ, 2018, “Монгол орны бэлчээрийн эко систем”, Ш.Батсүх, Д.Цогоо УБ, 2018 “Уургийн хаан царгас”, Х.Отгонбилэгийн туурвисан бүтээлүүдэд бүгд л шавьж гэж бичигдсэн ба “Эрдэнийн сүү бэлтгэгч эрээгч үнээ” хэмээх бал зөгийн гайхамшигаас УБ, 2016, Д.Насанжаргал /бусад/ УБ, 2014, “Монгол орны жимс жимсгэний салбарын лавлах” зэрэг олон бүтээлүүд гарсанаас цөөнхийг төлөөлүүлж дурьдсаныг болгооно уу, олны хүртээл болгосон хэл шинжлэлийн болон биологийн мэргэжлийн олон арван сурах бичиг, номонд зөвхөн шавьж хэмээн бичсээр байсан нь дээр дурьдсан ном зохиолуудад тодорхой харагдахаар байгаа бусуу, гэтэл гэв гэнэт биологийн мэргэжлийн хүн оролцуулахгүйгээр 2016 онд ШУА-ын хэл зохиолийн хүрээлэнгээс эрхлэн хэвлүүлсэн “Монгол хэлний их тайлбар толь” бас Монгол улсын ерөнхийлөгчийн дэргэдэх хэл бодлогын үндэсний зөвлөл хэмээх албадаас 2018 онд эрхлэн гаргасан цахим хэлбэртэй олны хүртээл болгож толилуулсан “Монгол хэлний зөв бичих дүрмийн журмалсан толь”-д шавж гэж бичсэн байх юм. Зохиогчид шавж гэсэн үгэндээ тайлбар өгөхдөө “Үет хөлт, нугалмайт амьтан” гэж ташаарсан нь ёстой л харшил хөдөлмөөр болсон байх юм. Бидний шавьж гэж амьтны нэрийг сээртэн дээд зэргийн хөгжилтэй амьтан болгожээ. Шавьжийн сээр нуруу хаана нь байгаа бол асуумаар санагдана. Санал дэвшүүлсэн эрдэмтэд этимологи буюу үгийн гарал үүсэл судлалын талаар гүнзгийрүүлж судлан үндэслэлтэй тайлбарлаагүй, шавсан бөөгнөрсөн жижиг амьтан учир ийн нэрлэсэн нь ямар ч үнэмшилгүй тайлбар болж, чадсангүй талаар өгүүлжээ. Ер нь Энтомологи хэмээх грекээр амьтны аймгийн хэсэг амьтад болно. Амьтны аймгийн дотор Шавьжийн анги нэртэйгээр ангилал зүйн дагуу 32 баг бөгөөд 100 гаруй овогт хуваагдаж, олон төрөл зүйлийг хамарсан амьтан болно. Эдгээр ангийн амьтдын 99 хувь нь ганцаарчилсан амьдралтай, нэг хувь хүрэхгүй шахам нь нийгэм ч амьдралаар дотороо гишүүд нь хөдөлмөрийн тусгай үүрэгтэйгээр амьдардаг. Шавьж хэмээх амьтны төрөл зүйлүүд тус тусдаа амьдралын хэлбэртэйгээр амьдардаг. Идэш тэжээлийн хангамж муудаж, ус чийгийн хангамжтай тэжээлтэй гарсан үед тал талаасаа, нэг нэгээрээ цуглараад бөөгнөрч хооллсоны дараа тараад алга болдог доо. Зүйрлэж хэлвэл амттай хоолтой зоогийн газар хүн өдрийн зоогоо нэг дор хэд хэдүүлээ цугларч хооллоод дараа нь тараад тэр газар хүний бөөгнөрөл байхгүй болдог биздээ. Тэгвэл шавьж ч амьтны нэг хэсэг учраас дандаа шаваад бөөгнөрөөд байдаггүйг бодоод санаарай. Манай дэлхий дээр 1 сая 400 гаруй төрөл зүйлийн шавьжийн нэр шинжлэх ухаанд тэмдэглэгдсэн. Энэ тоо ч цааш цаашдаа нэмэгдэнэ гэж эрдэмтэд тооцоолсон байдаг бөгөөд жилээс жилд шавьжийн шинэ төрөл зүйл нэмэгдсээр байх болно. Шавьжийн олон төрөл зүйлийг шавсан бөөгнөрсөн нэршилтэй ойлголт гэж ташаарч яавч болохгүй. Сүүийн жилүүдэд зарим судлаачид шавьжийн морфологи, биеэн дэх эрхтэнүүдийн гүйцэтгэх үүргийг үндэслэлтэй судлаагүй мэргэжлийн эх зохиолийг уншиж танилцдаггүй талтайгаас дураараа нэр томъёо гаргах төөрөгдүүлэх мэр сэр гарсаар байгааг анхаарах хэрэгтэй болно. Олон он жилээр хэвшиж дадсан үгийг – нэрийг өөрчилөх нь ямар ч хэрэггүй. Бид шулуун далавчит багийн шавьжийг дотор нь урт сахалтны, богино сахалтны овогт хувааж ангилдаг. Энэ нь сахал хэмээх эрхтний урт богино хэмжээгээр нь нэрлэсэн байхад сахалыг бүүр хаа хамаагүй эрхтний нэрээр тэмтрүүл гэж сольж бичсэн байх юм . Тэгвэл шавьжийн духны хэсэг дэх сахал нь шавьжийн уруул дээр байхнээ. Уруулын тэмтрүүл нь духны хэсэг дээр гараад ирэх нүү. Сахалт цох хэмээх дадсан нэрийг эвэрт цох гэж бичсэн судлаачид байдаг. Бидний сайн мэдэх сахал, эвэр хэмээх үг тэс өөр утгатай нэршил гэдгийг мэдэгүйгээс болов уу? Сахалыг нь аваад хаяахад эвэр ургадаг уу? Мөн торгоны хүр эрвээхэй гэж эрвээхэйн нэг төрөл зүйл юм. Үүнийг худалдаачид торгоны хүр хорхойгоор хийсэн торго гэж ярих юм. Тэгвэл амьтны аймгийн дотор хорхойн хүрээ ангийн доторхи амьтад болохыг санаарай хорхойг дотор нь цагираг хорхой, туузан хорхой, хялгасан хорхой, дурагиг хорхой гэж хувааж ангилж судалдаг. Торгоны хорхой гэдэг алинаар нь хийсэн торго вэ гэмээр... Ер нь ном бүтээлийг редакторласан хүний үүрэг зорилго үгүй болсон гэмээр ч юм уу даа. Энэ нь зөвхөн үгээр биш бүр цаашдаа шинжлэх ухааны ойлголтыг ташааруулсан будилуулсан хэрэг болно. Үүнтэй адил шавьж хэмээх утга төгс нэр үгийг үйл үгээр шавж болгосон нэрээ даруй засаж өгнө үү гэдэгт Монгол хэлзүйн шинжээч эрдэмтэд нартаа итгэнэм. Эцэст нь санал бодлогоо илэрхийлэхдээ ахмад үеийнхээ дотроос шинжлэх ухааны янз янзын салбарт манлайлан тэргүүлж байсан эрдэмтэд, судлаачдын ном бүтээлээс гарцаагүй маргашгүй олуулаа хамтарч туурвисан баталгаажсан, хүн бүрийн унших ёстой их бүтээлээс ишлэл авсан болно. Иймд шавьж гэдэг нэр үг биологийн шинжлэх ухааны тулгуур салбарт Шавьж судлалын шинжлэх ухааны нэр болно. Амьтны аймгийн нэг хэсэг болох амьтдын нэр үг болох шавьжийг шавж гэж бөөгнөрсөн шавсан үгнээс тэс өөр үг болохыг анхааран нягталж шавьж гэж бичдэгээ хэвээр нь бичдэг болно гэж гүнээ итгэж байна.
Санал бодлоо илэрхийлж гаргасан:
Монгол улсын Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн
Доктор /Ph.D/, Профессор Ч.Чулуунжав
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ