Мэдээлэлд ойр, "Салхи Дамбий" шиг шуугиад байхгүй, тулхтай нэгэн эрхэм “УИХ-ын гишүүн 500 сая төгрөгөөр марк худалдан авсан тухай” жиргэсэн билээ. Энэ эрхмийн жиргээ олны анхаарлыг татсан. Учир нь худалдаж авсан гэх марк дэлхийд ердөө 4 ширхэг байдаг гэнэ. Нэр оноож дурдаагүй ч 76 гишүүний нэг гэсэн болохоор хагас тэрбум төгрөгөөр марк худалдаж авсан гишүүнийг иргэд хамтдаа хайж байна. Тиймээс 76 гишүүний нэрийг шүүсээр, гарын таван хуруунд багтах таван гишүүний нэр тунаж үлдэж байна. Учир нь 500 сая төгрөгөөр марк авсан УИХ-ын гишүүн нь хамтдаа хөтлөлцөн байнга хэвлэлийн хурал зохион байгуулдаг, асуудлыг дэвэргэдэг “гарын таван хуруу баг”-ийн нэг гэсэн болохоор Т.Аюурсайхан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Ж.Батзандан нарын нэг гэж олон нийт хардаж байгаа.
