Бурхны нэр барьж худал хэлэх, хуурамч хот байгуулахаас буцахгүй болжээ. Анх 2012 онд Монгол ёс заншлийг шингээсэн “Их майдар” бурханы бэлгэдэлтэй, шашин, түүхийн хосолсон, улсын нүүрс царай болох эко хот байгуулна гэж төрийн ордонд ярьж эхэлсэн. Үлгэр ингэж эхлэв. Хамгийн анх 2013 онд тухайн үеийн Барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга “Майдар” эко хотын төсөл бэлэн болжээ. Энэ нь “Ирээдүйн хот” буюу экологийн хотын үндсэн зарчмуудыг баримтлан тогтвортой, нүүрстөрөгчийн ялгарал багатай, байгаль орчинд ээлтэй бөгөөд нийгмийн сайн сайхны төлөө хот байх аж. Одоо техникийн зураг хийгдэх нарийн ажиллагаа хийгдэж буй юм байна" гэж цахим хуудсаараа зарласан. Майдар хотод 150 000 суурьшина, хотын төвлөрөл, агаартай эко хот байгуулна, шинэ суурьшлын бүс болно гэж мөн ч олон улстөрч ярьсан даа.
Дараа нь 2019-2020 оны УИХ-ын чуулганы хуралдаан хаалтаа хийхээр төлөвлөж, дараагийн сонгууль болох дөхсөн үед чоно борооноор гэгчээр болж, дахиад Майдар хотын асуудлыг чуулганаар хөндсөн.
Мөн л Төв аймгийн Сэргэлэн суманд Аеросити, Майдар хот байгуулах тогтоолын төсөл гэнэт орж ирсэн. Гэхдээ хот байгуулах дээр бус зөвхөн энэ хотын нэрийг хэрхэх вэ гэдэг дээр төрийн түшээд сэтгэлээ чилээж, маргалдаж суусан билээ. Майдар, Аеросити хэмээх хотын нэрийг өөрчилж Тулуй болгох "маш чухал" саналыг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан гаргасан байдаг. Энэ нэр Төв аймгаас сонгогдсон гишүүд Шинэ Зуунмод хот гэж нэрлэх талаар маргасан.
Угтаа бол Хотын нэр өгөх нь чухал асуудал биш.
Бас л нэг удаа 2022 оны 4 дүгээр сард Засгийн газрын хуралдаанаар, Хөшигийн хөндий дэх шинэ Зуунмод хотын хөгжлийн төлөвлөгөөг баталсан тухай БХБ-ын сайд Б.Мөнхбаатар танилцуулсан билээ.
Хөшигийн хөндийд хот байгуулах төлөвлөгөөг үе үеийн Засгийн газар судалж, баталж байсныг БХБ-ын сайд мэдээллийн эхэнд тодотгов. Тухайлбал, 2019 оны нэгдүгээр сарын 19-нд Засгийн газраас Шинэ онгоцны буудлыг дагаж Аэросити хот байгуулахаар шийдвэрлэж байсан. Мөн 2020 оны 4 сард УИХ-аас шинэ Зуунмод, Майдар гэсэн орон нутгийн зэрэглэлтэй хот байгуулахаар тогтоол баталж байв. Энэ хүрээнд Хөшигийн хөндийд Богдхан төмөр зам болон бусад дэд бүтцийн асуудлыг цогцоор нь тусгаж шинэ Зуунмод хотын ерөнхий төлөвлөлтийг баталсныг БХБ-ын сайд Б.Мөнхбаатар мэдээллийнхээ үеэр онцолсон.
Тэрбээр, "Дараагийн ээлжинд хэсэгчилсэн төлөвлөгөө боловсруулна. Энэхүү төлөвлөлт батлагдсантай холбогдуулан эхний үед барилгажих газар буюу онгоцны буудал, ложистик төвийн ойролцоо инженерийн дэд бүтцийн ажлыг зургийг боловсруулж байна. Өөрөөр хэлбэл, дөрөвдүгээр сард цахилгаан, дулааны хангамж, цэвэрлэх байгууламж, усан сан, холбоо мэдээлэл, үерийн далан зэрэг инженерийн ажлын бэлтгэлийг хийж эхэлнэ.
Дэд бүцийн ажлын зургаар урьдчилсан байдлаар, 500 орчим тэрбум төгрөгийн төсөв зарцуулахаар байна. Засгийн газраас энэ жил инженерийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтад 33 тэрбум төгрөг тусгасан.
Инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулах ажлыг тавдугаар сард эхлүүлэхээр төлөвлөж байна" гэсэн билээ.
Ингээд энэ хотын тухай ярьсангүй, Эко шинэ хот Ирээдүй цагийн Майдар Бурхан бууж ирнэ гэдэг шиг хүлээгдсээр....