alim.mn | 2024.12.22
БОАЖ-ЫН САЙД Н.ЦЭРЭНБАТ ГЭЖ ХЭН БЭ?

Увс аймагт 1970-аад оны сүүлчээр төрсөн, нас нь 40 шүргэж яваа залуу. Харамсалтай нь У.Хүрэлсүхинй танхимын хамгийн залуу сайд сайнаасаа илүү муугаар дурсагдсаар удлаа. Хан ИМПЕРИАЛ ХХК, ЖИ ЭС ПРОПЕРТИ ХХК, ГЕРМАН СТАНДАРТ КОНСТРАКШН ХХК, Герман Стандарт цонх хаалга ХХК, Булган буудайн түрүү ХХК, Тулгуур импекс ХХК, БМТБ ХХК, Жи Эс Катеринг ХХК, Эм Эйч Девелопмент ХХК, Голден бизнес девелопмент ХХК, Хеликс Монголиа ХХК, Юнайтед фүүдс корпораци ХХК, Трансинконсулт ХХК, Юу Эф Си Трейд ХХК, Хөх Тэнгэр Интернэшнл ХХК, Эрдэнэс Таван Толгой ХК, Газар Ундарга ХХК, Радуга фейшн ХХК, Азийн Дата Сентр ХХК, Мэйн структур ХХК, Бест структур ХХК, ВЖВМ ХХК, Хархираан хөгжил инвест ХХК, Уран оньс ХХК, Бик инк ХХК, Герман Стандарт ХХК гэх 30 шахам компанид хувь эзэшдэг, 2 тэрбумын 975 саяын орлоготойгоороо УИХ-ын гишүүд дотроос 6-д орж байсан орчин үеийн шинэ монгол залуусын гол төлөөлөл. У.Хүрэлсүхийн танхимд Увсын гурван хүн байгаа нь Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд. Анх удаа УИХ-д сонгогдсон, хэн ч танихгүй Цэрэнбатын нэр анх Батлан хамгаалахын сайдад яригдаж байгаад гэнэт БОАУ-ын сайд болсон. Н.Цэрэнбатын заавал сайд болгох зайлшгүй шаардлага байсан л юм байгүй. Сангийн сайд нутгийн ах Ч.Хүрэлбаатар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын багцад хайр наргүй мөнгө “цутгадаг” гэж хардагддаг. Харин хаана мөнгөни сураг байна, тэнд нэр холбогддог төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд хэр үр ашигтай зарж байна вэ.

 Байгаль орчин, аялад жуулчлалын сайд Н.Цэрэнбатын  багцын байсан мөнгөнд МУ-ын Ерөнхийлөгч хүртэл атаархаж, “ЕТГ-т 4 тэрбум баталж өгсөн хэрнээ Байгаль орчны яаманд өдий төдий тэрбум төгрөг өглөө” гэх нь холгүй барьцаж суусан. Ингэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Төрийн нарийн бичгийн дарга нь яаманд яаж захиран зарцуулж ирсэн бэ?  Энэ яамны сайд, цэрэггүй үе үе томоохон асуудалд нэр холбогддог дарга, сайд, ажилтантай газар байна. Сайд нь өөрийнхөө эзэмшдэг компани руу мөнгө шилжүүлсэн гэж АТГ шалгасан, “дотор” нь ажилладаг, хоточ нохой болох үүрэгтэй хүн өөрийнхөө ТББ-д мөнгө шилжүүлсэн гэж яригдсан БОАЖЯ-ны орлого, зарлагын мөнгө гүйлгээний баримт ил болж байна. 

 ГЕРМАНЫ “ЧИНГИС ХААН”   5 САЯ 850 МЯНГАН ТӨГРӨГӨӨР БИНЗЕН НИЙЖ ӨГЧЭЭ

БОАЖЯ, “Магнай трейд” компани хоёр нягт хамтран ажилладаг. Таван сарын хугацаанд 5 саяас дээш гүйлгээгээр 50 гаруй сая төгрөгийн бинзен авсан. Тэрчлэн Германы “Чингис хаан” хамтлагийнхд зориулж, таван сая төгрөг хол давсан мөнгөөр нэг удаа бинзен авчээ.  Хамгийн хачирхалтай нь хамаг амьтан амарсан найр наадмын үе 2018 оны 7 дугаар 19-нд БОАЖЯ, Магнай трейд ХХК-аас 5 сая 850 мянган төгрөгөөр ХБНГУ-ын “Чингис хаан” хамтлагийн ахлагчийн аялал жуулчлалын сурталчилгаа хийх киноны багийн зардал гэж шатахуун авчээ. Угаасаа Чингис хааныг муулж дуулсан гэж ирэхэд нь тоогоогүй иргэд энэ мэдээг сонсоод улам л эмзэглэж байна.

 Мөн түүнчлэн  БОАЖ-ын сайдын нислэгтэй холбоотой сонирхолтой гүйлгээ энд бас анхаарал татаж байна. Тодруулбал  өнгөрсөн зургадугаар сарын 04-нд сайдтан дагуул С.Баясгалан, Ц,Гэрэлсайханы хамт испани онгоцны тийз гэж 10 сая 380 мянган төгрөг Айр маркетэд шилжүүлжээ. Мөн л тэр өдөр БОАЖ-ын сайдын зөвлөх Т.Дүүрэн, С.Баясгалангийн хамт БНФижи улс онгоцны тийз гэж 9 сая 900 мянган төгрөг мөн л Айр маркет ХХК-д шилжүүлжээ.  БОАЖ-ын сайд Цэрэнбат, С.Баясгалан,   Ц.Гэрэлсайханы хамт Испанид зургаа хонох томилолтын зардал 10 сая 266 мянга 600 төгрөгийг Төрийн банкинд шилжүүлжээ. Сайдын хоёр дагуулын хамт ниссэн нислэгийн тийз 10 сая, зардал нь 10 сая гаруй төгрөг болохоор гурван хүн зургаан хоногт 20 гаруй сая төгрөгийн зардлаар зугаалаад иржээ. Сайдтан Испани явах зардлынхаа гүйлгээний утга, ангиллаа “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, УЛС ОРНОО ГАДААДАД СУРТАЛЧЛАХ” гэж тайлагнажээ.  

 Увс аймагт тэмээний баяр тэмдэглэхээр зарсан 10 сая төгрөг юу болов?

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Увсын гаралтай залуу. Увс аймгийн Тэмээний баярт зориулж, фото зургийн уралдаан зохион байгуулах, урилга хэвлүүлэх, сайхан тэмээтэй ганган хос шалгаруулах гэхчлэн 200-300 мянган шагналтай элдэв тэмцээн зохиожээ. Тэр байтугай сайхан буур, ингэ шалгаруулах тэмцээн зохиож 500 мянган төгрөгөөр байлжээ. Дөрвөн хөлтэй адгуус болох буур, ингэ сайхан төрснөө яаж ч мэдэх билээ, ийм утгагүй арга хэмжээнд мөнгө хаяж, зохион байгуулах хэрэг байна уу. Ингэхдээ бас хүнээ анхаарчээ. Ард иргэдийн нэр огт байхгүй мөртлөө VIP зочдын зардалд  нэг сая төгрөг төсөвлөжээ, нэмээд тэдний жорлонг нь  зөөх зардалд 600 мянга зарцуулжээ. Вип зочдын тоонд эрхэм төрийн нарийн бичгийн дарга орж ч магадгүй. Гэхдээ гадаад руу 13 сая төгрөгийн томилолт зарж нисдэг, Ц.Цэнгэл Увсын хязгаар луу тоож явах нь юу л бол.  Ийм хөгийн ажил хийж, төсвийн мөнгийг үрэн таран хийдгээ болимоор. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Увсынх болохоор нутгийн тэмээнийхээ мисс, мистерийг шалгаруулж, Увсын тэмээнүүдээ баярлуулсан бололтой.

“Тэмээчин” Байгалмаад өгсөн 10 сая төгрөг яаж зарцуулсан бэ?

Тэмээнд зарсан мөнгө үүгээр дуусахгүй. БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл тушаал гаргаж, тэмээтэй аялалд зориулж 10 сая төгрөг өгчээ. Сайд нь Н.Цэрэнбат нь Увс аймгийнх, тэмээчин бүсгүй мөн Увсынх. БОАЖЯ, алдарт тэмээчин хүүхэн Байгалмаагийн нөхөр “Тэмээн жинчид сан”-гийн гүйцэтгэх захирал И.Нямдоржтой гэрээ байгуулж, “Тэмээн жинчид” санд шилжүүлжээ. Ингэхдээ 9 тэмээ 4 удаа нийтдээ сая 500 мянган төгрөгийн тариа  вакцин хийлгэж,  4 сая гаруй төгрөгийн өвс идэж, 1 сая 350 мянган төгрөгийн хивэг зооглож, 2 сая 700 мянган төгрөгийн хужир долоох юм гэнэ. Тэрчлэн 9 тэмээний тавхайнд зориулж, 500 мянган төгрөгөөр шир авах мөнгө баталж, тэмээнд бараг гутал авч өгчээ.  Үүнийг харсан ядруухан иргэд   ингэж цалингийн доод хэмжээ 244 мянган төгрөгөөр сар амь зуух гэж ядаж, хөгшид 280 мянган төгрөгийн тэтгэврээр сар амьдрах гэж зүдэрч явахаар “Цэнхэр үст” гэж нэршсэн Цэрэнгийн бэр Байгальмаагийн тэмээ болох нь яав даа гэж амаа барьж байна.  

БОАЖЯ-ныхан төсвөө Богдын боорцог шиг 10, 10 саяар тарааж цацаж байна

 БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат урьд нь “Увс хүнс” группийг удирдаж явсан, бизнесмэн болохоор мөнгөний үнэ цэнийг сайн мэдэх ёстой. Компанийнхаа дансыг хатуу гараар барьдаг гэгддэг чамбай залуу Н.Цэрэнбат салбарын сайд болонгуутаа төсвийн мөнгийг хайр найргүй зарж байна. Арван сая төгрөгийг задгай мөнгө шиг цацдаг БОАЖЯ-ныхан Алунгоо эхийн сургаалийн баярыг Хөвсгөл аймгийн Чандмань-Эрдэнэ суманд хийж, ээлжит  10 сая төгрөгөөрөө “нааджээ”. БОАЖЯ-ны удирдлагын Богдын боорцог шиг зүгээр сул цацдаг 10 сая төгрөг, ёстой л яаж үрэн таран болдгийг харж байна.  Ингэхдээ Алунгоо хатны хөсөг цуваа гэж сая гаруй төгрөг зарж, Алунгоо эхийн медаль хийхэд 2 сая 500 мянган төгрөг зарж, Алунгоо эхийн Хишиг худалдаа гээчид 1 сая 600 мянган төгрөг зарж, 10 сая төгрөгийг зүгээр агаарт хийсгэчихэж. Орох оронгүй айл олон байхад 100 жилийн тэртээ тэнгэрт хальсан Дондогдулам хатанд байшин барьж, Мянган жилийн тэртээ бурхан болсон Алунгоо хатны алдрыг тэмдэглэх нэрээр 10 сая төгрөг үрж, ясыг нь өндөлзүүлж байхаар, өнөө цагт овоорсон их асуудлаа үр ашигтай шийдэх ажил хийгээч, Н.Цэрэнбат сайд аа.

Араас нь Архангай аймагт “99 баатар арга хэмжээ” зохион байгуулж, ахиад л Архангай аймагт Адууны баяр хийж, зуны сарыг зургаа юм шиг найрлаж, энэ мэтчилэн 48 сая төгрөгийг зүгээр гарын салаагаар урсгачихаж. Ингэж цацдаг мөнгөө бөөгнүүлж, нэг үлдэцтэй том ажил хийгээч гэж БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаас хичээнгүйлэн гуйж байна.

 БОАЖ-ын сайд Цэрэнбат нь “Их Монгол Улсын Эзэнт гүрэн” цогцолборын барилга Хэнтийн Биндэр суманд барихад 2 тэрбум, Хүлэгбаатар Боорчи-Андлалын өргөө” цогцолборын барилга Хэнтийн Батноров суманд барихад зориулж 2 тэрбум, Дэлгэрэх гол төсөлд зориулж нэг тэрбум, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд Соёл, спорт, амралт, аялал жуулчлалын цогцолбор барилга барихад бараг 4 тэрбум төгрөг зориулахаа зарлажээ. Сүүлийн үед жалга довны үзэл газар авч, нутгархах хандлага газар авч, дүүрэгжих өвчин гарч эхэлсний гай энэ. Тэрчлэн Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд цэцэрлэгт хүрээлэн барихад 400 сая төгрөг зарцуулна гэнэ дээ. Сумын төвд цэцэрлэгт хүрээлэн барих ажлыг нийслэлээс сайд нь мөнгө төсөвлөж шийддэггүй байх. Тэрчлэн 8 сарын 24-нд иргэн Ууганбаярт 14 сая 500 мянган төгрөг автомашины үнэ гэж өгч, гүйлгээний утгаа “агаарын бохирдлыг бууруулах, уур амьсгалын” гэсэн учир битүүлэг тайлбар зүүжээ.  Автомашин утаа униар нэмнэ үү гэхээс агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулна гэж байхгүй.

МАЖХ гэж азтай ТББ байна. Тус ТББ “Ай Ти Берлин 2018” зохион байгуулна гэж хоёрдугаар сарын 26-нд  56 сая төгрөг шилжүүлэн авсан бол дөрөвдүгээр сарын 11-нд экспо үзэсгэлэнгийн түрээсийн гэрээний урьдчилгаа 70 хувь болох 7 сая, мөн өдрөө Бээжинд зохион байгуулах ОУАЖ-ын үзэсгэлэнгийн 6 мкв талбайн түрээс тохижилтын гэрээний урьдчилгаа 80 хувь гэж 12 сая төгрөг авч, дахиад мөн өдрөө буюу 4 сарын 11-эндээ АйТи Эм Монгол 2018 үзэсгэлэн 2376 мкв  талбайн түрээсийн гэрээний урьдчилгаа 70 хувь гэж 7 сая төгрөг шилжүүлэн авчээ. Нэг л өдөр, нэг яамнаас 24 сая төгрөг гаргуулж авах хувьтай ТББ ховорхон байх. Нийтдээ энэ ТББ-д 100 шахам сая төгрөгийн гэрээ хийж, хамтарч ажилласан байдаг.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ