Хөшигтийн хөндий дэх Олон улсын шинэ нисэх буудал нь жилд гурван сая хүртэл зорчигч хүлээн авах хүчин чадалтай, орчин үеийн шаардлагад бүрэн нийцсэн зорчигч үйлчилгээний барилга, цаг агаарын тааламжгүй байдал, салхины чиглэлээс үл хамааран 24 цагийн турш агаарын хөлөг хүлээн авах хоёр талын оролт, гаралттай зурвас, орчин үеийн техник хэрэгсэл, төхөөрөмжөөр тоноглогдсон нислэгийн хөдөлгөөнийг удирдах цамхаг болон бие даасан дулаан, ус хангамж, цэвэрлэх байгууламж зэрэг 30 гаруй барилга байгууламжуудаас бүрдсэн иж бүрэн цогцолбор гэдэг. Гэсэн ч Монголд маш чухал энэ төсөлд манай сайд дарга нар маш хариуцлагагүй, хайхрамжгүй хандаж ирсэн байна. Гэрээ байгуулсан түүхийг товчоолоход :
- Монгол Улсын Гадаад хэргийн сайд С.Оюун Япон Улсын Гадаад хэргийн сайд /хуучин нэрээр/ Масахико Коумура нар 2008 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Япон Улсын Токио хотод “ОУНОШБ барих төслийн хүрээнд иений хөнгөлөлттэй зээл олгох тухай” ноот бичиг байгуулжээ.
- Уг ноот бичгийг үндэслэн Сангийн сайд Ч.Улаан Японы Олон улсбн хамтын ажиллагааны байгууллагатайтай 2008 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 28.8 тэрбум иений Мон-Пи8 зээлийн гэрээг байгуулж, УИХ-аас 2008 оны 05 дугаар сарын 29-ний өдөр соёрхон баталжээ.
- Үүний дараа Монгол Улсын Засгийн газар Япон улсын Засгийн газрын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр солилцсон ноот бичгийг үндэслэн Зам тээврийн сайд /хуучин нэрээр/ Н.Төмөрхүү ЖАИКА-тай 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 36.8 тэрбум иений Мон-Пи12 зээлийн гэрээг байгуулсаныг 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдөр УИХ соёрхон баталжээ.
Гэрээнүүд анхнаасаа “мордохын хазгай” гэгчээр Монголд ашиггүй зүйл заалтаар дүүрэн байсан ч Сангийн яам /сайд Ч.Улаан/ зээлийн нөхцлүүдэд харьцуулсан тооцоолол хийгээд STEP нөхцлөөр ашигтай гэсэн дүгнэлт гаргасан нь гайхалтай. Гэтэл гэрээнд “зээлээр санхүүжих гэрээ хэлцлийн нийт үнийн дүнгийн 30-иас доошгүй хувийн бараа үйлчилгээг Японоос авах”, “Ерөнхий гэрээлэгч нь Япон байх” гэсэн заалт байсан. Энэ бүхэн нь манай сайд дарга гэрээнд гарын үсэг зурахдаа ядахдаа уншдаггүй юм гэхэд ерөнхий нөхцөлтэй нь танилцдаггүй байсныг харуулж байна. Түүнээс илүү аймшигтай нь англиар “А” ч үгүй атлаа гэрээгээ монгол хэл дээр орчуулалгүйгээр гарын үсэг зурж иржээ. Сангийн яам нь одоо болтол 28.8 тэрбум иений “Мон-Пи8” зээлийн гэрээний жинхэнэ эхийг ГХЯ-нд өгөөгүй байна. ГХЯ ч ажлаа дутуу хийж хоёр улсын Засгийн газрын солилцсон ноот бичгийг мөн л одоо ч монголоор орчуулаагүй сууж байгаа гэнэ. “Мон-Пи8” гэрээгээр Монголын ЗТЯ нь “төслийн нийт зохицуулалт, удирдлагыг хэрэгжүүлэх эрхийг гүйцэтгэгч агентлаг/ИНЕГ/-д шилжүүлэнэ” гэж заасан. ИНЕГ-ыг тэр үед мөн л таарсан нөхөд удирдаж байсан. Тухайн үеийн уг газрын дарга С.Буяндалай нь 2013 оны 5-р сард “Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/ болон Мицубиши-Чиёда түншлэл хооронд барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчийн гэрээ”-г Японы Мицубиши корпорацийн Байгаль орчин, дэд бүтэц, бизнес хөгжлийн хэсгийн газрын дарга Мориваки нартай байгуулж гарын үсэг зурсаныг хэвлэлээр мэдээлсэн. Тэгвэл даргатан гарын үсэг зурсанаасаа хойш бүхэл бүтэн таван сарын дараа л гэрээгээ монгол хэлээр орчуулуулах ажлыг эхлүүлсэн нь гарын үсэг зурахдаа гэрээгээ бүрэн ойлгосон эсэх нь эргэлзээтэй байна. Ер нь таамгаар гарын үсэг зурсан гэхэд үнэнээс хол зөрөхгүй. Энэ гэрээний “Техникийн нөхцөлүүд” (Technical Specification Terms of Reference (TOR) for Addditional Loan Compenents) 140 хуудас бичиг баримтыг монгол хэл дээр өнөөдрийг хүртэл орчуулаагүй байхад ЗТХЯ, ИНЕГ, МХЕГ нь нисэх буудлын барилга байгууламжийг хүлээгээд авч эхэлсэн. Үүнээс гадна “Зөвлөх үйлчилгээний гэрээ”, “Зөвлөхийг сонгон шалгаруулах журам” гээд орчуулаагүй гэрээ, баримт бичиг зөндөө. Орчуулалгүйгээр гарын үсэг зурсан “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-нд л гэхэд нэмэлт барилгын ажлууд дээр хугацаа хэтрүүлсэний алданги, төлбөрийг тооцохгүй байхаар зааснаас болж ерөнхий гүйцэтгэгч “Мицубиши-Чиёда түншлэл” хариуцлагаас хөнгөхөн чөлөөлөгдөж ирсэн нь одоо л болжээ. Тухайн үеийн ЗТЯ-ны ТНБД Б.Батзаяагийн “Мицүбиши” корпорацийн бизнесийн хэсгийн тээврийн хэлтсийн ерөнхий менежертэй байгуулсан англи хэл дээрх Санамж бичгийн 5 дугаар зүйлээр гадныхан Монгол улсын хуулиар шаарддаг бүхий л зөвшөөрөл, лиценз авах үүргээс мөн л чөлөөлөгдсөн байна.