alim.mn | 2024.12.22
Д.Сумьяабазараас нефтийн үйлдвэрийн тухай мэдээлэл салгах “үүргээ” С.Эрдэнэ биелүүлж чадсангүй

Ийнхүү бүтэн хоёр жил гаруй хөөцөлдөж бичиг цаас шидэлцсэн ч АН-ын дарга Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдаж байгаа нефть боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийн баримт бичгийг олж авах үүргээ биелүүлж чадалгүй сонгууль тулжээ. ЗГХЭГ болон УУХҮЯ-ыг  эзэгнэсэн МАН-ынхан ч энэ мэдээллийг өгөлгүй хав дарсанаар өрсөлдөгчөө мэдээллээр “өвч зэвсэглэх” нэгэн боломжийг нь хаасан байна. Одоогийн Засгийн газар үүрэгт ажилдаа орсоноос хойш гүйцэргэх засаглалын тэргүүнийх нь байнга ярьдаг хийж байгаа, хийгдэж байгаа хоёр ажлын нэг нь нефть боловсруулах үйлдвэр байсаар ирсэн. 2017 онд хоёр улсын Засгийн газар нэг тэрбум долларын өртөгтэй энэ үйлдвэрийн зээлийн гэрээг байгуулсан.  Үүнээс нэгхэн жилийн дараа буюу 2018 оны сүүлээс АН-ын дарга С.Эрдэнэ УИХын гишүүний хувьд хэмээн УИХ-ын хуулийн заалтыг дурдаж байгаад уг үйлдвэрийн ТЭЗҮ-ийн хуулбарыг нэхэж эхэлсэн байна. Эхлээд ЗГХЭГ-д албан бичиг явуулжээ. Хэрэг эрхлэхийнхэн хүсэлтийг нь дөрвөн сар хав дарж байгаад нэхээд болохгүй байхаар нь харьяалалын дагуу УУХҮЯ-нд шилжүүлсэн гэсэн хариу өгчээ. Ингээд С.Эрдэнэ нь Д.Сумьяабазартай халз тулж баримтыг нэхжээ. Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд улсын нууц хэмээн өгөхгүй тас гэдийсэн. Намаас ч өгч болохгүй гэсэн нууц чиглэл очсон гэнэ. Нефть боловсруулах  үйлдвэрийн төслийн баримт  бичиг нь  ҮАБЗ-ийн тогтоолоор ЗГХЭГ-ын нууцад мөн УУХҮЯ-ны нууцын жагсаалтад давхар орсон тул яах ч аргагүй гэжээ.  Түүнээс гадна яамныхан ямар зорилгоор уг мэдээллийг ашиглах гэж байгаагаа тайлбарлахыг АН-ын даргаас шаардахад тоймтой юм хэлж чадаагүй байна. Ингээд сонгуулийн улстөр хийх гэж л нэхэж байна гэж нэлээд зөв хардан өгөлгүй явсаар сонгууль хүргэж чаджээ. Хэрэв энэ мэдээлэл С.Эрдэнийн гар орсон бол АН эрх баригчдыг бас нэг хоосон амлалтаар нь “балбах” боломжтой болох байсан.  Дуртай хүнээ загнадаг АН-ын дарга “УИХ-ын гишүүний мэдээлэл авах эрхэд халдлаа” хэмээн шүүхэд хүртэл өргөдөл гаргаад дийлээгүй байна.

 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
4 жилийн өмнө
103.26.193.244
үхсэндээ нуудаг бна аа ард түмэн мэдмээр бна
Төстэй мэдээ