alim.mn | 2024.10.19
“Аваргын балгас”-ын малтлага судалгаа
“Аваргын балгас”-ын Loc.2 талбай (Building 2) малтлага судалгаа
2001 оноос эхлэн “Аваргын балгас”-нд археологийн малтлага судалгааг, Монгол-Японы хамтарсан “Шинэ зуун” төсөл хийж эхэлсэн юм. Энэхүү балгас нь түүх сударт тэмдэглэгдсэн Чингис хааны “Их орд” буюу “Аураг Орд” хэмээх эрдэмтэдийн таамаглалыг нарийвчлан баталгаажуулж, хотын туурийг бүхэлд нь хамарсан малтлага судалгааг хийснээр хотын бүтэц зохион байгуулалт, үүрэг зориулалт, учир холбогдлын талаар бүрэн төгс мэдээлэл авахын тулд судалгаа шинжилгээг жил бүр тасралтгүй хийсээр байна. .
Энэ хэсэгт 1968 онд нэрт археологич Х.Пэрлээ “Гурван гол”-ын хээрийн шинжилгээний ангийн хүрээнд малтлага судалгааг хийсэн байдаг.
Тэрээр малтлага судалгааг талбайн төв хэсэг болон хойд хэсэгт хийсэн бөгөөд тайланд дурдсанаар “өмнө нь хорин найман баганат” ордон хэмээн үзэж байсан барилгын орыг нэмэн малтаж дөрвөн дам нуруутай дөчөөд баганатай дан модон барилга гаргалаа. Малтлагаар ёроолдоо тамга-зурагтай шавар аяганцар, XII зууны үеийн зоос” зэрэг гарсан хэмээн өгүүлжээ.
Дээрх Building-2 талбай нь Аваргын балгасны хоёрдугаарт орох томоохон шороон овоолго бөгөөд зүүнээс баруун тийш 35 м, урдаас хойш 30 м, 1.5 м өндөр барилгын туурь баруун урд хэсэг оршино. Малтлагаар гарсан модны нүүрсний шинжилгээний үр дүнгээр 1189calAD(68%2) хэмээн он цаг гарсан нь уг барилга “Аваргын балгас”-ын талбайд буй бусад барилгын тууриудын нэг цагт буюу XIII зууны үед хамаарах нь тодорхой болсон юм.
Туурийн суурь тавцанг хийхдээ шороо овоолж дагтаршуулж тэгшлээд гадна талын ирмэг хэсгийг налуулж түүний дээр 5см орчим зузаантай цагаан шавар түрхдэг байсан байна. Энэ нь “Аваргын балгас”-ын нэгдүгээр барилгын туурь болон бусад олон тооны барилгын тууриудтай адил шороо дагтаршуулан өндөрлөж тавцан хийдэг нэг хэв шинж ажиглагдаж байна. Нүүрэн талдаа нэг эгнээнд зүүнээс баруун тийш 8, урдаас хойш 6 ширхэг баганы суурь чулуутай байсныг тодорхойлсон байна.
Холбогдох бүтээл:
Монголын археологи-2018: “Аваргын балгас”-ын малтлага судалгааны үр дүнгээс. Б.Цогтбаатар, Н.Ширайши, Л.Ишцэрэн, Э.Амарболд, Л.Бүрэнтөгс 2018он. 284 тал

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ