alim.mn | 2024.10.19
Б.Дэлгэрмаа: Миний амьдрал яг роман шиг...

Монголын сайхан хүүхнүүдийн нэг эрхэмсэг энэ хатагтайг манай уншигчид “Ирэх хаврын цэцэг” киноны гол дүрд тоглосноор нь мэднэ. Тухайн үед өнөөгийнх шиг янз бүрийн миссийн тэмцээн гэж байгаагүй ч, ард түмэн сайхан бүсгүйчүүдээ хүндэтгэн биширч, тэднийг Монгол улсын нүүр царай хэмээн бахаддаг байсан. Ийнхүү Дэлгэрмааг 80-аад оны сайхан хүүхнүүдийн төлөөлөгч гэж хэлэхэд хэн ч маргахгүй нь лавтай. Түүний амьдрал шулуун дардан байгаагүй ч, өдгөө Голланд улсын иргэн болж өөрийн сонгосон амьдралдаа сэтгэл хангалуун явна.

 Ингээд түүнтэй уулзаж цөөн хором хөөрөлдсөнөө хүргэж байна.

  -Тухайн үед “Ирэх хаврын цэцэг” кино залуусыг байлдан дагуулж байсан гэхэд болно. Энэ кинонд тоглох саналыг анх хэрхэн хүлээж авсан бэ?

 -Тухайн үед би 25 настай байсан. Богд хааны музейд ээж маань ажилладаг байлаа. Би ээж дээрээ оччихсон байж байтал, нэг хүн ирээд “Чамайг кинонд тоглуулмаар байна. Чи пробонд ор” гэсэн. Ингээд би нилээд олон хүүхнүүдээс сонгогдож энэ кинонд тоглох болсон. “Ирэх хаврын цэцэг” кино 87 онд хийгдэж байсан. Тухайн үед залуучууд олноороо тоглодог кино байгаагүй болоод үзэгчдийн сэтгэлийг нилээд татсан байх. Радио телевизийн дарга байсан Билэгт, телевизийн нэвтрүүлэгч Амарсанаа, жүжигчин Эрдэнэбат гээд тэр үеийн үе тэнгийн сайхан залуус нэг баг болон тоглож байлаа.

  -Энэ кинонд хамтран тоглосон залуучуудтайгаа уулздаг уу?

 -Үгүй ээ. Их олон жил өнгөрч дээ.

  -Та “Ирэх хаврын цэцэг” кинонд тоглосноороо мэдээж бахархдаг байх. Өөр кинонд тоглосон уу?

 -Учиргүй өөрөөрөө бахархаад байх нь хаашаа юм. Зүгээр, би азтай хүн шүү гэх сэтгэгдэл төрдөг л дөө. Энэ кинонд их мундаг жүжигчидтэй хамт тоглосондоо бахархдаг. Миний аавд Дамдинсүрэн гауй тоглож байлаа. Доржсамбуу, Нямдаваа гээд их л алдартай, чадалтай сайхан жүжигчид надад их урам зориг өгч байсан. Тэд одоо бүгд бурхан болцгоочихож дээ. Энэ хүмүүсийн дэмд л би өөрийгөө кинонд тоглосон гэж хэлнэ. Үүнээс гадна яах вэ, хоёр гурван кинонд туслах дүрд оролцож байсан.

  -Зураг авалтын үед хөгжилтэй зүйл их тохиолдож байвуу?

 -Өө, байлгүй яахав. Тэр үед чинь машин тэрэг ч ховор Лада-г өндөр үнээр хөлсөлж байсан нь санаанаас гардаггүй юм. Мөн миний найз залуу осолд ороод эмнэлгийн жижиг өрөөнд битүү боолттой хэвтэж байхад нь, би явж ороод уйлах хэсгийн зургийг авах боллоо. Намайг “ор л” гэлээ. Гэтэл нөгөө өвчтэй хэвтэж байгаа Амарсанаагийн толгой дээр камер барьчихсан миний орж ирэхийн зургийг авч эхэлсэн. Тэгтэл нөгөөдөх чинь өөдөөс хараад малийтал инээцэн хэвтэж байна. Нөгөө уйлах ёстой хүн чинь байдаггүй. “Буцаад гар эхнээс нь” гэлээ. Ингээд дахин орохдоо уйлахын тулд их л өрөвдөлтэй юм бодохыг хичээсэн болдоггүй. Түүний оронд ээжийгээ ийм байдалтай болчихсон хэвтэж байна гэж төсөөлтөл мэлмэртэл уйлж билээ. Мэдээж мэргэжлийн жүжигчин биш болохоор надаас илүү их хүч, хувирал шаардсан. Найруулагч энийг цээжлэнэ шүү л гэдэг. Дүр хувиралт заадаг тэр байхгүй. Сэлэнгэсүрэнгийн арга барил байж болох л доо. Гэхдээ нэг л хайнга санагдаж байсан. “Ирэх хаврын цэцэг”-ийг ердөө тав зургаан сар л хийсэн.

  -Тэгэхээр та өөрийгөө муу тоглосон гэж хэлэх гээд байна уу?

 -Кино анх дэлгэцнээ гарч эхлэхэд киноны нээлт хийж, уулзалт зохион байгууллаа. Тайзан дээр гол дүр, найруулагч, оператор, жүжигчид эгнэж суугаад асуулт, хариулт явуулсан. Гэхдээ ямар нэг зохион байгуулалт, замбараатай болоогүй. Үзэгчид надаас “Та энэ киноны гол дүрд тоглосон. Ямар сэтгэгдэлтэй байна?” гэсэн. Би тухайн үедээ “Ямар нэгэн сэтгэгдэл төрүүлээгүй. Би гол дүр гэж хэлэхгүй. Одоо гар гэхэд нь гардаг, яв гэхэд нь явдаг байсан” гэсэн. Найруулагч ингэж хэлж болохгүй гэж билээ. Яахав дээ, би өөрийгөө чамлаж ичиж, өөрийгөө гол дүр бүтээсэн гэж дөвийлгөхөд дургүй байсандаа л тэгж хэлсэн байх.

  -Одоо танд киноны гол дүр санал болговол та тоглох уу?

 -“Хөлгүй цэнхэр нуур” киноны найруулагч Тэнгис нэг кинонд тоглооч гэсэн санал тавьж байсан. Хоёр киноны захиалга ирж байсан. Би бодож байгаад шийднэ гэсэн хариу өгөөд байсан ч, тоглох боломж гараагүй.

  -Та тухайн үед Миссийн тэмцээн, загварын ертөнцөд хөл тавиагүй юм уу?

 -Үгүй. Миссийн тэмцээн гэж байгаагүй. Харин яригдаж байсан үе. Хайдав гуай “Мисс”-ийн тэмцээн болно орно шүү гэж гуйдаг байсан.

  -Таныг гадаад хүнтэй ханилж, олон жил эх орондоо ирээгүй гэж сонссон?

 -Тийм шүү. Би 92 онд Голланд яваад, 2004 оны хавар ирж байсан. Тэгэхдээ нилээд хэдэн сар визний хугацаа дуустал Монголдоо байсан. 12 жил гадаадад амьдарч байгаад ирсэн хүнд сайхан байсан шүү. 12 жил гэдэг их хугацаа.Тэгээд Голланд руу буцаж, 2009онд аав минь бурхан болоод нутагтаа ирж аавыгаа хөдөөлүүлээд буцсан даа. Аав минь Бэхбат гэж их сайхан хөгшин байсан.

 -Та хоёр улсын иргэншилтэй юу?

 -Үгүй. Би Голландын иргэн. Ямар сайндаа 2004 онд Монголд байх хугацаанд визний хугацаа дуусаад, Гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх газраас сануулга ирж байсан. Үндсэндээ намайг хөөсөн.

  -Танд эвгүй байв уу?

 -Яахав дээ, хувь тавилантай эвлэрэхээс аргагүй. Мөнгөн торгууль оноодог юм билээ.

  -Та тэгээд торгуулиа төлсөн үү. Хэдэн долларын торгууль тавьж байх юм?

 -Тэр талаар яриад яах вэ.

  -Та хэдэн хүүхэдтэй вэ?

 -Би гурван хүүхэдтэй. Хоёр охин Голландад сурч байгаа. Том хүү Монголд.

  -Монголын сайхан хүүхнүүд гадаадын иргэнтэй гэрлэж, соёлт нийгэмд амьдрахыг чухалчилдаг болж. Тэд үнэхээр зөв сонголт хийж, аз жаргалтай амьдарч чаддаг болов уу. Энэ талаар та илэн далангүй санаа бодлоо хуваалцахгүй юу?

 -Голландад амьдардаг монголчууд гэлтгүй, ер нь харийн орон бол харийнх шүү дээ. Хэдийгээр ахуй нөхцөл тансаг, аз жаргалтай амьдруулсан ч гэсэн хоёр орчны сэтгэхүй хэзээ ч таардаггүй байхгүй юу. Тийм учраас жинхэнэ монгол эр хүний шинж, европ хүний сэтгэхүйгээс шал ондоо. Сэтгэлээсээ үгүйлэгддэг л байхгүй юу. Тэд чинь наад зах нь шашин өөр. Миний нөхөр бол Лалын шашинтан. Мөргөлийн өмнө хонх дуугарангуут би хувцсаа бэлддэг. Энэ бүхэн үнэхээр хэцүү санагддаг байсан үе бий. Би христ, миний охин бас христ. Цаана нь үзэл бодол зөрчилдөж байгаа юм. Гэр бүлд ийм хагарал гардаг. Би үүнийг өөрөө зүрх сэтгэлээрээ мэдэрч байсан. Ер нь хүн ихэвчлэн гадаад ертөнцийг харахаас илүү дотоод ертөнцийг хардаг. Тийм хүн илүү зовлонтой бас жаргалтай. Тэгэхээр л би шашин руу орчихоод байгаа юм.

  -Тиймээс та энэ амьдралдаа харамсдаг гэж ойлгож болох уу?

 -Би өөрийгөө үргэлж голж ирсэн. Би өөрийн туулсан амьдралыг Монголын арван эмэгтэйд тохиолдсон гэж хэлэхгүй. Гурвын гурван хүүхдийн ирээдүйн хувь заяа миний амьдралыг өөрчилсөн. Гэхдээ надад харамсах юм байхгүй. Би хэнд ч хар буруу санахгүй. Хүн хохирсноороо хэзээ ч бурууддаггүй, харин хохироосноороо бурууддаг. Ер нь миний амьдрал яг л роман шиг...

  -Хүн хүсвэл юуг ч эдэлж, яаж ч тансаглаж болно гээд хэлчихэд тэнэглэл болохгүй байх. Мэдлэг боловсролтой сайхан охид, бүсгүйчүүд энэ боломжийг ямар нэг аргаар өөртөө бий болгож чадна гэсэн бардамнал тээдэг нь нууц биш. Гэхдээ олон боломж дундаас харь ахуйд шунаад байгаа нь харалган хүсэл байж болох. Хамгийн гол нь эх орон, эрх дураар амьдрах өөрийн ахуйгаа гээж, элэг бүтэн амьдрал, эрх чөлөөгөө алдаад байгаа юм биш үү гэх эмзэглэл төрдөг?

 -Энэ асуултууд чинь миний хувьд сэтгэлд зэм тээсэн, бусдад бол... Би одоо хэн нэгэнд сургааль айлдаад, сэрэмжлүүлээд юмуу сэхээрүүлэх гээд байгаа юм шиг болох байх л даа. Эрх чөлөө гэдэг бол эрхэм. Эх орондоо л хүн жинхэнэ эрх чөлөөг, сэтгэлийн бардамналыг эдэлдэг юм шиг. Хүний нутагт оччихоод л энэ болохгүй байна, ийм байх ёстой, би ингэмээр байна гээд л байвал утгагүй биз дээ. Чадах ч үгүй, боломж ч үгүй. Эх орон, ах дүүдээ бол хүн санаснаа хэлж, хэл ам зарга хийгээд л гүйж явдаг. Гэхдээ залуучууд гадаадад ажиллаж амьдарч үзэх хэрэгтэй. Амьдрал ахуй ямар байдгийг үзэх хэрэгтэй. Түүнээс биш тэнд очоод бүг гэсэн үг биш. Миний хувьд хүн өөртөө үнэнч, сэтгэл зүрхээ сонсож, болохгүй байгаа амьдралдаа эрсдэл гаргаж, сайн сайхан руу зоригтой дүүлж байхад буруудах юмгүй л гэж бодож байна. Түүнээс биш тэр буруу, энэ зөв гээд байх чухал биш болов уу. Насны багад, ээж ааваа байгаа дээр залуучууд юм юм үзэж л байх хэрэгтэй. Зөвхөн эргэн тойрноо биш улс орноо, тив дэлхийгээ харж, мэдэрч, аль хүрч чадах хэмжээндээ боломжийн хэрээр тэмүүлэлтэй байх хэрэгтэй боловуу. Харин яаран насны амьдралаа өнгө мөнгөөр шийдэх нь буруу. Яахав, амьдралд алдах үе зөндөө гардаг. Хүссэн хүсээгүй хэнд ч алдаа, цөхрөл ирж л байдаг.Бидэнд гол нь сэтгэлийн тайвшрал үнэн сэтгэлээсээ авч чаддаг өөрийн ахуй, халуун дулаан орчин чухал.Энэ дотор, зүрх сэтгэлд нэг л юм өгүүлэгдээд, зовсон ч жаргасан ч хоосон оргиод байх хэцүү шүү. Хүн өссөн орчиндоо, өөрийн ахуйдаа л дур зоргоор, билэг танхай байж чаддаг гэвэл гайхах зүйл биш. Өөриймсөг, элгэмсүү нэг л өөр бардамнал төрдөг юм. Тэгэхээр хүн өөрт заяасан бүхнээ л шүтэж амьдрах хэрэгтэй. Бидний төрж өссөн газар шороо, уул ус хүртэл нэг л элгэмсүү, нөмөртэй байдаг. Монголын салхи шороо нь хүртэл сайхан үнэртэй.

 -Мэдээж, гадаадад амьдарч байгаа монголчууд бүгд л тань шиг сэтгэл зүрхэндээ нутгаа тээж, тэр хэрээрээ бас гуниг тээдэг байх?

 -Бүх юмыг муу болгох биш л дээ. Аль сайхан амьдарч, хүүхдүүдийнхээ ирээдүй, хувь заяаг тэгшилсэн мундаг хүмүүсийг тэр гэхэв. Миний хүүхдүүд ч сайн сургуульд суралцаад ирээдүй нь гэрэл гэгээтэй, аз жаргалтай байна.Ахуй нөхцөл, орчин, тухайн нийгмийн нөлөө, соёл боловсрол гээд авууштай зүйл дэндүү олон. Миний хувьд зөвхөн дотоод ертөнц талаасаа л ярьж байгаа юм.

  -Манай шашин бол Буддын шашин. Гэвч гадны шашны урсгалууд, тэр дундаа Христийн сүмүүд олноор үүд хаалгаа нээх болсон. Та өнөөдөр Христийн сүмд очиж мөргөл үйлдэж байгаа юу?

 -Шинжлэх ухаанд хамгийн ойрхон, дэлхий нийтээрээ зөвшөөрчихсөн ганц шашин Буддизм. Гэхдээ миний бодлоор бурханы сургаалиуд яг адилхан. Би өөрийгөө сайн христ болчихсон гэж хэлэхгүй. Дотоод сэтгэлээ харж, Бурханаа харахыг хичээдэг. Ер нь өөрөө өөрийнхөө бардамналаар явдаг гэж болно. Би саяхан Урианхай гуайн зохиолыг уншсан. Ямар агуу хүн бэ. Тэр хүний дотоод сэтгэлийг ямар мундаг хардаг болохыг биширсэн шүү.

Д.Сэндэр


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ