alim.mn | 2025.08.27
Тэрбумтны сүүлчийн хайр буюу 63 насны зөрүүтэй гэрлэлтийн түүх
Тэрбумтны сүүлчийн хайр гэж интернэтээс хайвал энэ түүх гарч ирэх биз... 1991 оны 10 дугаар сард, 86 настай, нэг тэрбум ам.долларын хөрөнгөтэй газрын тосны магнат Ж.Ховард Маршалл их ажлын алжаалаа тайлахаар Хьюстоны нэгэн стриптиз клубт оржээ.
Тэнд, бүдэг гэрэлд тэрээр 23 настай цэл залуухан сайхан бүсгүй Анна Николь Смитийг олж харсан юм. Үзэхийн ихийг үзсэн өвгөн тэрбумтан анхны харцаар дурлаж, сүүлчийн хайр гэрлэлт нь энэ байлаа. Маргааш нь тэрбумтан  залуу бүсгүйд $1000 доллартай дугтуй өгч “Дахиж энэ ажлыг битгий хийгээрэй” гэж хэлсэн гэдэг.
Тэр мөчөөс залуу бүсгүй Аннагийн амьдрал алга урвуулах шиг өөрчлөгдсөн.
 Улаан өнгийн Mercedes машин, Мэрилин Монрогийн амьдарч байсан хуучин байшин, $1 сая гаруй үнэтэй сувд, алмаазыг тэрбумтан бэлэглэж, бүгд түүний өмч болж гарт нь очсон.
Гурван жилийн дараа 1994 онд Анна Playboy-ийн нүүр хуудсыг чимж, алдрын оргилд гарсан үеэр тэд албан ёсоор гэрлэсэн. Гэвч үлгэрийн мэт амьдрал удаан үргэлжилсэнгүй. Хуримын дараа, ердөө 14 сарын дотор тэрбумтан Маршалл нас барлаа. Эд хөрөнгийн урт удаан маргаан гарч, их мөнгө, цэл залуу гоо үзэсгэлэн хоёрын "тэнцвэргүй амраг"-ийн түүх, дэлхийн хамгийн алдартай, эмгэнэлтэй хайрын үлгэрүүдийн нэг болон үлдсэн юм.
Мөнгө суурьтай, олон насны зөрүүтэй хайр сэтгэлийн гунигт түүх 
Мэдээж сайхан бүсгүй Анна Николь Смит, тэрбумтан Ж.Ховард Маршалл нарын хайр сэтгэлийн түүх 1990-ээд оны үед олны анхаарлыг хамгийн их татсан дуулиантай, маргаантай харилцааны нэг байв. Энэ түүх нь хайр, мөнгө, насны зөрүү, хууль эрх зүйн маргаан гээд олон асуудлыг дагуулсан юм.
 Анна Николь Смит өөрөөсөө 63 насаар ах, газрын тосны магнат Ж.Ховард Маршалтай гэрлэсэн. Ховард Аннад анхны харцаар хүчтэй дурлаж, үнэтэй бэлэг, чамин эд зүйлс, бэлэн мөнгөөр дэмжлэг үзүүлсэн гэдэг. Хувийн харилцаа нь ч олон нийтэд ил тод болж, 1994 онд 89 настай Ховард, 26 настай Анна нар хуримаа хийв. 63 насны зөрүүтэй энэ харилцааг олон нийт шүүмжилэ, Аннаг "Алтны ангууч, Gold digger" гэлцсэн ч Анна "Энэ бол хайр" гэж нүд чавчихгүй мэдэгддэг байлаа.
Нэг жил 2 сарын дараа буюу 1995 онд Ховард 90 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлэв. Хачирхалтай нь тэр цэл залуухан эхнэртээ ямар ч хөрөнгө өвлүүлсэнгүй. Сохор зоосгүй үлдсэн Анна үүнийг эсэргүүцэж, нөхрийнхөө хөрөнгөөс өөрийн хувийг авах ёстой гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ингээд Ховардын хүү Пийрс Маршал болон Анна Николь Смит нарын хооронд олон жил үргэлжилсэн хөрөнгийн маргаан эхэлсэн юм. Анна талийгч нөхөр нь түүнд "хөрөнгө өвлүүлнэ гэж амласан" гэж шүүхэд мэдүүлсэн ч энэ нь нотлох баримтгүй мөн АНУ-н хуулийн дагуу гэрээслэлд нэр нь ороогүй бол ямар ч хөрөнгө өвлөх боломжгүй гэсэн заалтын дагуу хоосон хоцорсон юм. Эцэст нь Анна 2007 онд 39 насандаа мансууруулах бодисын тунгаа хэтрүүлж нас барсан. 1995-2024 он хүртэл Анна болон түүний хүүхдүүд хэдэн удаа шүүхэд нэхэмжлэл гаргаж, хөрөнгө өвлөх талаар гомдол мэдүүлсэн ч бүгд няцаагдсан түүхтэй. 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ