Өнгөрсөн жил Өмнөговь аймгийн Ханбогд суманд “Оюутолгой” ХХК-ийн хамтарсан тусламжаар “Говийн оюу” хөгжлийг дэмжих сангийн хөрөнгө оруулалтаар 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийн цогцолбор барилга барьсан. Үүнд 7,2 тэрбум төгрөг зарж сургууль цэцэрлэг барьсан байна. Гэтэл УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн эзэмшлийн "Хурд" группын барьсан сургууль нь 960 хүүхдийн багтаамжтай, нийт 32 анги, танхимтай. Харин цэцэрлэг 280 хүүхэд хүмүүжих боломжтой. Гэтэл энэ сургууль, цэцэрлэгийг төр худалдаж авах болсон. Анх 22 тэрбумаас ярьж, Боловсрол соёл шинжлэх ухааны яамны холбогдох хүмүүстэй наймаалцаж байж, үнэ нь буурч 19 тэрбум төгрөгөөр авахаар болж төсөвт суулгасан. "Хурд” группийн барьсан “Нарны хороолол” хотхон Баянгол дүүргийн III хороонд байрладаг 4000 айлын орон сууцны хороолол юм. Анх “Хурд” групп борлуулалтаа хийхдээ “Монголын анхны сургууль, цэцэрлэгтэй хороолол” гэж зар сурталчилгаа хийж захиалгаа авч байсан. Энийг сонссон иргэд “Ашгүй дээ хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь өгөхдөө замын түгжрэлд орохгүй гэртэйгээ ойрхон өгдөг болох нь” гээд улсын сургууль, цэцэрлэг бараадаад наймын хувийн зээл авч орсон. Гэтэл “Улсын сургууль, цэцэрлэг бишээ улс хүлээж аваагүй” гэж оршин суугчид нь шаардлага тавьснаар төрд худалдаж авахаар болсон билээ. Оюутолгой ХХК-ийн 640 хүүхдийн багтаамжтой сургууль, 240 хүүхэд хүмүүжих цэцэрлэг 7,2 тэрбум байхад, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий компани барьсан 960 хүүхдийн сургууль, 280 хүүхдийн цэцэрлэг 19 тэрбум төгрөг хүрдэг байна. УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэнгийн өөртөө давуу эрх олгож, төрд шахсан уу гэж иргэд хардаж байна.