Гарман дээр морио сольдоггүй гэдэг. Харин АН-ын дарга С.Эрдэнийн тушаал гаргаж, УИХ-ын гишүүн, Эдийн Засгийн Хөгжлийн Сайд асан Н.Батбаярыг АН-ын даргын зөвлөхөөр томилжээ. С.Эрдэнэ, "Фортуна" Батбаярын охин Б.Жаргаланг хэдхэн хоногийн өмнө Б.Дэлгэрмаагийн оронд АН-ын дэд даргаар томилсон билээ. Охин Б.Жаргалан нь Архангай аймагт нэр дэвшинэ гэж яригдаж байсан ч эцсийн мөчид аав нь нэр дэвших болсон. Сүүлийн үед "Фортуна" Батбаярын гэр бүлийнхэн Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй шадарлах болсон нь нутаг нэгтэй гэдгээс үүдэлтэй. Н.Батбаяр удаа дараа Архангай аймгаас УИХ-д нэр дэвшсэн бол С.Эрдэнэ Архангай аймгийн Хайрхан сумын харъяат.
АН-ын даргын зөвлөх Н.Батбаяр Архангай аймаг руу улс төрд шинээр хөл тавьж, анх удаа нэр дэвшиж байгаа хоёр залуу дагуулан нэр дэвшихээр болсон. Д.Золжаргал гэдэг залуу нь улс төрд эртнээс С.Эрдэнэ даргыгаа дагаж яваа залуусын нэг. Төрийн албанд орсон нь ч С.Эрдэнэ даргыг дагаж явдаг нэгэн. Харин нөгөө залуу нь "Хөх чоно" группын босс Ө.Пүрэвбаатарын хүү П.Мөнхтулга. П.Мөнхтулга 1986 онд төрсөн. Урьд нь улс төр сонирхдоггүй, загварын ордноор л эргэлддэг байсан хүн гэнэтхэн энэ оноос улс төр сонирхож эхэлсэн гэхэд хилсдэхгүй. П.Мөнхтулгын аав Ө.Пүрэвбаатар 2016 оны УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшээд унасан. 2012-2016 онд СХД-ийн АН-ын даргаар ажиллаж, Эрчим хүчний дэд сайдын албан тушаалыг хашиж байсан. Ө.Пүрэвбаатар Сангийн сайд асан С.Баярцогт хоёр худ ураг. Ө.Пүрэвбаатарын охин, С.Баярцогтын хүү хоёр гэрлэсэн. Ө.Пүрэвбаатар хүргэн, охин хоёртоо алтан тоногтой эмээл, хазаар бэлэглэж, хос морь унуулан хөлтэй хурим хийсэн билээ. Гадаадад их дээдэ сургууль төгссөн гэж жирийтэл бичсэн П.Мөнхтулга морь бөх ярьж, "Фортуна"-г даган гал тахиж яваа нь ерийн нэг поп улстөрчийн шинжтэй харагдуулж байна.